Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
Монгол Улсын “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын “Чайна энержи интернэшнл” ХХК, “Баошен төмөр зам” ХХК нарын хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлэх зорилготой санамж бичгийн төслийг хэлэлцэн, тохиролцсоноор 2023.02.11-ний өдөр хоёр талын эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, баталгаажууллаа.
Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааны үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Н.Мягмар хэлсэн үгэндээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ажлаар Монгол Улсад зочилж буй БНХАУ-ын “Чайна Энержи интернэйшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ву Чуань болон бусад төлөөлөгчдөд талархал илэрхийлээд хил холболтын төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулахтай холбоотой харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулахад гар бие оролцсон төлөөлөгчдийн зүтгэл өндөр болохыг тэмдэглэлээ. Мөн энэхүү санамж бичгийг байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, гүн туслалцаа үзүүлсэн ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга М.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэгт гүн талархал илэрхийлэв.
БНХАУ-ын “Чайна Энержи интернэйшнл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ву Чуань Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам болон “Тавантолгой төмөр зам” ХХК нь хил холболтын асуудалд өндөр ач холбогдол өгч ажиллаж буйд талархал илэрхийлээд Хятад Улсын Засгийн газар болон Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны зүгээс уг ажилд онцгойлон анхаарч ажиллаж байгааг тэмдэглэв. Мөн энэхүү ажлыг цаашид илүү эрчимтэй урагшлуулж, нягт хамтарч ажиллан, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг амжилттай хийж гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.
Уг харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулагдсанаар Монгол Улсын Сангийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо хооронд байгуулсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын “Санамж бичиг”, “Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам болон нүүрс худалдах, худалдан авах талаар хамтран ажиллах ерөнхий хэлэлцээр”-ийн холбогдох шаардлагуудыг хэрэгжүүлэх бүрэн боломж бүрдэж байна.