Жил бүрийн гуравдугаар сарын 6, 7-ны өдөр зохиогддог “Түмэн тэмээний баяр”-ын үеэр Тэмээн соёл, уралдааны холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Н.Ариунсанаатай ярилцсанаа хүргэж байна.
–Өмнөговь аймаг 24 дэх жилдээ “Түмэн тэмээний баяр”-ыг зохион байгууллаа. Жил болгон хаврын улиралд тэмээний баярыг зохион байгуулах нь тэмээчид болон орон нутгийн ард иргэддээ энэ нь ямар ач холбогдолтой юм бэ?
-Монгол улс түүхэндээ 800 мянган тэмээ тоолуулж байгаад 180 мянга хүртлээ цөөрсөн тохиолдол байдаг. Энэ үеэс тэмээг олон нийтийн анхааралд оруулах зорилгоор Түмэн тэмээний баяр маань 1997 оноос хойш өнөөдрийг хүртэл тогтмол зохион байгуулж ирлээ. Зарим онуудад хүндрэлтэй нөхцөл байдлаас үүдэн өнжсөн ч тэмээг олон нийтийн анхаарал оруулж, үнэлэмжийг дээшлүүлж, аялал жуулчлалд татан оруулах гэж зорьсон. Тухайн үед аялал жуулчлалд зориулж тэмээн аяллыг Өмнөговь аймагтаа зохион байгуулж, гадаад дотоодод сурталчилах үүднээс өвлийн эвентийг хийсэн. Өвлийн эвент маань өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх гол хөшүүрэг болж чадсан.
Тухайн үед гуравдугаар сар хэдийгээр хаврын эхэн сар боловч цастай хүйтэн жавартай үе байсан. Харин одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн энэ өдрүүд дулаахан байдаг боллоо. Олон улсын аялал жуулчлалын маршрут хөтөлбөрт 3 сарын 6,7-ны өдөр зохион байгуулахаар товлогдсон ч цаашид дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цаг хугацааны хувьд анхаарах шаардлагатай болжээ.
Тэмээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, тэмээний тоо толгойг өсгөх амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх бидний анхны зорилго биеллээ олсон. Тэмээ маань 108 мянгаас нэмэгдээд 462 мянган болтлоо өссөн байна. Нэг тэмээ 200-300 мянгын үнэлгээтэй байсан бол өнөөдөр хурдан тэмээ 15-18 сая төгрөгийн үнэлгээтэй болж нэмэгдсэн байна. Мөн тэмээний баярт зөвхөн дотоодын тэмээчид гэхээсээ илүү бүс нутаг, Ази тив, олон улсын аялал жуулчлалын салбарынхан хүртэл хүрч ирж байна.
Цаашдаа тэмээний бүтээгдэхүүнийг бий болгох, тэмээн соёлыг залуу үед сурталчлан таниулах зорилго үлдсэн. Тэмээний баяраар залуу үедээ Сайхан гоё тэмээ ийм байдаг шүү, уралдаан нь ийм байх ёстой юм шүү, богинын буухиа чинь тэмцээн зохион байгуулах шалтгаан нь юм шүү гэдгийг ойлгуулж байна. Манай малчин залуучууд цагаан сараар ч юм уу, бусад олон зорилгоор тэмээндээ мордоод айлууд руу очдог. Энэ уламжлалт арга хэлбэрийг спорт хэлбэрлүү оруулаад олон нийтэд сурталчилж тэмээн соёлыг таниулж байгаа юм.
Манай тэмээчид зөвхөн энэ баярт уналгын тэмээгээ авчрахаас гадна эмнэг хангал тэмээгээ уламжлалт аргаар гаршуулдаг соёлыг танилцууллаа. Энэ тэмцээнээр тэмээг яаж буйлуулдаг, яаж барьж авдаг, яаж бурантагаа хийдэг, яаж унадаг, яаж уналга ачлагад ашигладаг вэ гэдгээрээ өрсөлдөж байна. Тэмээний тухай юу ч мэдэхгүй хүн энэ тэмцээн дээр ирээд тэмээ гэдэг амьтныг үнэхээр ухаан, хөдөлмөр, тэвчээр гаргаж байж барьж авдаг номхруулдаг гэдгийг ойлгож авна.
-Тэмээний баярын хүрээнд ямар ажлууд хийгдсэн бэ?
