БНХАУ-ын Эрээн хотын захиргааны төлөөлөлтэй уулзалт хийв
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн Эрээн хотын намын хорооны гишүүн, хотын Засаг даргын орлогч Жан Ин Же-тэй уулзаж, хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Эрээн хотын Гадаад хэргийн албаны дарга Мөнх, Эрээн хотын Худалдааг дэмжих хорооны дарга Цэцэнзориг, Цагдаагийн газрын орлогч дарга Жан Жин Жун, Соёл, аялал жуулчлалын газрын орлогч дарга Жао Цай Сиа, Хилийн худалдааны газрын дэд дарга Ү Эн, Эрээн хотын төрийн захиргааны мэргэжилтэн Ши Юань хуй, Эрээн хотын Худалдааг дэмжих хорооны Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Амгалан, Монголын талаас МҮХАҮТ-ын Үзэсгэлэн яармагийн газрын дарга Ч.Баттулга, Бодлого стратегийн газрын ахлах мэргэжилтэн Э.Бадамхорол, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Н.Энхзаяа, “Боса кондитер” ХХК, “Тэсо групп” ХХК, “Сүү” ХК, “Натурал текстайл” групп ХХК, “Витафит групп” ХХК, “Монос хүнс” ХК-ийн төлөөлөл оролцов.
МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн ирэх 6 дугаар сарын сүүлээр Эрээн хотод зохион байгуулагдах Хятад-Монгол-Оросын эдийн засаг, хамтын ажиллагааны чуулга уулзалт, үзэсгэлэнд МҮХАҮТ ихээхэн ач холбогдол өгч ажиллаж буйг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн Эрээн хотын хилийн иргэдийн худалдааны чөлөөт бүсээр болон Эрээн хотын борлуулалтын төвөөр дамжуулан Монголын аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахад дэмжлэг үзүүлэх талаар ярилцав.
Уулзалтын үеэр Замын-Үүд- Эрээн боомтоор найман хүний суудалтай хувийн тээврийн хэрэгслийг АТА Карней гэрчилгээтэй гаалиар нэвтрүүлэх, хоёр талын хилийн хязгаарлалтын бүсэд чөлөөтэй нэвтрүүлэх талаар судлахаар тохиролцлоо. Түүнчлэн, мэдээлэл солилцоог эрчимжүүлж, хууль бус наймаа зэрэг хууль бус бизнесийн үйл ажиллагааг таслан зогсооход хамтран ажиллана.