Өмнийн говийн эзэд буюу “Түмэн тэмээний баяр-2023”
Дэлхийн олон жуулчид Монголын говийг зорьж үзэх хүсэлтэй гэдгээ хэлдэг юм билээ. Тиймээс гадаадын жуулчдад говийг зорих очиж, зуун зуун жилээр өвлөгдөн ирсэн хоёр бөхт тэмээнд түшиглэсэн соёл уламжлалтай танилцах, тэмээн аялал, тэмээн “поло” спортыг хөгжүүлэх, тэмээн сүргийг өсгөх хамгаалах, аялал жуулчлалаар орон нутгийн хөгжлийг дэмжих зэрэг олон зорилготой “Түмэн тэмээний баяр-2023” Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо болов.
Жил бүрийн гуравдугаар сарын 6,7-ны өдөр зохиогддог “Түмэн тэмээний баяр” энэ удаад ажлын өдрүүдэд тохиосон юм. 24 дэх жилдээ зохиогдож буй тус баярт Өмнөговь, Дундговь, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгийн 400 гаруй тэмээ, 200 гаруй тэмээчид, нийт 3000 гаруй зочид төлөөлөгч, аялагч, жуулчид оролцсоноос гадаадын жуулчин 100 гаруй, Улаанбаатар хот, бусад аймгаас 500 гаруй, орон нутгаас 2500 гаруй иргэд оролцлоо. Өмнөговь аймагт өнгөрсөн жил хур бороо бараг ороогүй гандуу байсан нь нутгийн малдчыг отор нүүдэл хийхэд хүргэсэн тул өнөө жил харьцангүй цөөн хүн оролцож байгааг зохион байгуулагчид онцолж байлаа.
Өглөөхөн тогтуун сайхан, говь нутаг халуун шүү гэдгийг мэдрүүлж халуу төөнөн наран ээж байснаа үд дундаас салхины хүч нэмэгдэж, заримдаа зогсож байхад хамт хийсгэх нүү гэмээр хүчтэй салхилж, элс шороо холилдон шуурсан ч Тэмээний баяр оролцогчдын зургийг авах нь чухал тул 2 цаг гаруй зургийн аппаратаа хамаг л боломжоороо шорооноос хамгаалан зогссон. Харин говийнхон маань “Хавар говьд хэцүү, хэцүү. Хэсэг ингээд шуурдаг ч аяндаа намдчихна. Төрсөн нутаг минь сайхан даа” хэмээн тэмээндээ мордон, тэмцээн уралдаандаа ажрахгүй оролцож, гадаад дотоодын жуулчдын сонирхсон асуултад хариулж нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан зогсохыг харах үнэхээр сайхан мэдрэмж.
Тэмээний баярт зорин очсон жуулчид болон гадаадын хэвлэлийн байгууллагынхан ч мөн адил цаг агаарын нөхцөлд дасан зохицож, ажиллаж амьдарч, тэмээтэйгээ тэмцээн уралдаанд оролцож, эр чадлаа гайхуулахыг хараад говийнхоноор үнэхээр бахархаж байгаагаа нуухгүй байлаа. Байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицож, төрж өссөн нутагтаа эзэн нь болж амьдрана гэдэг хүн бүрийн чадах ажил биш ажээ…
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Түмэн тэмээний баяр-2023” арга хэмжээг нээж хэлэхдээ “Аялал жуулчлалын томоохон үйл ажиллагаа болох “Түмэн тэмээний баяр”-ыг олон жил тогтвортой зохион байгууллаа. Монгол Улс 460 гаруй мянган хоёр бөхт тэмээтэй. Түүний 170 мянга нь Өмнөговьд байдаг. 15 сум 15-уулаа тэмээтэй, уралдаан тэмцээнийг ч тогтмол зохион байгуулж байна. Өнөөдөр ч тэд олон төрлөөр өрсөлдөж байгаа.
Энэхүү үйл ажиллагаа дөрвөн яамны эрхлэх асуудалд хамрагддаг, цар хүрээ нь өргөн. Соёлын өв талаасаа Соёлын яам, спорт талаасаа Спортын сайдын эрхлэх асуудал гээд дөрвөн яамны төлөөлөл ач холбогдол өгч, хүрэлцэн ирсэнд баяртай байна. Мөн энэ өдрийн үйл ажиллагааг Польш улсын Элчин сайдын яамнаас дэмжин оролцож, хүрэлцэн ирсэнд эрхэм сайд танд энэ өдрийн мэнд хүргэе.
Тэмээ уяж, уралдуулж байгаа хүмүүсийг улсын цолтой болгох асуудлыг гурван ч Ерөнхийлөгчид тавилаа. Энэ асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нааштай шийднэ гэдэгт итгэлтэй байгаа. Тэмээн уралдаан, соёлыг төр дэмжиж байж тоо толгой нэмэгдэнэ. Тэр хэрээр дэлхий дахинд тэмээний соёлоо сурталчлах юм. Цаашдаа гуравдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдөр зохион байгуулах талаар ярилцаж байна. Ингэснээр гадаад, дотоодын жуулчид илүү их ирэх боломж бүрдэнэ” хэмээн онцолсон юм.
Монголыг дэлхийд сурталчлах, Монголд зочлох жил буюу “Welсome to Mongolia” хөтөлбөрт энэхүү аялал жуулчлалын эвент албан ёсоор багтсан гэдгийг Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах албаны дарга Б.Сэргэлэн онцолж байлаа.