-Зөвхөн тэмээ уралдуулаад зогсохгүй “Тэмээ бид хоёр” шүлгийн уралдаан, хүүхдийн гар зургийн болон фото зургийн уралдаан явууллаа. Тэмээний бүтээгдэхүүнээр хийсэн бүтээлийн үзэсгэлэн гаргах зэргээр таван төрлийн арга хэмжээг давхар зохион байгуулсан.
Өнөөдөр тэмээг зурсан уран зураг гэж бараг байхаа болилоо. Тэмээний баримал их цөөхөн байна. Тэмээний фото зураг ч цөөхөн байна. Сүүлийн үед хамгийн гоё тэмээний зургууд тэмээн фестивальтай холбоотой л харагддаг болжээ. Тэмээний фестиваль мартагдсан соёлуудыг дэлгэрүүлж байна. Жишээлбэл, хосоороо тэмээ хөтлөөд явдаг үе өнгөрсөн байсан бол одоо эхнэр нөхөр хоёр хосоороо тэмээний гоёлыг бэлдэж, хамтдаа оролцдог болсон. Том шатыг хэрэглэхээ больчихсон байснаа хэрэглэдэг болсон байна.
Тэмээний сүү, мах, үс ноос гээд бүхий л зүйлээр хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн маань ч амжилттай боллоо. ДЭМБ-аас ингэний буюу тэмээний сүүг хүний эрүүл мэндэд чухал ач холбогдолтой гэдгийг тунхаглаад зарласан тул бид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан тэмээний сүүн бүтээгдэхүүнээ илүү сайжруулахад анхаарч байна.
Энэ хүрээнд Өмнөговь аймаг, ДЭМБ, НҮБ-аас олон санаачилгууд амжилттай өрнөж байгаа. Зөвхөн ингэ саадаг саальчин гэсэн албан тушаал бий болгоод уул уурхайн салбарт ажиллагсад шиг өндөр цалинтай болгож, тэмээнийхээ бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж чадвал бид эдийн засгийн үр өгөөжийг нь илүү ихээр хүртэх боломжтой.
Монголчууд бидний бахархал болсон тэмээг хамгаалахад олон хүний хүч хөдөлмөр орсон байдаг. Тухайлбал, “Тэмээ хамгаалах сан”-г Өмнөгов аймгийн Ажнай Бат-Эрдэнэ гишүүн гаргаж байлаа. Мөн Тэмээ поло” спортыг Оюунбаатар гишүүн гаргаж байлаа. Түмэн тэмээ аялал жуулчлалын холбоо гэж Түмэндэлгэр гэж хүн гаргаж байлаа. Мөн Баянхонгорт тэмээний торомны ноос ноолуурыг гадаадад худалдах брэнд болгоно гэж Өлзийбодьжав ах маань санаачилж байлаа. Тэмээнд хайртай хүмүүсийн цаг хугацааны уртад хийсэн олон ажлын нэгдмэл байдал нь өнөөдрийн тэмээчдийн маань амжилт юм.
-Тэмээчдэд цол олгох асуудал яригдаж байна. Хангайн бүсийн, говийн бүсийн гээд морин уралдаанууд болдог шиг говийн бүсийн тэмээтэй аймгууд тэмээний уралдаан зохион байгуулвал илүү үр дүнтэй байх болов уу. Та бүхэн саналаа УИХ, ЗГ-ын түвшинд хүргүүлсэн үү. Монголын “Тэмээн поло” Спорт уралдаан, аяллын холбооны Ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Морь, тэмээ хоёр бол хаад ноёдын уралдаан” гэж онцолж байсан. Эрт дээр үеэс Арабын орнууд ч бас тэмээгээрээ уралдаж ирсэн гэдэг. Түүн шиг сурталчилгааны чиглэлд илүү анхаарч, тэмээчдийг цолтой болгох асуудлыг шийдвэрлэвэл. Энэ талаар мэргэжлийн хүний хувьд санаа оноогоо хэлээч?
-Тэмээн соёлыг дэлгэрүүлэх, тэмээчин ардын хөдөлмөрийг үнэлэх гээд шинэ зорилго тавьсан. Энэ зорилгын хүрээнд тэмээчдийн хөдөлмөрийг үнэлж, олон жил уралдуулж байгаа тэмээчинд “Тэмээний тэргүүн уяач” цолыг бий болгосон. 2016 онд болсон Түмэн тэмээний баярын үеэр 1108 тэмээ гарааны зурхайгаас гарсан, барианд 1108 тэмээ орж ирсэн гэсэн хоёр төрлөөр Гиннесийн түүхэн амжилтыг тогтоосон. Тэр үеэр тэмээчдийнхээ хөдөлмөрийг өндрөөр үнэлье гээд аймгийн тэргүүн уяач цолыг олгож эхэлсэн.
