Турк болон Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркийн ард түмэнд тохиолдсон уй гашууг хуваалцан, нийслэл, дүүрэг, төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж, иргэд хандивын аяныг эхлүүлсэн. Өнөөдөр хандивын аяны эхний хэсэг болох 10 гэрийг Туркийн ард түмэн рүү илгээлээ.
Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг даргын орлогч, З.Төмөртөмөө, нийслэл дүүргийн удирдлагууд хандивын гэр, асар майхнуудыг БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атешд хүлээлгэн өгсөн юм.
Улмаар тусламжийн бараа, материалыг Туркийн иргэний агаарын тээврийн Туркиш эйрлайнс компанийн өнөөдрийн нислэгээр илгээж байгаа юм.
Газар хөдлөлтөд өртсөн муж, хотуудад олон тооны байр, сууц нуран унасан бөгөөд иргэдэд дулаан байр, сууц болон ахуйн хэрэглээний эд зүйлс шаардлагатай байгааг Элчин сайд Зафер Атеш өмнө нь хэлж байсан.
Тиймээс нийслэл, 9 дүүргээс Турк улсад илгээж буй эдгээр гэр, асар майхан болон тус улсын Элчин сайдын яаманд ирсэн бусад хандивын эд зүйлсийн хамт нэн шаардлагатай газар нь яаралтай хүргэнэ гэдгээ Элчин сайд хэллээ.
Тэрбээр “…Хүмүүнлэгийн тусламжийн бараа материалыг хэрхэн хуваарилахыг манай улсын холбогдох албаныхан шийдэж байгаа. Тусламжийн бараа материал Монголын аврах багийнхны үүрэг гүйцэтгэж буй Хатая муж руу хүргэгдэх талаар миний бие анхаарах болно…” гэлээ.
Нийслэлээс “One team” төрийн бус байгууллагуудын нэгдэлтэй хамтран Төв талбайд зохион байгуулж буй тусламжийн аян энэ ням гараг хүртэл үргэлжлэх юм.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