ЯрилцлагаОнцлох

М.Анхбаяр: Магтаал, шүүмжлэл хосолж байж жор нь таардаг

 “Амжилт дагуулах 8 асуулт” булангийн энэ удаагийн дугаарт  Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн захирагч, хошууч М.Анхбаярыг урьлаа. Тэрбээр Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна.  2004 онд Тосонцэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангид гал сөнөөгчөөр ажлын гараагаа эхлүүлж, улмаар тус ангийн салааны захирагч, Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн захирагчаар ажиллаж байгаад 2019 оноос одоогийн албан тушаалдаа томилогдон ажиллаж байгаа юм.

– Солонгын 7 өнгөнөөс өөрийгөө аль өнгөтэй зүйрлэх вэ? Яагаад энэ өнгөтэй зүйрлэх болов?

Тэнгэрийн хөх өнгөтэй зүйрлэнэ. Уудаг, ундаалдаг ус минь цэнхэр, би өөрөө ч гэсэн хөх цэнхэр өнгөнд  дуртай. Мөн үүрэг гүйцэтгэж байгаа албаны маань хувцас цэнхэр өнгөтэй гээд бүхий л зүйл маань энэ өнгөнөөс хамаардаг учраас.

Хүний сонирхол хязгааргүй. Таны хувьд амьдралдаа хийж үзэх юмсан гэж хүсдэг зүйл байдаг уу? Яагаад?

-Хүн бүрийн хүсэл сонирхол өөр, өөр байхын зэрэгцээ, хязгааргүй л дээ. Миний хувьд хийж үзэх хүсэл гэхээсээ илүү энэ албандаа ажиллаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Манай гэр бүлийн хүн бас энэ албанд 7 дахь  жилдээ дуудлага хүлээн авагчаар ажиллаж байгаа. Гэр бүлээрээ энэ нэр хүндтэй албанд ажиллаж байгаадаа үргэлж талархалтай явдаг.

Нас, насны мөрөөдөл өөр байдаг гэх нь бий. Таны мөрөөдлийн өнгө хэр өөрчлөгдсөн бэ?

–Манай аав Хүндэт харуулын 032 дугаар ангид гурван жилийн цэргийн алба хаасан хүн байдаг. Хүүхэд байхдаа аавынхаа цэрэгт алба хааж байсан зургийг хараад аав шигээ цэргийн хувцас өмсөнө гэж мөрөөддөг байлаа. Энэхүү мөрөөдлөө биелүүлж, өдий зэрэгтээ сайхан амьдарч байна.

-Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг өөрийгөө харуулах боломж гэж хүлээж авдаг хүн амжилтанд хүрдэг гэсэн үг бий. Энэ тухай таны бодол…?

 -“Өгсөн үүрэг даалгаврыг ял биш өөрийгөө харуулах боломж гэж ажиллах нь амжилтын нэг алхам юм” хэмээн нэгэн эрдэмтний хэлсэн үг миний өрөөнд хадаатай байдаг. Өрөөндөө орох, гарах бүрдээ энэ үгийг харж ажилдаа мөрдлөг болгодог. Алба хаагчдадаа ч байнга хэлж, ойлгуулахыг хичээдэг.

-Магтаал, шүүмжлэл хоёрын аль нь таныг хурцалдаг вэ?

-Хоёулаа хосолж байж л жор нь таарна гэж боддог. Хүнийг байнга магтаад, эсвэл байнга шүүмжлээд байх тийм ч зөв зам биш. Хүн алдана, ононо, амьдрал баялаг шүү дээ. Миний хувьд бол зөв шүүмжлэл илүү “зохидог”.

-Аз жаргал бидэнд хэр ойр оршдог бол?

-Гэр бүл, үр хүүхэд, хань ижил, сайхан  ажил мэргэжил гээд дэргэд л байдаг. Хүнд тусална гэдэг бас их аз жаргал. Ажлаасаа аз жаргалыг мэдэрдэг бид азтай хүмүүс. Баян, ядуу, хөгшин, залуу гэхгүй аврал эрсэн хүн бүхэнд тусалж, аз жаргалыг өгдөг шигээ бас мэдэрч чаддаг л гэж ойлгодог.

-Таны бахархал?

-Намайг төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн аав, ээж, амьдралд түшиг тулгуур болж байгаа хань, аав гэх эрхэм нэрийг хайрласан гурван хүүхдүүдээрээ бахархаж байна. Цаашлаад намайг сургасан үе, үеийн эрдэмтэн багш нар, намайг амжилттай ажиллахад урам өгч дэмжиж байгаа удирдлагууд болон алба хаагчид минь. Миний амьдралын 19 жилийн бахархал байсан, байсаар ч байх болно.

Би ганцаараа ажилллаад амжилтанд хүрэхгүй, ганц мод гал болохгүй,ганц хүн айл болохгүй гэдэгтэй адилхан. Амжилт бүрийн ард хамт олон, дарга захирагч нар, алба хаагчид минь үргэлж холбоотой байдаг. “Онцгой мэдээ” сониноор дамжуулан та нараараа үргэлж бахархаж, баярлаж явдаг шүү гэдгээ илэрхийлмээр байна.

-Таныг Цэргийн хүнээс гадна өөрөөр юу гэж тодорхойлж болох вэ?

– Хүүхдүүдийнхээ хайртай аав, эхнэрийнхээ түшигтэй хань л гэж хэлнэ.  

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version