Эрүүл мэндFocus

Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд МҮОНРТ-тэй хамтран ажиллана

Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд Монголын үндэсний олон нийтийн телевиз, радиотой хамтран ажиллахаар Санамж бичиг байгуулж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар нар гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагаанд нийгмийн бүхий л салбарын оролцоог хангаж үйл ажиллагааны хамрах хүрээг өргөжүүлэх, иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээллийг хүргэхийн хамт салбарын амжилт, шинэ технологи, инновацийг сурталчилах үйл ажиллагаа явуулах юм.

Дэлхий нийтэд эрүүл мэндийн талаар баримталж буй бодлого, чиглэл үйл ажиллагаа нь дан ганц өвчнийг эмчлэхэд бус хүн амд эрүүл мэндийн боловсрол олгож, эрүүл идэвхтэй амьдрах, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, ажиллаж, амьдарч, сурч байгаа орчиндоо эрүүл мэндэд таатай нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлэхэд нь хувь хүн, олон нийт, байгууллага, хамт олонд туслах, олон салбарын хамтын үйл ажиллагааг чиглүүлэх замаар хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахад чиглэж байгаа энэ цаг үед  чухал ач холбогдолтой уг Санамж бичиг энэ сарын 15-наас эхлэн нэг жилийн хугацаанд хэрэгжинэ.

Санамж бичигт гарын үзэг зурах ёслолын үеэр Эрүүл мэндийн сайд С.Чинзориг иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллах саналыг хүлээж авсан МҮОНРТ-ийн удирдлагуудад талархал илэрхийлж хэлсэн үгэндээ “Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг сайжруулах зорилгоор өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээг хийж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүн амын 30 хүрэхгүй хувь хамрагдсан байгаа ч цаашид энэ арга хэмжээг үргэлжлүүлэн бүх хүмүүсийг хамруулах зорилготой ажиллаж байна.

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 61 хувь нь шүд цоорох өвчтэй, насанд хүрэгчдийн дунд хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, зүрх судасны өвчлөл их байгаа дүн гарсан. Энэ үр дүнгээс бид иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэгтэй байж, амьдралын эрүүл хэв маягаа өөрчилж, буруу дадал хэвшлээс салахад нь туслах зайлшгүй шаардлага байна гэж үзэж МҮОНРТ-тэй хамтран ажиллах санал тавьсан юм.

Тэгээд ч дэлхийн улс орнуудын туршлагаас харахад нийгмийн эрүүл мэнд, анхан шатны тусламж үйлчилгээнд эмнэлгийн тусламж үйлчилгээнээс дутахгүй анхаардаг. Гэтэл манай  улсын хувьд иргэдийг өвчлөхөөр нь эмчлэх тухай л ярихаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох тал дээр хангалттай ажиллаж чадахгүй байгаад дүгнэлт хийж нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дэмжих цогц төлөвлөгөөг салбарын яамдтай хамтран боловсруулахаар ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбарын олон улсын байгууллагуудаас гаргасан судалгаагаар хувь хүний эрүүл мэндийн 10-15 хувь нь эрүүл мэндийн байгууллагатай холбоотой. Үлдсэн 85-90 хувь нь хувь хүнээс өөрөөс нь шалтгаалдаг гэсэн байдаг.  Тиймээс бид МҮОНРТ-тэй хамтран иргэдийн нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан боловсрол олгох, эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай мэдээ мэдээлэл, контент, нэвтрүүлэг, сурталчилгааг хамтран бэлтгэж олон нийтэд хүргэх зорилго тавьж байна” хэмээсэн.

МҮОНРТ-ийн ерөнхий захирал А.Бүрэнбаатар “Эрүүл мэндийн яам иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах чиглэлээр бидэнтэй хамтарч ажиллах санал тавьсны дагуу Санамж бичиг байгуулж байна. Манай улсад зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн шалтгаан нь иргэд эрүүл мэндийн боловсрол тааруугаас улбаатай.

Мөн буруу дадал зуршил, хоол хүнсний зохисгүй хэрэглээ зэргээс үүдэж байгаагаас гадна суурин амьдралын соёл ч нөлөөлж байгаа. Тиймээс хэн нэгнийг өвдсөнийх нь дараа эмчлэх биш урьдчилан сэргийлэх нь өндөр ач холбогдолтой гэж үзэж байгаа тул бидний бэлтгэх мэдээ мэдээлэл энэ тал руу түлхүү чиглэх ч өвдсөн тохиолдолд яаж эмчлэх талаар ч мэдлэг мэдээлэл олгоно. Ингэхдээ хүмүүст хамгийн амархан ойлгох байдлаар нь хүргэнэ гэж төлөвлөж байгаа юм” хэмээн ярьсан.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version