УИХFocus

Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнөлөө

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу зохион байгуулж буй “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатны зөвлөлдөх уулзалт өнөөдөр (2023.02.15) хоёр дахь өдрөө Төрийн ордонд “Эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах” сэдвийн хүрээнд үргэлжилж байна.

Улсын Их Хурлын дэд дарга, Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүн С.Одонтуяа үдээс өмнөх нэгдсэн хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажиллаж, Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Баясгалан, Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор, дэд профессор М.Алтанбагана нар илтгэл тавьсан. 

Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, хууль зүйн ухааны доктор (Ph.D), дэд профессор Д.Сүнжид,СЭЗИС-ийн Эрх зүйн тэнхимийн ахлах багш, хууль зүйн ухааны доктор (Ph.D) М.Түвшинжаргал, “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Б.Даваасүрэн,МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш, доктор, дэд профессор, зөвлөх эдийн засагч Б.Түвшинтөгс,Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн менежер Н.Дорждарь, Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс нар хэлэлцүүлэгт оролцогчдын асуултад хариулах экспертээр ажиллав.  

Улсын Их Хурлын дэд дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Зөвлөлдөх уулзалтад Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирж, энэ удаагийн хэлэлцүүлэгт оролцож буй оролцогчдод талархал илэрхийлээд өнөөдрийн сэдвийн хүрээнд орон нутгийн эдийн засаг, жижиг, дунд үйлдвэрлэл, бичил бизнесийг хэрхэн дэмжих талаар санал бодлоо түлхүү хуваалцахыг хүслээ.  

Нэгдсэн хэлэлцүүлэг доктор Б.Баясгалангийн эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах сэдвийн илтгэлээр үргэлжилсэн.

Монгол Улсын эдийн засаг уул уурхай, ашигт малтмалын бүтээгдэхүүнээс шууд хамааралтай. 1990 оноос хойш хийгдсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувь нь уул уурхайн салбарыг чиглэсэн байдаг. Эдийн засгийн энэхүү хамаарлаас шалтгаалаад Монгол Улсын төсвийн орлогын 25 орчим хувийг жил бүр уул уурхайн салбарын орлогоос бүрдүүлдэг. Энэ ч үүднээс уул уурхайн салбарын орлого, ашигт малтмалын үнийн өсөлт, бууралт нь Монгол Улсын эдийн засагт хүчтэй нөлөөлдөг.  2023 оны улсын төсвийн орлогод таван их наяд төгрөгийг уул уурхайн орлогоос төвлөрүүлэхээр төсөвт тусгасан байгаа бөгөөд их хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэхдээ уул уурхайн баялгийг  зөв  захиран зарцуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүсдэг гэдгийг илтгэгч онцолсон.

Уул уурхайн салбараас хамааралтай улс орнууд өөрийн онцлогоос хамаараад энэхүү шавхагдах нөөцийг иргэддээ тэгш хуваарилахаас гадна ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хуримтлал үүсгэх, гадаад зах зээлээс өндөр хамааралтай байдаг ашигт малтмалын орлогыг зөв захиран зарцуулах, эрсдэлээс хамгаалах зорилгоор баялгийн сан байгуулдгийг тодотгоод Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд уул уурхайн орлогын тодорхой хувийг  төвлөрүүлж байгааг дурдлаа.

2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд газрын хэвлийн баялгийн үр, өгөөжийг үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд тэгш хүртээх ёстой гэсэн зарчмыг агуулсан заалт тусгасан. Баялгийн санд төвлөрүүлсэн хөрөнгийг нийгмийн хамгааллыг сайжруулах, ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд зарцуулах нь зөв үү гэдэгт та бүхэн санал бодлоо хуваалцаж, шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлоод үндэсний баялгийн сангийн давуу болон сул талын талаар танилцуулсан.

Тэрбээр, баялгийн сан байгуулж буй нөхцөлд түүний удирдлага ямар байх вэ гэдэг нь хамгийн чухал, анхаарч үзэх ёстой асуудал гэдгийг тэмдэглээд олон улсын туршлагаас харахад баялгийн санг үндсэндээ хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажиллуулдаг гэж байлаа.

Бидний хувьд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж мэргэжлийн баг удирдсанаар тухайн сангийн эх үүсвэрээр улс орныхоо хөгжилд нэн шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх боломж бүрдэнэ. Нөгөөтээгүүр, сангийн удирдлагыг ил тод,  зөв сонгож чадахгүй нөхцөлд улс төрөөс хараат бус байх байдал алдагдах сул талтайг онцлов.

