Гадаад харилцааFocus

Истанбулд амьдардаг монгол иргэдийн төлөөлөлтэй уулзав

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд /2023.03.11/ Истанбул хотноо оршин суугаа иргэдийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.

Уулзалтын эхэнд Монгол Улсын төр, засгийн зүгээс авч хэрэгжүүлж арга хэмжээ, Монгол Туркийн хоёр талын харилцаанд гарч буй ахиц болон айлчлалын ач холбогдлын талаар мэдээлэл өгч, иргэдийн зүгээс тавьсан санал хүсэлт, сонирхсон асуултад хариулт өгөв.

Турк Улсад манай иргэд эрүүл мэнд, боловсрол, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээ зэрэг олон салбарт ажил эрхэлж байгаа бөгөөд уулзалтын үеэр тэднээс тавьсан саналыг салбар бүрээр нь дэлгэрэнгүй ярилцлаа.

Тухайлбал, дунд, бага насны хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хамруулах, монгол хэлний хичээл сургалт явуулах, үүний тулд багш, сургагчийн боломж дутагдалтай байгааг дурдаж, дэмжлэг үзүүлэх хүсэлтийг иргэдийн зүгээс тавьж байв. Мөн Монгол, Туркийн эрүүл мэндийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, сайн туршлагыг нэвтрүүлэх саналаа эмчийн мэргэжлээр ажиллаж буй иргэд илэрхийлэв.

Турк Улсыг жил бүр дунджаар 2 сая гаруй жуулчин зорьдог бөгөөд тэднийг монгол руу дамнуулан жуулчлуулах чиглэлээр Истанбулд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын монгол компани МИАТ болон Турк руу нислэг үйлдэх эрх авсан агаарын тээврийн компанитай хамтран ажиллах хүсэлтэй байдгаа ярьж, түүнд дэмжлэг үзүүлэхийг хүсэв.

Иргэдээс тавьсан санал хүсэлтийг дотоодын холбогдох яам байгууллагад тавьж, шийдвэрлүүлэх чиглэлээр ажиллахаа Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг илэрхийлэв.

Мөн монголын бараа бүтээгдэхүүнийг туркийн зах зээлд нийлүүлэхийг зорьж буй монгол компаниудын үйл ажиллагааг хөхүлэн дэмжиж, эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр суурь алхамууд хийгдэж байгааг дурдан айлчлалын үеэр туркийн талтай байгуулах зарим баримт бичгүүд дөхөм үзүүлнэ гэдгийг онцлов.

Сүүлийн жилүүдэд Монгол, Туркийн иргэд хоорондын харилцаа, худалдаа хамтын ажиллагаа эрс нэмэгдэж байгаа бөгөөд 2022 онд хоёр талын гадаад худалдааны эргэлт 110 сая ам.долларт хүрээд байгаа юм. Турк Улсад манай 6 мянга гаруй иргэн амьдардаг бөгөөд тэдний 3 мянга орчим иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин суудаг аж.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version