Одоо аймгийн тэргүүн уяач цолыг 47 тэмээчин хүртээд байна. Түүнээс хойш улсын чанартай уралдаан зохион байгууж, улсын цол олгох талаар Тэмээчдийн чуулганы үеэр ярилцаж, холбоогоо байгуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар саналаа хүргүүлсэн. Саналаа дөнгөж явуулаад удаагүй болохоор шийдвэр нь хараахан ирээгүй байна.
Түмэн тэмээний баярыг 24 жил зохион байгуулахад 24 жил тэмээ уралдсан байж таарна. 24 жил тэмээ уяж байгаа хүний хөдөлмөрийг төр засгаараа үнэлүүлэх цаг болсон. Улсын хэмжээнд “Эмнэг хангал сурагч” спортын мастер цол байдаг. Тэмээ гэсэн заалтаар өгөхөө болиод их удаж байгаа ч бид сэргээсэн.
Тэмээ маань өөрөө их онцлогтой. Биеэр ч том, нөлөө ч том, далайц ч том байдаг. Яагаад гэвэл тэмээний асуудал ярихад таван яам холбогддог. Дэлхийд тэмээгээрээ гайхагдаж Гиннесийн батламж авчихсан учраас дэлхийн тэмээтэй орнууд бидэнтэй холбогдож, дэлхийн тэмээн холбоо байгуулах анхны хуралд манай “Тэмээн соёл уралдааны холбоо”-ноос очиж байлаа. Азийн тэмээн холбоо байгуулах хуралд ч очсон.
Тэмээн поло тэмцээн, эмнэг хангал сургагч спорт тэмцээнүүд маань 2 жил нэг удаа зохион байгуулагддаг олон улсын “Nomadic Game” олон улсын эвент арга хэмжээнд нэр дэвшигдээд орохоор болсон. Тэмээчд болон тэмээ маань олон улсын хэмжээний томоохон арга хэмжээнд оролцох эрх нь нээгдсэн ч Монгол Улсад маань одоогоор тэмээг улсын хилээр гаргах стандарт журам огт байдаггүй. Стандарттай болчихвол манай тамирчид тэмээтэйгээ олон улсын түвшинд гарах бүрэн боломж нээгдсэн.
Гадаадын маш өндөр түвшинд зохион байгуулагддаг тэмээн уралдааныг хараад тэдний тэмээ маш хурдан байна гэж ярьдаг. Гэтэл манайд болж байгаа богино зайн уралдааныг яг тэр зураг авсан түвшинд авдаг болчихвол манай тэмээнүүд илүү хурдан байгаа. Нэг бөхтэй тэмээ манайхаас хурдан биш, Гагцхүү зай талбай, зассан замаасаа хамаараад манайхан хэдхэн секундын ард явж байгаа.
-Тэмээний соёлыг танилцуулах олон улсад танилцуулах бусад боломжууд юу байгаа вэ?
-Дэлхийд хоёр бөхт тэмээгээ сурталчилах боломж бидэнд олон бий. Зөвхөн тэмээний сүүн бүтээгдэхүүн гэлтгүй буурын бохь байна. Дэлхий дээр шинээр эмчилгээ анагаах ухааны нээлт хийгдээд явж байгааг сонссон байх. Монгол улсын анагаахын салбар хүүхдийн эх нялхас маань ингэний хоормогийг ээжүүдэд уулгахыг зөвлөдөг болчихлоо. Энэ бүх ажлуудад гар бие оролцоод явж байсандаа их бахархдаг.
