Хууль эрх зүй

Хилээр 2000 ширхэг сум нууж нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 06-наас 10-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.704, мөрдөн байцаалтын 2732 хэрэгт хяналт тавьж ажиллав.

Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 116, Өмчлөх эрхийн эсрэг 64, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах, Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх, Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх ашиглах, Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх, Худал мэдээлэл тараах тус тус 1, нийт 285 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:

– Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн Ү-ийн зургийг ашиглан олон нийтийн сүлжээнд “санхүү авна” гэх зарыг байршуулж, бусдын нэр төр, алдар хүндэд халдсан Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Нийслэлийн прокурорын газраас иргэн Э, М.Э нар нь “А” нэртэй архийг их хэмжээгээр үйлдвэрлэж, онцгой албан татварын хуурамч тэмдэгтийг архин дээр нааж хадгалсан, 8 нэрийн хүнсний дэлгүүрүүдэд худалдан борлуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;

– Сэлэнгэ аймгийн прокурорын газраас иргэн Э нь ОХУ-аас Алтанбулаг сум дахь авто замын боомтоор орж ирэхдээ 2000 ширхэг сумыг нууж, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version