УИХОнцлох

Дархан-Уул аймагт Газрын багц хуулийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Д.Баттөмөрийн санаачилгаар Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг Дархан-Уул аймагт /2023.02.16/ зохион  байгуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Д.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх Ш.Ариунжаргал, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батсайхан болон холбогдох бусад ажилтнууд, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн сумдын Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, багийн Засаг дарга, малчид, иргэдийн төлөөлөл хүнсний ногоочид, тариаланчдыг хамруулсан 300 гаруй хүн оролцлоо.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Газрын багцхуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, 2022 оны 10 дугаарсарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүд, 2022оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийнтөслүүдийг нээлттэй хэлэлцүүллээ.

Дээрх хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга Ц.Ихбаяр, Геодези зураг зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Л.Золзаяа, Барилга, хот байгуулалтын яамны Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбат нар танилцуулсан.

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр уг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Тогтвортой хөгжлийн талаарх олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим бол байгаль орчин, нийгэм, эдийн засаг гэсэн гурван үндсэн тулгуур асуудал ижил түвшинд хангагдаж байх явдал бөгөөд олон улс хөгжлийн чиг хандлагаа энэ жишгээр тодорхойлж байна. Монгол Улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэхдээ аж үйлдвэр, хүнсний үйлдвэрлэлийг тэргүүлэх зорилгоо болгон энэ чиглэлээр эрх зүйн орчны шинэчлэлийг хийж байна.

Газрын харилцаа нь дээр дурдсан эдийн засгийг сэргээх, сайжруулах голлох салбар бөгөөд Газрын хуулийн шинэчлэлийн асуудал иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгж байгууллагын тогтвортой үйл ажиллагаа цаашлаад эдийн засаг, нийгэм, соёлын олон салбарыг хамарч байна. Иймд бид Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг олон нийтээр идэвхтэй хэлэлцүүлж, иргэд, олон нийтийн санаа бодлыг тусгаж хуулийн төслүүдийг боловсруулах зорилго тавиад байгааг онцлов.

Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Газрын хууль нь 20 жилийн хугацаанд нийт 35 удаа нэмэлт, өөрчлөлт орсон, хийдэл давхардал ихтэй тул зайлшгүй өөрчлөх шаардлагатай байна. Түүнчлэн газрыг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу эдийн засгийн эргэлтэд оруулах,  өмчлөлийн шинж байдал, зориулалтаас шалтгаалан бусад төрлийн нийтийн эд зүйлсээс ялгаатай авч үзэх, газрын нэгдмэл санг Ойн тухай, Усны тухай хууль, олон улсын ангилалтай нийцүүлэх, Газар зохион байгуулалтын үйл ажиллагааг цогц байдлаар төлөвлөх, газар эзэмших эрхийг эд хөрөнгийн эрхийн зохицуулалттай нийцүүлэн томьёолох, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд газрыг чөлөөлөх, газар хамгаалах, нөхөн сэргээх, газрыг дүйцүүлэн хамгаалах тулгуур зарчмыг тусгах, газрыг бэлчээрийн зориулалтаар ашиглах зохицуулалтыг боловсронгуй болгох, нийтийн эдэлбэрийн газрын ашиглалт хамгаалатыг сайжруулах, Улсын хэмжээнд газрын төлөв байдал, чанарт мониторг хийж үнэлэлт, дүгнэлт өгөх зэрэг асуудлыг бүрэн зохицуулахаар газрын багц хуулийн төслийг өргөн мэдүүлснийг дурдлаа.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 191 дүгээр захирамжаар Газрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан бөгөөд миний бие тус Ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байна.

Энэхүү багц хуулийн төслүүдийн талаарх хэлэлцүүлэг 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг  хүртэл 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, Төрийн ордон, Хэнтий аймагт танхимаар болон цахимаар зохион байгуулагдаж нийт 9847 гаруй иргэн оролцож, хуулийн төслүүдтэй холбоотой нийт 5300 орчим санал ирүүлсэн байна. Хэлэлцүүлгүүдээс гарсан саналуудыг хууль тус бүрээр нэгтгэн ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Мөн хуулийн төслийг d.parliament.mn цахим сайтад байршуулж, иргэд олон нийтийн саналыг авч байгааг онцлон тэмдэглэсэн.

Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслүүдийн зүйл, заалттай холбогдуулан асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, төсөлд бэлчээрийн талаарх зохицуулалтыг дэлгэрэнгүй тусгах, бэлчээрийг малчдын хэсэг, бүлэгт гэрээгээр ашиглуулах, өвөлжөө хаваржааны газрын эрхийг 18 насанд хүрсэнд иргэн бүрд бус малчин өрхөд олгодог байх, хадлангийн газрыг зохистой ашиглах, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг отрын бүс нутгаас хасах талаар байр сууриа илэрхийлсэн.

Мөн Тариалангийн тухай хуулийг Газрын хуультай хэрхэн уялдуулах, сум болгон кадастрын мэргэжилтэнтэй байх шаардлагатай талаар тодруулахын зэрэгцээ ойн зурвас газар байгуулахад дуудлага худалдаагаар явуулах эсэх, газрын харилцаатай холбоотой орон нутагт тулгамдаж байгаа асуудал, газрын асуудлаарх орон нутгийн эрхийг хязгаарласан эсэх, малчдын отор нүүдэлтэй холбоотой газрын асуудал, тариаланчид, малчдын маргааныг хэрхэн зохицуулах, жимс, ногооны зориулалтаар ашиглах газрын хэмжээг нэмэгдүүлэх, газрын даамлыг шаардлагатай тоног, төхөөрөмжөөр хангах талаар илүүтэй лавлаж байлаа.

Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийг газрын нэгдмэл сангийн  ангиллаас хасах шалтгаан, Багийн Засаг дарга нарын эрх хэмжээг нэмэгдүүлэх, бэлчээрээс төлбөр авдаггүй байх, хуулийн төсөлд гадаад үг хэрэглэхгүй байх зэрэг асуудлыг холбогдох албаны хүмүүсээс тодруулж, саналаа уламжилсан.

Байгаль, орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version