Хууль эрх зүйFocus

Ж.Гансүх, Д.Булганчимэг нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэв

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ж.Гансүх, Д.Булганчимэг нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, өмгөөлөгчид, иргэний хариуцагчдын гаргасан гомдлын дагуу 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.

Ж.Гансүх нь Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн дарга, Д.Булганчимэг нь тус хэлтсийн Захиргааны тасгийн даргаар ажиллаж байхдаа бүлэглэн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Шагнал урамшуулал олгох тухай” тушаал гарган нэр бүхий албан тушаалтнуудад нийт 107,000,000 төгрөгийг урамшуулал хэлбэрээр олгож, түүнээс 52,600,000 төгрөгийг байгууллагын шинэ жилийн болон аяны арга хэмжээнд зарцуулна гэх нэрээр буцаан авч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулан өөртөө, бусдад давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд Ж.Гансүхэд нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 15,000,000 төгрөгөөр торгох, Д.Булганчимэгт нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасаж, 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулжээ. Мөн шүүгдэгч нар болон урамшуулал авсан албан тушаалтнуудаас хууль бусаар олсон орлогыг буцаан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс Ж.Гансүх, Д.Булганчимэг нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хуулийн хэрэглээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ зүйлчлэлд нөлөөлөх эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй  гэж үзэж, энэ талаар хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын хууль зүйн дүгнэлтийг хангаж,  анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version