Завхан аймгийн НЭ-ийн баг УГТЭ-ээс туршлага судлав
2023 оны 02 сарын 09-ний өдөр Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын 13 хүний бүрэлдэхүүнтэй баг Улсын Гуравдугаар эмнэлэгт эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй санхүүжилтийн шинэчлэлт болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний зохион байгуулалттай танилцан туршлага судалж, хамтран ажиллалаа.
Тус эмнэлэг болон Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг хооронд өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд орон нутагт эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өндөр үр дүнтэй тогтолцоог зохион байгуулахад харилцан туршлага солилцож суралцах, төрөлжсөн мэргэшлийн чиглэлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр нь сургаж дадлагажуулах, нэн шаардлагатай мэргэшсэн хүний нөөцийн залгамж халааг бэлтгэх чиглэлүүдээр хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.
Энэ удаа Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын баг тус эмнэлгийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, амбулаторийн тусламж үйлчилгээ, сэргээн засах, эмзүй, чанар аюулгүй байдал болон сувилахуйн албаны үйл ажиллагаатай танилцаж, ”Хүнд эмчлүүлэгчийн асаргаа сувилгаа” субвилахуйн багийн үзүүлэх дадлага сургалтад оролцож харилцан туршлага солилцлоо.