Тэлмэн, Тосонцэнгэл, Сантмаргаз сумдад жишиг мал эмнэлэг байгуулна
Завхан аймгийн Тэлмэн, Тосонцэнгэл, Сантмаргаз сумын Засаг даргын тамгын газар, Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо, Эй Кү Эм Си Эс Монголиа ХХК-ний хооронд хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа. Тус арга хэмжээнд Тэлмэн сумын нутгийн зөвлөл Р.Дүүрэнбаяр, Тосонцэнгэл сумын нутгийн зөвлөл Ш.Уртнасан, Сантмаргаз сумын нутгийн зөвлөл Б.Балжинням, Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Батсүх, Эй Кү Эм Си Эс Монголиа ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Наранцогт нар оролцов.
Санамж бичиг байгуулсанаар мал, амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг баталгаажуулах, мал эмнэлгийн салбарын эмч, мэргэжилтнүүдийг чадавхийг сайжруулах, “Нэг сум-Нэг мал эмнэлэг” уриалгын хүрээнд жишиг мал эмнэлэг байгуулах юм. Улмаар төрөөс гаргаж буй Шинэ сэргэлтийн бодлого, мөн “Экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих”, “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнүүдийг сум орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжиж орон нутгийн иргэдийн орлого, амьжиргааны түвшинг сайжруулах зорилготой ажээ.
Эй Кү Эм Си Эс Монголиа ХХК-тай Төрийн сэргэлт бодлогын хүрээнд дээрх сумдын ЗДТГ-ын үйл ажиллагааг сайжруулахад ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлэх, олон улсын итгэмжлэл бүхий баталгаажуулалт олгох, экспортыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд сум орон нутгийн брэнд бүтээгдэхүүн, эко органик үйлдвэрлэлийг сайжруулахад чиглэсэн сургалт, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм.
Монголын үндэсний мал эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Б.Батсүх “1990 онд байгуулагдсан Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо нь Дэлхийн мал эмнэлгийн холбооны Монгол дахь цорын ганц гишүүн байгууллага юм. Завхан аймгийн гурван сумын ЗДТГ-ын санаачлагаар манай байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Малын эрүүл мэндийн асуудал бол хүний эрүүл мэнд, улс орны эдийн засагтай холбоотой байдаг. Тиймээс мал амьтнаас гарч байгаа түүхий эдийн чанар, аюулгүй байдлыг хангахад малын эмч нарын үүрэг оролцоо их байдаг. Сумдын хувьд сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мал эмнэлэгийн байгууллагыг бэхжүүлэх, мал амьтны халдварт өвчнөөс сэргийлэх, тодорхой шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийх, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлд хамтран ажиллаж, мэргэжил арга зүйн зөвөлгөө өгөх юм. Завхан аймгийн хувь сүүлийн 60 жилд гарч байгаагүй мал амьтны гоц халдварт өвчин бүртгэгдсэн. Энэ удаагийн санамж бичгийн хүрээнд халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг бэхжүүлэх юм. Эдгээрээс хамгийн чухал ажил нь монгол хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хангах, монгол малын гаралтай бүтээгдэхүүн үнэ цэнэтэй байх уу, дэлхийн зах зээлд үнэ хүндтэй байх уу гэдгийг сумын түвшнээс эхлэн бүрдүүлж байгаа хэрэг юм.
П.Нарандэлгэр