ӨмнөговьНийгэмОнцлох

Өмнөговь аймаг хөгжлийн бодлогодоо эрдэмтдийнхээ судалгааг тусгана

Өмнийн цэнхэр говиос төрөн гарсан Монгол улс болон бусад улсад тархан суусан эрдэмтдийн уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр боллоо. Тус уулзалтыг Өмнөговь аймгийн ЗДТГ, Боловсрол шинжлэх ухааны газар, ШУТИС-ийн Өмнөговь аймаг дахь Технологийн сургууль, Өмнөговь аймгийн инновци, технологийн төв хамтран зохион байгуулсан аж.

Тус уулзалтыг зохион байгуулсанаар Өмнөговь аймгийн хөгжил дэвшилд эрдэмтэн мэргэдийн хувь нэмэр оруулах гарцыг нээх, тэдний үйл хэрэг, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг алдаршуулах, туршлага судлах боломжууд нээгдэнэ гэдгийг энэ үеэр онцолж байна.

Цаашлаад байгаль экологи, усны хомсдол, уул уурхай зэрэг олон тулгамдсан асуудалд эрдэмтэд үгээ хэлж, орон нутгийн хөгжилд шинжлэх ухаанч байдлаар хандаж, хамтран ажиллахаар төлөвлөжээ. Мөн энэ удаагийн уулзалтаар Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэд “Эрдэмтэдийн зөвлөл” байгуулан зургаан чиглэлд хамтран ажиллаж, тэдний зөвлөмж, зөвлөгөөг хөгжлийн хөтөлбөртөө тусган ажиллахаар боллоо.

Р.Сэддорж: Эрдэмтэн судлаачидтайгаа хамтарч тэдний судалгаанд тулгуурлаж ирэх он жилүүдийнхээ аймгийн бодлогоо гаргана

Өмнөговь аймгийн Засаг дарга

Өнөөдөр Өмнөговь аймгийнхаа эрдэмтэн доктор, профессор, судлаачдаа хүлээн авч уулзаж байна. Өмнөговь аймаг бол Монгол улсын газар нутгийн 10 гаруй хувийг эзэлдэг, хүн амын 2 хувь нь амьдарч байгаа. Суурин хүн ам бол одоо 171 мянган орчим, хөдөлгөөнт хүн ам буюу манайд тоологддоггүй 21 аймгийн хүмүүс ирж уул уурхай дагаэ амьдарч байгаа нь 100 мянга орчим байдаг гэсэн судалгаа бий.

Өмнөговь аймагт уул уурхайгаас үүдэж усны хомсдол нүүрлэж байна. Тоосжилт ихтэй байгаа учраас хүн амын өвчлөл нэмэгдэж байна. Нэг сумын маань иргэд бүгдээрээ тоосны харшилтай болсон. ХАА-н салбар зарим сумдад оршин тогтноход хэцүү болж байна. Тиймээс бид эрдэмтэн судлаачдаа энэ чиглэл рүү анхаарлаа хандуулах, нутаг оронд чинь юу болж байна вэ гэдгийг хэлж ярихыг зорьсон юм.

Монгол Улсын төсвийн орлогыг хамгийн сайн бүрдүүлж, эдийн засаглт эерэгээр нөлөөлж байгаа аймаг бол яах аргагүй Өмнөговь аймаг. Үүнийхээ хажуугаар хүмүүсийн маань амьдрал ахуй ямар байна, байгаль орчин маань хэрхэн өөрчлөгдөж байна, цаашдаа бид ер нь яаж амьдрах юм бэ гэдгийг шинжлэх ухаанч байдлаар ирээдүйгээ харах ёстой.

Энэ хүрээнд эрдэмтэн мэргэд судлаачидтайгаа хамтарч тэдний судалгаанд тулгуурлаж ирэх он жилүүдийнхээ аймгийн бодлогоо гаргах нь чухал болоод байна. Түүнчлэн төр засагт хэлэх үгээ шинжлэх ухааны үндэслэлтэй, тооцоо судалгаатай хэлдэг байх нь бидний бас нэгэн зорилго.

