Уул уурхайЯрилцлагаӨмнөговьОнцлох

Ц.Даваацэрэн: Уул уурхай гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгждөг салбар

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан турсөн нутгийнхаа уугуул эрдэмтэн судлаачидтай уулзаж, тэдний санаа бодлыг ирэх он жилүүдийн хөгжлийн хөтөлбөртөө тусгаж, шинжлэх ухаанчаар хөгжихөө мэдэгдсэн билээ. Тус уулзалтад оролцсон эрхмүүдийн нэг болох Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул Тавантолгой түлш ХХК-ний Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэнтэй цөөн хором ярилцсан юм. Тэрбээр Монгол улсын уул уурхайн салбарт 37 дахь жилдээ ажиллаж байгаа ба Монголросцветмет, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Хэнтий аймгийн Бэрхийн уурхай, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, Эрдэнэт үйлдвэр, УУЯ гээд уул уурхайн салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эрхэм юм.  

-Өмнөговь аймагт уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбоотойгоор эрдэмтдийн санаа бодлыг сонсох зорилготой энэ удаагийн уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтын талаарх сэтгэгдэл?

-Өмнөговь аймгийнхаа эрдэмтэн мэргэдтэйгээ уулзаж байгаад маш их баяртай байна. Нутаг орныхоо амьдрал, бодитой хийж байгаа олон ажлуудтай танилцаад сэтгэл хангалуун сайхан байна. Миний хувьд насаараа уул уурхайн салбарт ажилласан. Өмнөговь аймаг маань Монголын уул уурхайн салбарын гол түшиц газар болж, улс орныхоо эдийн засгийг нуруундаа үүрч яваа аймгийн нэг. Нөгөө талаар Монгол Улсын эдийн засаг бол үндсэндээ уул уурхай дээр суурилж байгаа шүү дээ.

Цаашдаа ч бас энэ байдал нэлээн олон жил үргэлжилнэ. Яагаад гэвэл зөвхөн Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр биш дэлхийн эдийн засаг өнөөдөр бүхэлдээ уул уурхай дээрээ л түшиглэж байна. Уул уурхай гэдэг шинжлэх ухааны үндэслэлтэй, нарийн судалгаатай хөгждөг салбар. Тиймээс уул уурхайг хөгжүүлэхдээ уул уурхайн шинжлэх ухааны гол бодлогуудыг зөв барьж явах ёстой юм.

Уул уурхай бол хүнд үйлдвэр учраас  байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тул энэ салбарыг хамаагүй бодлогогүй хэрэгжүүлж болохгүй. Үүнийг Өмнөговь аймгийнхан биеэрээ амссан гэж болно. Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуунсухайтын нүүрсний уурхай руу хэчнээн жил  дэд бүтцээ хөгжүүлэлгүй авто тээвэр хийсэн билээ.

Бодлогын чанартай урьдчилж төлөвлөж бэлдэлгүй зөвхөн нүүрс борлуулах асуудлаа өмнөө тавиад зорьчихсон учраас сөрөг нөлөөнд нь орон нутгийн ард иргэд хохирсон. Байгаль орчны нөлөөллөөр ч их хохирсон. Цаашдаа энэ асуудалдаа дүгнэлт хийж, уул уурхайг хөгжүүлэхдээ шинжлэх ухааныг гол болгож байгаль орчны нөлөөллийг багасгах хэрэгтэй. Нөгөө талаар ашигт малтмалыг сорчилж ашиглаж болохгүй.

Ашигт малтмалын тухай хуульд заасан нэг чухал заалт байдаг. Тодруулбал, байгалиас заяасан бидэнд оноогдсон хишиг бол ашигт малтмалын ордууд. Тиймээс байгалийн хишгийг ашиглахдаа сорчилж болохгүй. Зөвхөн дээд талын өрмийг нь аваад доод талын хэсгийг нь ашиглаж болохгүй болгоод хаячихдаг, эсвэл ашиглах явцдаа газрын хэвлийг хөндөж байгаль орчны сөрөг нөлөөллийг ихэсгэдэг асуудал олон гардаг. Тэр нөлөөллийг бууруулахын тулд нарийн тооцоо судалгаан дээр судалж байж уул уурхайн хөгжүүлэх нь чухал юм.

-Уул уурхайг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд хамгийн түрүүнд юу хийх нь зөв бэ. Таны бодлоор?

-Өмнөговь аймагт Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн салбар байгуулагдсан байна. Энэ салбар сургууль бол уул уурхайн салбарыг шинжлэх ухаанчаар хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой. Нутгийн ард иргэд дундаасаа уул уурхайн салбарын мэргэжилтнүүдийг олноор бэлдэх хэрэгтэй. Уул уурхайтай зэрэгцэн оршиж байгаагийн хувьд нутгийн ард иргэд ч сайн ойлгож хамтран ажиллах ёстой юм.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлээд тэндээс зөвхөн ашиг олох төдий биш, ашиг олж байгаа бол байгаль орчинд үзүүлдэг сөрөг нөлөө, нөхөн сэргээлтийн ажлыг анхнаасаа зөв төлөвлөж ашигт малтмалаа сорчлохгүйгээр бүрэн бүтнээр нь ашиглах нь улс орондоо илүү өгөөжтэй, ашигтай байх чиглэлийг баримтлах ёстой.

Монгол Улсын уул уурхайн салбарын ихэнх нь Өмнөговьд байна шүү дээ. Оюутолгой, Тавантолгой, Хармагтайн орд байна. Цаана нь хар тугалганы орд, алтны орд гээд ашигт малтмалаар хамгийн баялаг аймгуудын нэг. Тэгэхээр бид ашигт малтмалаараа улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутаг өөрөө хөгжих ёстой. Уул уурхай хөгжиж байгаа газартаа байгаль орчин, ан амьтан, үзэсгэлэнтэй газрууд нь сөрөг нөлөөлөлд өртөхгүй байх технологиудыг ашиглаж энэ чиглэлийн ажлуудыг  давхар судалж, хамгаалах нь чухал юм.

Тиймээс энэ уулзалт бол маш чухал. Ер нь инновацад тулгуурласан шинжлэх ухааны ажлуудыг хийж бүтээж байгаа эрдэмтдийг дэмжиж, урамшуулах чиглэлийн бодлого нэлээн хүчтэй явж чадах оюунлаг, бүтээлч мэргэжилтнүүдийг олноор бий болгох хэрэгтэй. Энэ чиглэлээр олон сайхан ажлууд хийж эхэлж байгаа юм байна. Цаашдаа би өөрийнхөө мэддэг, хийж чаддаг бүхнээрээ дэмжиж орон нутгийнхантайгаа хамтарч ажиллана.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version