-Монголын нүүдэлчин ахуйн ялгарал ондоошлын нэг нь яалт ч үгүй тэмээ. Гэхдээ тэмээг Өмнөговь, дундговь, Дорноговь, Баянхонгор гээд тэмээ байдаг бүс нутгийн ард түмэнтэй л хамаатай мэтээр ойлгох нь өрөөсгөл юм. Өнөөдөр дотоодын аялагчид энэ ондоошлынхоо утга учир, ач холбогдлыг илүү сайн ойлгодог болох цаг ирсэн юм шиг харагддаг. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Ер нь тэмээгээ ингээд ярихаар би их омогшдог. Маш их өргөн цар хүрээтэй, олон зууны түүхэн хэлхээнд тэмээ зайлшгүй явдаг. Тухайлбал, Торгоны замын түүхийг судлахад тэмээн жин явж байсан, тэмээн соёл байсан. Цайны зам гэж байсан бас л тэмээн жин байсан Монгол Улс тээврийн систем орж ирээгүй үед тэмээн жингээр л бараа таваараа зөөдөг байсан. Одоо цагт Өмнөговь аймагт тэмээн жин байхгүй юм шиг хэрнээ цастай зудтай, эдийн засгийн хүнд үед нөгөө л тэмээнүүд маань малчин айлын нүүдэллэх гол хөсөг болж байна.
Сүүлийн үед тэмээ бүхий аймгууд гэж үгийн алдаа хийгээд байгаа юм. Ер нь тэмээгүй аймаг гэж байхгүй. Сум болгон, аймаг болгон тэмээтэй юм билээ. Тэд маань тэмээгээ төдийлөн сайн маллахгүй байгаа учраас тэмээний тоо нь цөөрөөд байх шиг санагдсан. Баян-Өлгий аймгийн Алтай 5 богд, Дорнодын Соёл уулын модод хамарт хүртэл тэмээ байна. Алтай 5 Богдод одоо ч тэмээгээрээ нүүдэллэж байна. Тэмээн хөсгийн нүүх хэв загвар үеийн үед яг л нэг хэвээрээ хадгалагдаж өнөөг хүртэл үлдсэн. Энэ бол үнэхээр бахархалтай соёл байгаа юм. Тэгэхлээр тэмээгээ хайрлан хамгаалах өсгөн үржүүлэхэд тэмээтэй хүн болгоноос илүү тэмээгүй ч гэсэн хүн болгон сэтгэл гаргах нь чухал байгаа юма.
Дашрамд дурьдахад, тэмээний махан бүтээгдэхүүн, тэмээний сүүн бүтээгдэхүүн гэж хүн болгон ярьдаг. Гэхдээ тэмээний махан бүтээгдэхүүнээс их цээрлэдэг. Тэмээний мах идсэн хүн цөс нь өвдөг гэдэг. Энэ худлаа юм аа. Өнөөдөр 20 настай тэмээ, 15 настай тэмээ нэг ч вакцин хийлгээгүй байдаг. Тэмээ ямар ч үед ямар ч ургамлыг зөв олоод иддэг учраас тэмээний мах маш үржил шимтэй байдаг юм. 5 настай үхэр ч юм уу 6 настай үхэр хамгийн багадаа 6 удаа вакцин хийлгэчихсэн байдаг. Гэх мэтчилэн тэмээг хамгаалах, өсгөх, үржүүлэх олон талын судалгаанууд байдаг. Тэмээг өнгөцхөн хараад биш гүн гүнзгий орж харж бас цаашид олон нийтэд таниулах нь чухал юм.
–Өмнөговьд үйлдвэрлэв үзэсгэлэн худалдаагаар ороход тэмээний ноосон хөнжил алга. Гэтэл адуугаараа алдартай Сүхбаатар аймаг өөрийн брэнд гээд тэмээний ноосон хөнжил гаргачихсан байсан. Малчдын зүгээс манай ноос үнэгүйдсэн, мах хямд байна. Тиймээс тэмээчид, ялангуяа залуу малчид тэмээ өсгөх бодолгүй байгаа. Тэр хэрээр тэмээний тоо толгой нь багасаж байна гэлээ. Ботгоны урамшуулал аймаг орон нутгийн хэмжээнд байна, тогтсон урамшууллын бодлого, зах зээлд үнэ хүргэх талаас ажил хийгдэхгүй байна гэх юм?
-Миний бодлоор тэмээний ноос ноосон бүтээгдэхүүн бол дэлхийд маш өндөрт гарсан. Харин бид брэнд болгон гаргаж чадахгүй үйлдвэрлэлийн биш гар аргаар яваад байна. Гэтэл Монголоос ноос аваад тэр ноосыг ээрмэл утас болгоод Итали руу нэг килограммыг нь 100 ам.долларт хүргэж байгаа хүн байна. Италиас гоё пиджак авсан монгол залуус, таньдаг хүмүүс байна. Гэтэл тэр пиджакны ноосон нэхмэл нь дандаа тэмээний ноос байдаг юм.
