ЯрилцлагаОнцлох

Г.Мөнхбаатар: Бүтээл “урлах” нь сэтгэлзүйн хувьд маш том бэлтгэл болдог

“Хобби” булангийн энэ удаагийн дугаарт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах  69 дүгээр ангийн аврагч, ахлах ахлагч Г.Мөнхбаатарыг урьлаа.  Тэрбээр 2018 оноос хойш Онцгой байдлын байгууллагад 5 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байна.

-Санамсаргүй байдлаар өөрийн гэсэн хоббитой болсон. Таньдаг ах маань үхрийн эврээр аяга, сувинер бэлэг дурсгалын зүйл хийдэг байлаа. Туслах ажилтан хэрэгтэй байна гэхээр нь хамт ажиллаж эхэлсэн. Эхэндээ ч ойр, зуурын ажилд нь тусалдаг байлаа. Ахынхаа хийж байгаа арга барилыг хажуугаас нь харж байгаад л аяга, бариул зэргийг хийдэг болсон. Чадах юм байна, болох юм гэж бодоод өөрийгөө хөгжүүлж, суралцаж эхэлсэн.

-2014 оноос хойш 9 дэх жилдээ үхэр, хандгай, цаа буга, бугын эврээр бүтээл хийж байна. Түлхүүрийн оосор, хутга, хананд өлгөх чимэглэл, эврэн загас, аяга,  хундага, хос аяга, хос загас гээд хийж болох бүхий л зүйлсийг хийдэг. Хатгал тосгон аялал жуулчлал бүс нутаг учраас  зуны гурван сард жуулчид их ирнэ.

Энэ үеэр хийсэн бүтээлээ зарж, борлуулдаг. Амралтаараа эсвэл ээлжнээс буусан үедээ бүтээлээ “урлана”. Өөрөө сонирхолтой болохоор нэг эхлүүлчихвэл дуусгаж байж л санаа амардаг. Нэг талаас сэтгэлзүйн хувьд маш том бэлтгэл болдог.

-Анхны бүтээл мааны үхрийн эврэн аяга, мөн хундага байсан. Нэг эврээр  нэг том аяга, нэг жижиг хундага хийнэ. Ингэхдээ хоёр эврийг ашиглан хос аяга, хос хундага гээд ижилсүүлж хийдэг байгаа.

-Анх эврээр юм хийдэг хүн ховор байсан. Одоо бол харьцангуй нэмэгдсэн байна. Миний хийсэн хамгийн содон бүтээл бол хандгайн эврээр хийсэн хутга. Хутга эр хүний чимэг шүү дээ. Бүсэндээ зүүгээд хээр явахад нүнжигтэй том хутга хийсэн. Зарим хүн хутгыг маань харчихаад хөөх наадах чинь сэлэм юм уу гэж уулга алдаж байсан удаа бий. /инээв/

-Би хутга хийх илүү дуртай. Бусад бүтээлүүдээсээ илүү сонирхолтой байдаг. Түүхий эд болох хандгай буга эврийг худалдаж авдаг. Олдоц бол маш ховор. Олсон эврээрээ аль болох гоё чамин бас даацтай бүтээл хийхийг зорьдог. Үхрийн эвэр бол айлын бойноос, малчдаас гээд л аль байгаа газраас нь цуглуулж худалдаж авдаг.  

-Одоогоор захиалгын дагуу эврээр аяга хийж байгаа. Үүнийгээ дуусгаад модны ураар аяга хийж үзэхийг зорьж байна. Ямар бүтээл урлахаас цаг хугацааны хувьд өөр, өөр. Аягыг бол өдөрт нь хийнэ. 100 аягыг гурван өдөрт багтаагаад хийчих боломжтой. Гарт орчихсон болохоор “дадчихсан” шүү.

-Үнийн хувьд хйиц, материалын орцоосоо шалтгаалаад өөр. Аягыг 15000-35000, хутгыг 50000-500000, хундагыг 5000-10000, түлхүүрийн оосрыг 2000-3000, ханын сувинерыг 25000-250000 төгрөгөөр хийдэг.

-Хамгийн өндөр үнээр борлуулж байсан бүтээл маань хандгайн эврээр хийсэн хутга байсан. Авсан хүн нь их сонирхож байгаад 600,000 төгрөгөөр авч байлаа. Миний сонирхол, хоббиг маань өндрөөр үнэлсэнд баяртай байдаг.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version