Урлаг спортФото сурвалжлага

Далай ээжийн аялгуу дуурссан үдэш

Сэтгэл хөглөсөн аялгуу зүрхэнд уусан шингэж, Далай ээжийн зөөлөн долгиог  харах мэт гайхалтай сайхан мэдрэмжийг бэлэглэсэн үдэш өчигдөр тохиолоо. Монгол Улсын Филармонийн концертын танхимд Хөвсгөл аймгаас гаралтай хөгжмийн зохиолчдод хүндэтгэл үзүүлэх энэхүү арга хэмжээг “Хөвсгөл Алтан дуулга” ХК-иас зохион байгуулсан юм.

Тус компани Хөвсгөл аймгийн Тариалан суманд   газар тариалан, гурилын үйлдвэр, тэжээлийн үйлдвэр гэсэн гурван  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1943 онд  байгуулагдсан Тариалангийн сангийн аж ахуйг үргэлжлүүлэн, 1998 онд хувьцаат компани болж, 20 жил тасралтгүйгээр газар тариалангийн үйлдвэрлэлээ эрхэлж байгаа ажээ.

20 жилийн ойн баяраа тохиолдуулан Монгол Улсын Филарамонид зохион байгуулсан уг хүндэтгэлийн тоглолтод Хөгжмийн зохиолч, цэргийн хөгжмийн алдарт зүтгэлтэн, удирдаач, МУАЖ П.Хаянхярваа, Хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач, МУУГЗ Т.Насанбуян, Хөгжмийн зохиолч, МУСТА Б.Даваадорж, Хөгжмийн зохиолч, удирдаач МУУГЗ С.Дашням, Хөгжмийн зохиолч, удирдаач, МУСТА Ж.Эрдэнэбилэг, Хөгжмийн зохиолч, удирдаач, МУСТА Д.Пүрэвсүрэн, Ая зохиогч, дуучин, МУСТА С.Баянмандах, Хөгжмийн зохиолч, МУСТА О.Эрдэнэбат, Хөгжмийн зохиолч, Хөгжим судлаач МУУГЗ Т.Сэр-Од, Хөгжмийн зохиолч, МУСТА Ц.Эрдэнэбат нар уригдан иржээ.

Тоглолтын эхний хэсэгт Монгол түмний сэтгэлийг хөдөлгөж, зүрхэнд хоногшсон аялгуу дууг хөгжмийн зохиолчид маань дуучдын хамт эгшиглүүлсэн юм. Удаах хэсэгт монголдоо төдийгүй тив дэлхийд нэрээ дуурсгаж яваа Морин хуурын чуулга, удирдаач МУСТА Д.Түвшинсайханы хамт  олны сэтгэлд  хоногшсон дуунуудаар ирсэн зочдын сонорыг мялаасан билээ.  Тодруулбал,  “Цэлгэр цэнхэр нутаг”, “Цэргийн нөхөр Цэрэнтэйгээ”, “Нүдэн гоо”, “Орь залуу нас”,  “Гэнэн сэтгэл” киноны дуу, “Зөвхөн чамдаа”, “Насны ганц хань”, “Бодлын бороо-Сэтэрт тал”,  “Халуу элгэн нутаг”  зэрэг  сэтгэлд хоногшсон аялгууг Морин хуур чуулга хөгжимдөхөд зориулсан хөгжмийн бүтээл болгон өөрчилсөн байв.

Ийнхүү Далай ээжийн аялгуу дуурсах мэт, хөгжмийн зохиолчдынхоо хөг аянд ууссан нэгэн үдшийг Хөвсгөл нутгийнхан хамтдаа өнгөрүүлсэн нь уран бүтээлчиддээ хүндэтгэл үзүүлсэн анхны аймаг болголоо.

П.Нарандэлгэр

0 0 votes
Article Rating

Холбоотой мэдээ

Subscribe
Мэдэгдэх

0 Comments
Хуучин
Шинэ Top
Inline Feedbacks
View all comments
Back to top button
wpDiscuz
0
0
Would love your thoughts, please comment.x
Exit mobile version