Баялгийн санд иргэдийн хяналтыг хэрэгжүүлэхэд мэдээллийн ил тод байдал чухал. Ийм механизмыг бүрдүүлж чадаагүй тохиолдолд хэчнээн мэргэжлийн баг ажиллууллаа ч энэ асуудлыг  шийдвэрлэх боломжгүй гээд үндэсний баялгийн сангийн удирдлагын баг нь улс төрөөс хараат бус бөгөөд мэргэжлийн байж, олон нийтийн хяналтад ил тодоор ажиллах шаардлагатай гэж байлаа.

Мөн баялгийн сантай холбоотойгоор орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн асуудал хөндөгдөх болсныг дурдсан. Томоохон аж ахуйн нэгжүүдийн зүгээс орон нутгийн хөгжлийг дэмжсэн төслүүдийг хэрэгжүүлдэг. Харин жижиг, дунд аж ахуйн нэгжүүд санхүүгийн чадавхаасаа хамаараад орон нутагтаа хөрөнгө оруулалт хийх, цаашлаад нөхөн сэргээлт хийгддэггүй зэрэг нь тулгамдсан асуудал болоод байна.

Өнөөдөр орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бүх уул уурхайн компаниудад байгаль экологи, хүрээлэн буй орчиндоо сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа эрхлэх, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулах, нийгмийн хариуцлагаа дээшлүүлэх төслүүдийг хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалт тодорхой бус байна. Иймд энэ чиглэлд анхаарах шаардлагатайг илтгэгч дурдсан.

Тэрбээр, томоохон бүтээн байгуулалт гэдэг өргөн цар хүрээтэй, их хэмжээний санхүүжилт шаарддаг, урт хугацаанд хэрэгждэг төслүүд байдаг. Ийм төслүүд хэрэгжсэнээр дэд бүтцийн салбараас гадна бусад салбарт зардал буурах, төсвийн орлого нэмэгдэх зэрэг эерэг үр дүн үзүүлдэг ч экологийн тэнцвэр алдагдах, малчдын суурьшлын бүс хөндөгдөх зэргээр  сөрөг үр дагаврууд гардгийг онцлоод энэ талаар жишээ татан дэлгэрэнгүй тайлбарлав.  

Үргэлжлүүлэн доктор, дэд профессор М.Алтанбагана Төв банк үндсэн чиг үүргээ хараат бусаар хэрэгжүүлэх баталгааг сайжруулах, төвлөрлийг сааруулж, бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийх сэдвийг хөндсөн илтгэл тавьсан.

Тэрбээр илтгэлдээ, Төв банк хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг. Мөнгөний бодлого гэдэг нь төгрөгийн худалдан авах чадварыг тогтвортой хадгалах, инфляцийг нам түвшинд байлгах, иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахад чиглэдэг гэдгийг тодотгоод мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хадгалах,  хараат бус байдлын ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Дараа нь төвлөрлийг сааруулж, бүсчлэн хөгжүүлэхтэй холбоотойгоор засаг захиргааны шинэчлэл хийх асуудлын талаар хөндөн ярьсан. 

Монгол Улс 21 аймаг, 330 сум, нийслэл хотын 9 дүүрэг, 1639 баг, 171 хороотойг дурдаад асуудлын гол нь өнгөрсөн 30 гаруй жилийн турш хот суурин газар луу шилжилт хөдөлгөөн тасралтгүй явагдсаар байгаа шалтгаан нөхцөлийн талаар тодорхой мэдээлэв.

Мөн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудал нь холбогдох хуулиар зохицуулагддаг. Иймд Үндсэн хуульд энэхүү нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг эдийн засгийн бүтэц, хүн амын байршлыг харгалзан, нутгийн иргэдийн саналыг үндэслэж Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ гэсэн заалттайг тодотгож байлаа.

Түүнчлэн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулахын тулд орон нутагт оршин суугч болон шилжин суурьшигч иргэдэд тусгайлсан дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөж, мөн энэ асуудлын хүрээнд гарч болзошгүй давуу болон сул талын талаар тайлбарлаж байлаа.

Үүгээр нэгдсэн хэлэлцүүлгийн үдээс өмнөх хуралдаан түр завсарлаж, сэдвийн хүрээнд 54 хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилэв хэмээн Улсын Их Хурлын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version