Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалтад оролцохыг урьж байна
Монголын залуучуудын холбоо, Монгол-Хятадын залуучуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран ирэх 3 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Тогтвортой хөрөнгө оруулалтын дээд хэмжээний чуулга уулзалт”-ыг зохион байгуулах гэж байна.
Тус чуулга уулзалтад БНХАУ-ын хувийн хэвшлийн 200 орчим аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, банк санхүү, барилга, хөдөө аж ахуй гэсэн таван салбарт хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Иймд дээрх таван салбарт БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг авах сонирхолтой Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагуудыг доорх линкээр бүртгүүлэхийг уриалж байна.
Бүртгэлд ЭНД ДАРЖ хамрагдаарай. Бүртгэлийг 2023 оны 03 дугаар сарын 09-ныг хүртэл авах юм байна.
БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш улс бөгөөд тэргүүлэгч хөрөнгө оруулагчдын тоонд багтдаг. Тодруулбал, Монгол Улс БНХАУ-тай 2023 оны нэгдүгээр сард 1.2 тэрбум ам.долларын худалдааг хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 66.8 хувийг эзэлжээ. Түүнчлэн БНХАУ нь 2011-2021 оны хооронд 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийсэн байна.
Цаашид БНХАУ-ын хөрөнгө оруулалтыг тогтвортой байлгах үүднээс тус чуулга уулзалтыг хоёр жилд нэг удаа зохион байгуулахаар талууд тохиролцсон байна. Чуулга уулзалтын үеэр хоёр улсын худалдаа, хөрөнгө орууалтын бодлого, анхаарах асуудлыг хэлэлцэж, хамтын ажиллагааны шинэ боломжийг нээх аж. Түүнчлэн чуулга нь Монгол, Хятад хэлнээ бүрэн орчуулгатай явагдах бөгөөд Монголын талын аж ахуй нэгжүүд БНХАУ-ын хөрөнгө оруулагч нартай бүрэн санал солилцож, бизнесийн хамтрагчаа олж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой ажээ.
Дэлгэрэнгүй мэдээлэл:
● Facebook хуудас: www.facebook.com/sustainableinvestmentsummit
● И-мэйл хаяг: info@investsummit.mn
● Холбоо барих утас: 7747 – 1313