ЕрөнхийлөгчЯрилцлагаОнцлох

У.Хүрэлсүх: Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн өргөн хамтын ажиллагаатай байдаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж,  Ши Жиньпинтэй аблан ёсны уулзалт хэлэлцээр хийсэн. Тэгвэл Ерөнхийлөгч энэ үеэрээ Хятадын төв телевизэд ярилцлага өгсөн нь /2023.02.25/ олон нийтэд цацагджээ. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн өргөн хамтын ажиллагаатай найрамдалт харилцаатай байдаг” гэж China Media Group-т өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

-Ши Жиньпин дарга Монгол Улсад айлчлахдаа “Сайн морьтой бол хол явна, сайн нөхөртэй бол ямар ч саадыг давж чадна” гэсэн үгээр Хятад, Монголын харилцааг зүйрлэж хэлснийг би санаж байна.  Монгол, Хятад хоёр улсын энэхүү өвөрмөц харилцааг та хэрхэн харж байна вэ?

-“Саахалт айлын санаа нэг” гэж манай ард түмний сайхан үг бий. Хөрш зэргэлдээ улс орнууд ажил амьдралаараа холбоотой байдаг. Ши Жиньпин дарга 2014 онд Монгол Улсад айлчлахдаа энэ үгийг хэлснийг би санаж байна. Хоёр орны ард түмний хувь заяа, хөршийн хамтын ажиллагаа бол манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс суурь байдаг.

Монгол Улсын эдийн засгийн харилцаа Хятад улстай маш их холбоотой. Монгол Улсын нийт экспортын 60-70 хувь нь Хятад руу гардаг. Мөн бид импортоор ихээхэн хэмжээний бараа бүтээгдэхүүнийг авдаг. Цаашдаа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх чиглэлээр бид хамтарч ажиллахаар шийдсэн. Өнгөрсөн хугацаанд бид Хятад, Монголын эдийн засгийн худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэе гэсэн зорилтыг дэвшүүлсэн байсан. Энэ зорилт маань хэрэгжсэн.

Сая Ши Жиньпин даргатай яриад энэ худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларын хэмжээнд хүргэе, хоёр дахин нэмэгдүүлье, хамтын ажиллагаа, нэн ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлье, энэ нь хоёр улсын ард түмэн, бизнес эрхлэгчдийн эрх ашигт бүрэн нийцнэ гэж шийдсэн. Мөн засгийн газар хоорондын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны хөтөлбөрийг шинээр баталлаа.

Энэ бол хоёр орны засгийн газар хоорондын хөрөнгө оруулалт хөгжлийн чухал түүхэн баримт бичиг болж байна. Энэ бол бидний замын зураглал юм. Энэхүү чухал эрх зүйн баримт бичгийн хүрээнд бид цаашдаа хамтын ажиллагаа өргөжүүлэх болно.

Мөн Монгол, Хятадыг холбосон төмөр зам, боомтуудыг хөгжүүлэх чиглэлд бид сая ярилцаж тохиролцлоо. Энэ нь манай хоёр орны төдийгүй бүс нутгийн улс орнуудын цаашдын хөгжил дэвшилд эерэг сайхан нөлөөг авчирна гэж бодож байна.

Монгол бол хөгжиж байгаа улс. Дахиад 10, 15 жилийн дараа гэхэд Монгол Улс өндөр хөгжилтэй улс болно гэдэгт би итгэл төгс байгаа. Үүний тулд хамгийн гол нь бид сайн хөдөлмөрлөх ёстой. Бодлого зөв байх ёстой. Хөрөнгө оруулалт зөв байх ёстой. Мөн бүс нутгийн болон хөрш зэргэлдээ улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх ёстой. Ингэж байж Монгол Улс хөгжинө гэж бодож байна.

Эх сурвалж: CGTN

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version