Ноолуур нь дэлхийн уур амьсгал, дулааралтай холбоотойгоор халуудаад байна гэдэг бол тэмээний ноос маань халуунд халуудахгүй, хүйтэнд дааруулахгүй сайхан пиджак болж гардаг юм. Тэгэхээр заавал эцсийн бүтээгдэхүүн хийх гэж зорихоосоо илүүтэйгээр тухайн пиджак үйлдвэрлэдэг брэндийн нэхмэл утсыг нь манайхан бэлдэх бүрэн боломжтой юм билээ.Эхлээд тэмээний ноосон утсыг бид ээрэмлээр утас болгож Итали руу нийлүүлэх юм бол тэмээний ноос аяндаа үнэд ороод ирэх юм.
Тэмээнд нэг ч вакцин хийгээгүй талаар өмнө ярьсан. Гол нь тэмээний махыг идэх технологи гэж байдаг юм. Тэмээний махыг бэлдээд 0 градуст махыг нь хөргөж чадвал эм юм билээ. Энэ талаар олон судалгаанууд хийгдэж байгаа. 2016 оноос хойш манай холбоо эрчимтэй судалгаануудыг хийж байна. Тэмээний сүү, ноос, буурын бохь, тэмээний мах гэж судалсаны үр дүнд үнэлэмж нь улам нэмэгдээд байна.
Өнөөдөр Ханбогд сумын тэмээчид ингэний сүүгээ дэлгүүртээ зарахгүй байна. Тэдний ингэний сүү Улаанбаатар хот руу онгоцоор нисэж очоод л Улаанбаатарт бүтээгдэхүүн болоод олон улсад гарч байна. Өнөөдөр Цогт-Овоогийн тэмээчид зам дээр ингэний хоормогоо зардаг байсан бол одоо зөвхөн утсаараа захиалга авдаг болчихсон байна. Одоо гэхдээ ингэний сүүн бүтээгдэхүүний үйлдвэр бол зайлшгүй байгуулагдах ёстой. Өмнөговь аймаг, Баянхонгор аймаг, Дундговь аймаг, Дорноговь аймгуудад энэ үйлдвэрийн ТЭЗҮ-нүүд хийгдээд эхэлчихсэн байгаа. Удахгүй гоё гоё бүтээгдэхүүн гарах байх аа.
-Тэмээг өсгөн үржүүлж, үеийн үед үр шимийг хүртэж ирсэн шигээ өвлүүлэн үлдээх ёстой. Гэхдээ тэмээчин болоод тэмээний оршин байх бэлчээр нутаг хомсдож, шим тэмээлтэй, газар нь багасч цаг агаар таагүй болоод отор нүүдлээр явчихсан үе таарчээ. Жилээс жилд дулаарч байгаа байгаль цаг уурын өөрчлөлтийг сааруулахад зөвхөн говийнхон гэхгүй монгол хүн бүр дор бүрдээ хийж чадах ажил юу байгаа бол. Таны хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Энэ нь өөрөө маш эмзэг асуудал юм. Тэрбум мод тарих хөдөлгөөний хүрээнд, мөн тогтвортой уул уурхай хөгжүүлэх, зам харгуйг тогтвортой тавих нь их чухал. Ер нь ургамлын бүрхэвч яагаад багасаад байна вэ гэвэл хүмүүс бид нар гэрээ цэвэрхэн байлгах гэж янз бүрийн хорыг их цацаж байгаатай холбоотой. Хор цацсанаас болж эрвээхий багассан. Эрвээхий багассанаар цэцгийн ургалт багасаж, хөрс хамгаалалтгүй болсон.
Бид мод ургуулж, услахаасаа илүүтэйгээр тэнд сууж байгаа эрвээхийг алахгүй байхын төлөө ажиллах ёстой юм. Тэнд сууж байгаа шумуул, шавж хорхойг алгахгүй байх ёстой юм билээ. Эрвээхийг хамгаалсанаар тэд хөрсөө чийгшүүлж, ургамлаа авч үлдэнэ. Тэгэхлээр байгалиа, тэмээгээ хамгаалахын тулд бид эхлээд агаарт нисэж байгаа ялаа шумуулын амьдрах орчинг үлдээх хэрэгтэй. Байгалийн тэнцвэрийг нь хангаж байж дэлхийгээ хамгаалах ёстой юм шүү дээ.
П.Нарандэлгэр