Эдийн засагFocus

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэллээ

УИХ-аас Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан. Энэхүү хуулийн зорилго нь барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд, мөнгөн зээлийн үйл ажиллагааг байнга, ашиг олох зорилгоор эрхлэх иргэнийг бүртгэх, хяналт тавих, тэдгээрээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээл, түүний хүүг төлөх болон мөнгөн зээлийн үйл ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулна.

Хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх иргэний мөнгөн хөрөнгийн хэмжээ, хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 10,000,000 төгрөг, түүнээс багагүй байх, гүйцэтгэх удирдлага, менежер, холбогдох ажилтан нь сургалтад хамрагдсан байх, мөнгөн зээлийн үйл ажиллагаанд зориулсан банкны харилцах данстай байх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн байх, татварын нэгдсэн системд холбогдсон кассын машин, хэвлэх төхөөрөмжтэй байх, барьцаалан зээлдүүлэх журмаар олгох мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх бол тухайн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, стандартыг хангасан ажлын байртай байх, цахим бүртгэлтэй байх, цахим мэдээллийн санд холбогдсон байх зэрэг шаардлагыг тодорхойлсон.

Мөн хуулийн зохицуулалтаар мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь аймагт 100,000,000 (зуун сая) төгрөг, түүнээс дээш, нийслэлд 300,000,000 (гурван зуун сая) төгрөг, түүнээс дээш тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороонд бусад тохиолдолд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргад өргөдөл гаргаж бүртгүүлэхээр зохицуулсан.

Харин энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулан үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газар энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор харъяалах бүртгэх байгууллагад бүртгүүлэхээр заасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуульд зааснаар бүртгэлд бүртгүүлээгүй этгээд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх, эсхүл мөнгөн зээлийн ажиллагааны талаар зар сурталчилгаа хийхийг хориглосон бөгөөд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь Мөнгөн ззээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөлөөс тогтоосон зээлийн хүүгийн дээд хэмжээнд хүүг тогтоох, зээлийн хүүгийн хэмжээг бодох, аргачлалыг  баримтлан ажиллах, алдагдсан эд зүйлсийн талаарх мэдээллийг агуулсан цахим мэдээллийн санд холбогдон мэдээллийн санд бүртгэгдсэн эд зүйлсийг барьцаанд авахгүй байх, сэжиг бүхий эд зүйлсийн талаар цагаадийн байгууллагад даруй мэдэгддэг байх, зээлдэгчид барьцааны эрх хэрэгжүүлэх мэдэгдлийг хүргүүлэх, мэдэгдсэнээс хойш 14 хоногийн хугацаа олгох, барьцаалуулагч шаардсан бол барьцааны зүйлийг худалдахын өмнө түүний үнэлгээг шинжээчээр тогтоолгох, барьцааны зүйлийг худалдан борлуулж, уг орлогоос барьцааны шаардлагыг хангаж үлдсэн хэсгийг барьцаалуулагчид олгох зэрэг мөнгөн зээлийн үйл ажиллагаатай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг тусгасан.

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль хэрэгжиж эхэлснээр мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийг санхүүгийн мэргэжлийн оролцогч болгон чадавхжуулах, үйлчилгээний стандартыг сайжруулах, үйлчлүүлэгчдийн эрхийг хамгаалах, иргэдийг өндөр хүүтэй мөнгө хүүлэлтийн хохирогч болохоос сэргийлэх, хулгайн эд зүйлсийг барьцаалан зээл авах үйлдлийг бууруулж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цаашлаад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чухал ач холбогдолтой юм.

Хууль хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн иргэдийн хувьд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахдаа аймаг, нийслэлийн Засаг дарга эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй эсэхийг шалгаж, зээлийн хугацаа, хүү, үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж үйлчилгээ авах, харьяалах бүртгэх байгууллагад бүртгэлгүй иргэн, хуулийн этгээдээс санхүүгийн үйлчилгээ авахгүй байх нь аливаа үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version