Монголын үндэсний музейд өнөөдөр “Нүүдэлчдийн агсарга бүс” каталогийн нээлт /2023.02.20/ боллоо. Нээлтийн ёслолд, эрдэмтэн судлаачид, хувь цуглуулагчид, Соёлын сайд Ч.Номин, Монголын үндэсний музейн захирал Л.Жаргал, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамдын төлөөлөл оролцлоо.
Каталогийг тусгай үзэсгэлэнтэй хамтатган гаргаж байгаа бөгөөд төдийлэн судалгаанд ороогүй байсан Монголын эртний нүүдэлчдийн бүс, түүнтэй холбоотой угсаатны зүй, түүх, археологи, урлаг судлал, шинжлэх ухааны үндэслэлтэй судалгааны материалд үндэслэн дэглэж байгаа юм.
Мөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн музей, судлаач, хувь цуглуулагч нарт байгаа агсарга бүстэй холбоотой зүйлсийг цуглуулж судлан, хүрлийн үе буюу одоогоос 4000-4500 орчим жилийн өмнөөс одоо үеийг хүртэлх агсарга бүсний хэрэглээ, бэлгэдэл, чимэг, шүтээн, уран зураг, бүсээс агсах зүйлс зэргийг судлан бүрэн тайлбартай “Нүүдэлчдийн агсарга бүс” каталогийг олон нийтэд толилуулж байна.
Энэ талаар Соёлын сайд Ч.Номин:
Монголын төр ёсонд бүс, малгайг эрхэмлэн дээдлэж шүтээн мэт хүндэлсээр ирсэн байдаг. Монголчууд бидний хувьд бүс болон малгай нь анд нөхөд төдийгүй улс орны түвшинд эв найрамдлаа бататгах, тангараг өргөх эрхэм дээд бэлгэ тэмдэг болсоор ирсэн байдаг юм.
Тиймээс Соёлын яам, Монголын Үндэсний музей нүүдэлчдийн агсарга бүсний түүхэнд холбогдох олон талт асуудлыг хөндөн эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийж, “Нүүдэлчдийн агсарга бүс” бүрэн хэмжээний каталогийг хэвлүүлж олон нийтэд өргөн барив.
Энэ каталогт хүрлийн түрүү үеэс ХХ зууны түүхэнд холбогдох хүн чулуу, ханын чимэг зураг, шүтээн зураг болон уран зураг зэрэг нийт 140 гаруй үзмэр, эд өлгийн зүйл багтсан.
Түүнчлэн Улаанбаатар хотын төдийгүй орон нутгийн музей зэрэгт хадгалагдаж буй ховор нандин үзмэрүүд, хувь цуглуулагч Ц.Батсайхан, С.Чулуунбаатар, судлаач О.Нямдаваагийн судалгааны хэрэглэгдэхүүн болон судалгааны хүрээлэнгүүдэд буй үзмэрийн мэдээлэл эх сурвалжаас дээжлэн оруулсан.
Иймд Та бүхэн өвөг дээдсээс уламжилж ирсэн бүс, бүсний хэрэглээ, бүсийг эрхэмлэх зан үйлийн талаар бодит мэдээлэл авч, соёлын өвийн дурсгалын нэг болсон агсарга бүсээ дээдлэн, уламжлал шинэчлэлийг хослуулан хэрэглэж, эрхэмлэн дээдлэхэд энэ ном ашиг тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэнд билгийн тооллын битүүний өдрийн мэндийг хүргэж, задгай тархайг бэхлэн батжуулж, эвлүүлэн бүтээхийн ерөөлтэй бүсээ эрхэмлэн дээдлэхийг уриалъя” гэж хэллээ.
Мөн Монголын үндэсний музей дараах мэдээллийг гаргав:
Хожуу хүрлийн үеэс морьтон нүүдэлчид бий болж мал аж ахуй, ан агнуурыг эдийн засгийн чиг болгон хөгжүүлж ирсэн бөгөөд байнгын хөдөлгөөнт хэлбэрт амьдардаг хүмүүст ойр хэрэгцээний чухал зүйлсийг биедээ агуулж явах амьдралын шаардлага урган гарсан. Энэ үеэс агсаргын иж бүрдэл маш баялаг болж олон төрлийн зэвсэг, эд зүйлсийг агсаж (зүүж) явах болсон байна.
Бүс нь нүүдэлчдийн амьдралын хэв маягт тохирсон байдаг бөгөөд морь унахад гэдэс зайлах, бөөр доргих, нуруу чилэх хамгаалах чухал үүрэгтэй төдийгүй, нийгмийн зэрэг зиндаа, эрх мэдлийг илтгэх чухал зүйл болон хөгжжээ. Тийм ч учраас эрт үеэс бүсний арал, бэл тонгыг алт, мөнгө, үнэт чулуу хүрэл, яс, мод зэргээр урлан чимэглэдэг байжээ. Түүнчлэн бүсний арал дээр олон төрлийн амьтны дүрс, хээ угалз дүрслэх бөгөөд энэ эртний нүүдэлчдийн гоо зүйн илэрхийлэл, ертөнцийг үзэх үзлийг илтгэн харуулах өргөн утга агуулга илэрхийлдэг. Бүс нь мөн эртнээс улс орон хүн хооронд эв найрамдал тогтоох, тангаргийн эрхэм дээд бэлэг болдог байсан ба бүс эрхэмлэх уламжлал хожмын монголчуудад ч өвлөгдөн иржээ.
Бүснээс агсах зүйлсийг тоочин өгүүлбэл хоромсого, саадаг, илд, хутга, чичлүүр, билүү чулуу, гал асаагуур, аливаа зүйл агуулах хавтага, чичлүүр, толь, аяга, халбага, савх, эвэр шор, гоо заслын хэрэгсэл зэрэг багтах бөгөөд энэ нь нэг талаар мориноос бууж мордох аль ч үед биеэс салахгүй тул хаяж гээхгүй, тээж явахад төвөг саад багатай, хэрэглэхэд гарын дор ойр зэрэг олон давуу талтай юм.
Нүүдэлчдийн агсаргын уламжлалд 3000 гаруй жилийн хугацаанд төдий л онцын өөрчлөлт гаралгүй XX зууны үетэй залгасан гэж үзэж болох бөгөөд үүнийг тэдний эрхэлж байсан аж ахуйн нийтлэг байдалтай холбон ойлгож болно. Чухам агсаргын бүрдэл хэсгүүд л зарим цагт нэмэгдэх эсвэл хасагдах зарчмаар шинэчлэгдэж ирсэн ба тэдгээрийн дотроос ямар нэгэн хутга, гал гаргах хэрэгсэл нь биедээ авч явах зүйлсийн тэргүүн эгнээнд багтдаг аж.
Бүснээс агсах зүйлсийг тоочин өгүүлбэл хоромсого, саадаг, илд, хутга, чичлүүр, билүү чулуу, гал асаагуур, аливаа зүйл агуулах хавтага, чичлүүр, толь, аяга, халбага, савх, эвэр шор, гоо заслын хэрэгсэл зэрэг багтах бөгөөд энэ нь нэг талаар мориноос бууж мордох аль ч үед биеэс салахгүй тул хаяж гээхгүй, тээж явахад төвөг саад багатай, хэрэглэхэд гарын дор ойр зэрэг олон давуу талтай юм” гэсэн мэдээллийг хүргэв.