Нийслэл

Хориглосон бүсээс 16243 мал гаргалаа

Хот, нийтийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа зөвлөгөөнийг удирдан явууллаа. Энэ үеэр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлууд, мөн өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийн талаар холбогдох байгууллагуудын удирдлага мэдээлэл өгсөн юм.

Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөн дээр нийт найман үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгсөн бөгөөд 91.7 хувийн биелэлттэй байна. Үүрэг, даалгаврын биелэлтийг УБЗАА-ны Хяналт, үнэлгээний хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаа танилцууллаа.

Тэрбээр “Сар шинийн баяр амралтын өдрүүдэд бохирын шугам бөглөрч, эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж, ариутгах татуурга цуглуулгын 2141 худагт үзлэг хийн, бөглөрөх магадлалтай 54 худгийг лайдаж цэвэрлэсэн. Мөн тус өдрүүдэд гэр хороолол, орон сууцны хог ачилтыг эрчимжүүлэх үүднээс нийт 1.3 сая тонн хог хаягдлыг 94 хог тээврийн машин 6814 удаагийн рейсээр тээвэрлэн ажиллав. Харин зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний хүрээнд нийслэл, дүүргийн тохижилт, үйлчилгээний байгууллагуудын 3905 ажилтан давхардсан тоогоор 1012 тонн хог хаягдлыг цэвэрлэсэн байна.

Мөн өнгөрсөн 14 хоногийн хугацаанд худалдаа, үйлчилгээний болон бусад аж ахуй нэгж, байгууллагын хог хаягдал, цас мөсийг хариуцан цэвэрлэх 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын зураглалыг зургаан дүүргийн 2816 аж ахуй нэгж, байгууллагад хийсэн. Ийнхүү Хог тээврийн гэрээний хавсралтаар баталгаажуулан, үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системд бүртгэх ажил үргэлжилж байна” хэмээн мэдээлэл өглөө.

Ирсэн гомдол, саналыг цаг алдалгүй шийдвэрлэх хэрэгтэйг онцлов

Өнгөрөгч 14 хоногийн байдлаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв ОНӨТҮГ-т нийт 1144 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс бүртгэгдсэн гомдлын тоо 98, зөвлөгөө, мэдээлэл өгсөн 533, бүрэлдэхүүн байгууллагуудын мэдээлэл 506, зохицуулалт хийсэн ажил хоёр, олон нийтийн сүлжээгээр ирсэн зургаан гомдол байжээ.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.34 хувиар, өнгөрсөн 14 хоногийн байдалтай харьцуулахад нэг хувиар тус тус буурсан талаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн дарга Ц.Банзрагч танилцуулсан юм. Иргэдээс ирсэн гомдол, саналыг шуурхай шийдвэрлэж, цаг алдалгүй ажиллан, үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг Ерөнхий менежер онцолж байлаа.

Түүнчлэн тус төвөөс нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд үүссэн халтиргаа гулгааг арилгаж буй байдалд теле хяналтын камераар тогтмол хяналт тавьдаг. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд гурван тонн бодис, дөрвөн тонн давс, таван тонн дайргыг нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд цацан, халтиргаа гулгаа үүсэх эрсдэлээс сэргийлэн ажиллажээ.

Мөн Геодези, усны барилга, байгууламжийн газраас Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн халиа тошин үүссэн байршлуудад шуурхай ажиллаж, нийт 1970 метр урт суваг сэргээн татаж, 90 тонн шороогоор хаалт хийн, 50 тонн ус соруулан, 650 тонн мөсийг зөөж, цэвэрлэсэн талаар мэдээллээ.

Их цэвэрлэгээний үеэр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ

Зөвлөгөөний үеэр УБЗАА-ны холбогдох хэлтсүүд нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хийж буй ажлуудаа танилцуулсан юм. Тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар хоёрдугаар сарын 17-нд “Хоггүй шинэлье” бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулсан. Их цэвэрлэгээнд нийслэл, дүүргийн харьяа байгууллагууд, инженер хангамж, тохижилт үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 13645 аж ахуй нэгжийн 24310 хүн оролцсон юм. Ийнхүү нийтийн эзэмшлийн 513,828 ам метр талбайн 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэсэн байна.

НИТХ-ын тогтоолоор баталсан Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журамд “энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх шөнийн хуваарьтай байна” гэж заасан байдаг. Уг заалтын дагуу зургаан дүүргийн хэмжээнд зориулалтын 31 машин шөнийн цагаар хог тээвэрлэж байна. Цаашид өглөө, өдрийн цагаар авто замын түгжрэл, төвлөрөл үүсдэг байршлуудад шөнийн ээлжийн хог тээвэрлэлтийн машиныг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгааг албаныхан онцолж байлаа.

Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 29 хоногийн хугацаанд мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 16243 толгой мал гаргаад байна. Уг ажилд 10 байгууллагын 1431 ажилтан, албан хаагч, 52 морьт эргүүл, 242 тээврийн хэрэгсэлтэйгээр оролцжээ. Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа хориглосон бүсээс мал гаргах ажлыг богино хугацаанд зохион байгуулж, албан хаагчид, иргэд олон нийтийг дайчлан оролцуулсан дүүргийн удирдлага, холбогдох байгууллагуудад талархал илэрхийлсэн юм.

Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтыг 100 хувьд хүргэнэ

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа дараах үүрэг, даалгаврыг өглөө.

Тодруулбал,

  • Шар усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалт зохион байгуулах,
  • Ус зайлуулах барилга байгууламжийн хэвийн найдвартай үйл ажиллагааг хангаж, бөглөрсөн шугам хоолой, далан сувгийн ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хайлсан цас мөс урсах нөхцөлийг хангах,
  • Хувийн таксины жолооч нар буудал дээр зогсож, автобуснууд нь зогсоол руугаа орохгүй давхар зогсож, түгжрэл үүсгэж байгаа тул автобусны буудлын машиныг чөлөөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулж, цаашид урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ, нөлөөлөл сурталчилгааны ажил явуулах,
  • Нийтийн эзэмшлийн болон орон сууц хорооллын гудамжны, ногоон модны гэрэлтүүлгийн асалтыг 99-100 хувьд хүргэх,
  • Гэрэлтүүлгийн шонгуудын тагжуулалтыг бүрэн хийж, хазайсан шонгуудыг тэгшлэх, ил гарсан кабелуудыг далдалж, цэгцлэх, орчны аюулгүй байдлыг хангах,
  • Авто замын болон эгнээ тусгаарлах хайс хашлагыг нөхөн сэргээн эзэнжүүлж, засварлах, өнгө үзэмжийг сэргээх,
  • Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ахуйн хог хаягдлын тээвэрлэлтийн 50 хүртэл хувийг шөнийн цагийн хуваарьт шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх,
  • Авто замын нуух, явган замын нарийн шороо тортгийг бүрэн цэвэрлэх, цасан дороос гарч буй болон үерийн далан суваг шуудуу, гуу жалга, гэр хорооллын суваг шуудууны хогийг цэвэрлэн, төв зам дагуух харласан цас мөсийг яаралтай ачих,
  • Ногоон байгууламжийн цэвэрлэгээг эрчимжүүлэх зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version