ХАА-н салбар

LEGS стандартыг нутагшуулах, төсөл боловсруулах сургалт боллоо

Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах олон улсын заавар, стандарт (LEGS)-г Монгол Улсад нутагшуулах, институцлэх стратеги боловсруулах сургалт, семинар боллоо. Семинарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, Онцгой байдлын ерөнхий газар, Ховд аймаг болон Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага, “Монголын Улаан загалмай нийгэмлэг”, “Пипл ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага, “Адра-Монгол” олон улсын байгууллага, “Хүүхдийг ивээх сан” болон LEGS-н сургагч багш нар оролцов. 

LEGS буюу онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартыг Монгол Улсад нутагшуулах, институцлэхтэй холбогдуулан өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг хамааралтай талуудын оролцоотойгоор хэлэлцэх; Монгол Улсад  LEGS-г нутагшуулах, институцлэх үйл ажиллагааг авч хэрэгжүүлэхийн тулд үндсэн үүрэг, үйл ажиллагаа, хөрөнгө босголт зэрэг тэргүүлэх чиглэлүүдийг багтаасан стратегийн төслийг боловсруулах зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байгаа юм. 

LEGS гэж юу вэ? 
Онцгой нөхцөл байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандартууд буюу LEGS нь хүмүүнлэгийн хямралд өртсөн хүмүүст туслах зорилгоор мал сүрэгт чиглэгдсэн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэхэд баримтлах олон улсын заавар болон стандартын иж бүрдэл юм. Энэ нь амьжиргааг дэмжих гурван зорилтыг авч үздэг. Үүнд: 

  • Нэн яаралтай тусламж үзүүлэх
  • Амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийг хамгаалах
  • Гамшигт өртсөн хүмүүст дэмжлэг үзүүлэн малжуулах

Энэхүү заавар, стандартуудын иж бүрдлийг 2009 оноос хойш дэлхий дахинд нутагшуулаад байна. 

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарыг байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, эрсдэл даах чадвартай, нийгмийн хөгжлийн чиг хандлага, хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хариуцлагатай, бүтээмжтэй, тогтвортой хөгжүүлж эдийн засгийн тэргүүлэх салбар болгох төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд энэхүү арга хэмжээ чухал ач холбогдолтой юм. 

“Малын тоо толгойг бууруулж гамшигт нэрвэгдэх эрсдэлд орсон болон нэрвэгдсэн малаас аж амьдрал нь шууд хамааралтай хүн амын (малчдын) амьжиргааг тэдгээрт байгаа мал хөрөнгийг нь ашиглан нэн даруй авран хамгаалах, онцгой байдал үүссэн тохиолдолд малын эрүүл мэндийн үзлэг шинжилгээг нэн даруй хэрэгжүүлэн эмчлэн тэнхрүүлэх, мууг нь зовуурьгүй устгах, тэжээл, ус, хашаа хороогоор хангах, гамшгийн дараагаар малжуулах гэсэн 6 үндсэн арга хэмжээний хэрэгцээ шаардлагыг хамааралтай бүх талуудын оролцоотой үнэлж тодорхойлох, бэлтгэл бэлэн байдлыг хангах, хэрэгжүүлэх, хянах, үр дүн-үр нөлөөг үнэлж дүгнэхэд мөрдөх стандартууд, зааврууд нь байгалийн гамшигт нэрвэгдэх эрсдэл ихтэй болсон манай улсад нэн тохиромжтой” болохыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн уг семинарын нээлтийн үеэр онцолж байлаа. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version