Мөн манай аймагт Инноваци технологийн төв байгуулагдсан. Энэ төвд эрдэмтэн судлаачид маань ажиллаж, судалгаа шинжилгээгээ хийх боломжжор бүрэн хангагдана. БСШУ-наас манай аймагт ШУТИС-ийн салбарыг байгуулсан.

Энэ бол маш том үйл явдал. Манай аймгийн мөрөөдлийн нэг бол байсан. Анх 70 гаруй оюутантай эхэлж байсан бол одоо 10 аймгаас ирсэн 100 гаруй оюутантай болсон. Ирэх жил 500 гаруй оюутан авна. Багш нар маань дандаа Улаанбаатар хотоос очиж багшилж байгаа. Багш нарынхаа бас амьдрах ажиллах нөхцөлийг сайжруулж аймгийн Тамгын газраас орон сууцаар хангасан зэрэг олон ажлууд хийж байна.

Б.Наваандовдон: Эрдэмтэдийн зөвлөгөө Өмнөговь аймгийн хөгжилд том дэмжлэг болно  

Техникийн ухааны доктор

-Та ямар чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан бэ. Мөн өнөөдрийн уулзалтад ирсэн сэтгэгдэлээсээ хуваалцвал?

/Өмнөговь аймгийн Даланзадгад хотын дунд сургуулийг 1973 онд төгсөөд Уул уурхайн ашиглалтын инженерийн мэргэжлээр Болгарт суралцаж, Монголын уул уурхайн байгууллагуудад ажиллаж ирлээ. 2000 оны эхээр Москвагийн Уул уурхайн их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Өнөөдрийн энэ сайхан уулзалтад оролцож аймгийн Засаг дарга болон бусад хүмүүсийн мэдээллийг сонсож Өмнөговь аймгийнхаа хөгжил дэвшлийг сонссондоо их баяртай байна.

Энэ олон салбарын эрдэмтдийг цуглуулж уулзалт хийж байгаа нь Өмнөговь аймгийн хөгжилд том дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Яагаад гэвэл энэ олон эрдэмтэд өөр өөрийнхөө салбарт төдийгүй Монгол орны хэмжээнд, зарим нь дэлхийн хэмжээний нээлт хийсэн амжилттай ажилласан хүмүүс учраас зөвлөгөө өгч, хамтран ажиллах боломж бүгдэд нь байгаа.

Өмнөговь аймгийн хувьд яах аргагүй уул уурхайн бүс нутаг. Тиймээс хөгжил дэвшилд хүрэхийн тулд байгаль орчин экологийн тэнцвэрт байдлыг хангах нь чухал учраас энэ олон эрдэмтэдтэй уулзаж ярилцаж байна гэж ойлголоо. Үр дүнг нь хэрхэн харж байна вэ?  

-Уул уурхай бол Монгол орныг тэжээн тэтгэж байгаа гол салбар. Тэр зундаа Өмнөговийн уул уурхайн байгууллагууд Монголын уул уурхайн бүтээгдэхүүний ихэнхийг төвлөрүүлж байгаа. Гэхдээ нөгөө талаасаа уул уурхайн салбар бол байгаль орчин, тэнд нутаглаж байгаа ард түмэнд сөрөг нөлөө нэлээн ихтэй байдаг. Тиймээс эрдэмтдийн оролцоо, зөвлөгөө чухал үүрэгтэй.

Яагаад гэвэл нөхөн сэргээлтийн ажил хийх, хортой нөлөөллийг нь багасгах, тоос тортог зэргийг багасгахад эрдэмтдийн санаа бодол хэрэгтэй. Уул уурхайгаас олж ирж байгаа орлогыг маш үр дүнтэй, ирээдүйд хэрэгтэй зүйлд ашиглах нь зөв юм. Ер нь бол уул уурхайн баялаг бол тодорхой хугацааны дараа дуусна. Тиймээс олсон орлогоо нутгийн ард түмэндээ өндөр үр ашигтайгаар зарцуулж, ирээдүйд хийж бүтээх ажлын байрыг бий болгоход анхаарах нь чухал гэж харж байна.

П.Нарандэлгэр

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version