Харин “Монголын тэмээн поло уралдаан, аяллын холбоо”-ны тэргүүн Ц.Оюунбаатар хэлэхдээ “Манай холбоо нь 2001 оноос эхлэн энэхүү үйл ажиллагааг зохион байгуулалцаж, дэлхийд цөөрсөн хоёр бөхт тэмээг хамгаалах, өсгөж үржүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ирлээ. Үүний үр дүнд тэмээн сүрэг маань 500 мянга болж өслөө. Хоёр бөхт тэмээ дэлхийд маш ховордсон. Ердөө 1 сая хүрэхгүй байгаа. Тиймээс тэмээн полог түгээн дэлгэрүүлэх, тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, ноос ноолуурыг үнэтэй болгох нь хүн бүхний хүсэл зорилго болоосой. Дээр үед тэмээн поло, морин уралдаан бол хаад ноёдын хэмжээнд болдог ач холбогдол өндөртэй тэмцээн уралдаан байлаа. Тэгвэл өнөө цагт тэмээгээ уяж улсын чанартай уралдаанд тогтмол амжилттай оролцуулж буй уяач нарт морио уяж уралдуулж байгаа уяач нартаа адилхан улсын цол олгох асуудлыг Ерөнхийлөгчид уламжилсан. Нааштай хариу өгнө гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
“Түмэн тэмээний баяр 2023”-ын нэг сонирхолтой үзүүлбэр нь залуучууд тэмээн дээрээс шагай шүүрэх тэмцээн байлаа. Дорноговь аймийн тэмээчин залуу хамгийн олон буюу 24 шагай атгасан байна.
Тэмээн поло тэмцээнд Дундговь, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 гаруй сумын багууд оролцож, салхийг үл ажран ширүүн, өрсөлдөөнтэй тоглолт үзүүлэн зорин ирсэн жуулчдыг баясгаж байлаа.
Мөн тус арга хэмжээний хүрээнд “Өмнөговьд үйлдвэрлэв” төвд “Элсэн говийн эзэн тэмээ бид хоёр” хүүхдийн гар зургийн уралдаан, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм.
Түүнчлэн Өмнөговь аймгийн “Хөгжимт жүжгийн театр”-т жуулчдад зориулсан баярын тоглолт зохиогдож, Хан-Уул зочид буудлын бүжгийн танхимд “Тэмээчид дуулж байна” уралдаан зохиогдсон билээ.
Энэ удаагийн “Түмэн тэмээний баяр 2023” арга хэмжээний ялагчдыг танилцуулж байна.
Атан тэмээний уралдааны тэргүүн байрыг Өмнөговь аймгийн Баяндалай сумын уяач М.Өсөхбаярын туг шар эзэлж, аман хүзүүнд Баян-Овоо сумын уяач Г.Пүрэвдоржийн хөх, гуравт Цогт-Овоо сумын уяач Г.Хашхүүгийн улаан, дөрөвт Сэврэй сумын уяач Н.Гансүхийн шар, айргийн тавд Баян-Овоо сумын уяач Ц.Бямбатогтохын хөх ат хурдаллаа.
Тэмээн поло тэмцээний тэргүүн байрыг Манлай сумын Өгөөмөр багийн Н.Доржчулуун ахлагчтай баг, дэд байрыг Манлай сумын Далай багийн З.Болдбаатар ахлагчтай баг, гутгаар байрыг Х.Батжаргал ахлагчтай Ханхонгор сумын Хондот багийн 1-р баг, тусгай байрыг Дорноговь аймгийн баг, Ханхонгор сумын Өгөөмөр багийн баг тамирчид эзэллээ. Шилдэг тоглогчоор Манлай сумын тамирчин С.Бүрэнжаргал, Шилдэг хаалгачаар мөн тус сумын тамирчин Ө.Шийрэвдамба нар тодорлоо.
Буухиа тэмцээнд тэргүүн байрыг Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын тэмээчин Р.Ганбилэг, дэд байрт Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэмээчин Б.Буян-Өлзий, гутгаар байрыг Өмнөговь аймгийн Хүрмэн сумын Жанжин багийн тэмээчин Б.Түвшин-Оргил нар эзэлсэн юм.
“Гоё тэмээтэй Сайхан хос” уралдааны тэргүүн байрт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Н.Баянтөр, Алтанзул, дэд байрт Даланзадгад сумын хос Ж.Энхтөр, С.Отгонжаргал, гутгаар байрт Манлай сумын хос А.Баянсүх, Н.Баянтунгалаг нар тус тус шалгарчээ.
Тайлаг тэмээний уралдааны тэргүүн магнайд Гурвантэс сумын уяач Батзаяагийн хөх, аман хүзүүнд мөн сумын тэргүүн уяач Т.Амарбаярын хар, гуравдугаар байранд Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн бор, дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын тэргүүн уяач У.Мөнхжаргалын хонгор, тавдугаар байранд Баян-Овоо сумын уяач Д.Буянхишигийн хүрэн тайлаг оржээ.
Торомны уралдааны тэргүүн байрт Баян-Овоо сумын аймгийн тэргүүн уяач Ц.Бямбатогтохын шар, хоёрт Гурвантэс сумын аймгийн тэргүүн уяач Н.Мэндбаярын шар, гуравт Баян-Овоо сумын тэргүүн уяач Б.Бат-Оршихийн хөх, дөрөвт Манлай сумын аймгийн алдарт уяач Б.Болдбаатарын улаан, Гурвантэс сумын уяач О.Эгэлхүүгийн шар тором тус тус шалгарчээ.
П.Нарандэлгэр