ОнцлохЭрүүл мэнд

Өвчин үүсгэгч хүчин зүйлстэй тэмцэнэ

Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбооноос сэтгүүлчдийнхээ мэргэжлийн өсөлт, хөгжлийг дэмжих ажлын хүрээнд гишүүд рүүгээ чиглэсэн “Эрүүл Монголын төлөө” сэдэвт ээлжит 15 дахь удаагийн уулзалт, хэлэлцүүлгээ амжилттай зохион байгууллаа.

Иргэн бүрийн эрүүл мэндийн мэдлэг, боловсрол дээшилбэл аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд үүнд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагынхан онцгой үүрэгтэй билээ. Тэр дундаа хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтүүд жил ирэх тусам доройтож буй энэ үед эрүүл мэндийн мэргэшсэн сэтгүүлчдийн үүрэг, оролцоо нэн чухал юм.

Энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга, доктор О.Чимэдсүрэн нар оролцон, холбоо, клубийн үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо.

Уулзалтын үр дүнд эрүүл мэндийн сэтгүүлчидтэй хамтран ажиллах замаар хүн амын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, цаашлаад аливаа өвчин, эндэгдлийг бууруулахад олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрэв.

“ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ ВЭ

“Эрүүл Монголын төлөө” сэдэвт дээрх зангиагүй уулзалтаар Т.Мөнхсайхан зөвлөх, О.Чимэдсүрэн доктор нар Ерөнхийлөгчийн Тамгын газраас хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, үйл явц, хүрэх үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, бодлого, чиглэлээ танилцуулсан юм.

“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь эрүүл орчин – эрүүл хүнс – эрүүл хүн гэсэн харилцан уялдаатай байгаль, экологийн загварт тулгуурласан хөтөлбөр аж. Тодруулбал, эл загвар нь эрүүл, аюулгүй орчныг бий болгох, эрүүл, шимт хүнсний хэрэглээг дэмжих, судалгаанд тулгуурласан нийтийн эрүүл мэндийг дэмжсэн цогц арга хэмжээ юм байна.

Энгийнээр хэлбэл, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн нь хүн амын өвчин, эндэгдэлтэй тэмцэх бус, түүнийг үүсгэгч анхдагч хүчин зүйлсийг нь арилгах замаар иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад чиглэснээрээ онцлог гэнэ.

ХҮН АМЫН ЕРДӨӨ 3.9 ХУВЬ НЬ Л ЭРҮҮЛ, ЭРСДЭЛТ ХҮЧИН ЗҮЙЛСЭЭС АНГИД АМЬДАРЧ БАЙНА

Өнгөрсөн хугацаанд хүн амын зохисгүй хоололт, архи, тамхины хортой хэрэглээ, хөдөлгөөний хомстол, түүнээс үүдсэн илүүдэл жин, таргалалт, артерийн даралт ихсэлт зэрэг нь эрүүл мэндийн салбарт үлэмж дарамт учруулсаар ирсэн. Учир нь эдгээр шалтгааны улмаас үүссэн өвчнийг оношилж, эмчлэхэд салбарын санхүүжилтын дийлэнх хувийг зарцуулдаг байна.

Судалгаанаас харахад, хүн амын ердөө 3.9 хувь нь л сая дурдсан эрсдэлт хүчин зүйлсээс ангид, эрүүл амьдарч буй гэнэ. Тиймээс хүн амыг соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл орчин бүрдүүлэх, аюулгүй хүнсээр хангах буюу өвчилснийх нь дараа биш, урьтаж сэргийлдэг тогтолцоо бүрдүүлэх нь “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний гол зорилго орших ажээ.

Тус хөдөлгөөнийг зохистой хоололт, эрүүл зан үйл, эрүүл мэндийн боловсрол, нийтийн биеийн тамир гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, эрүүл зан үйлийг төлөвшүүлэхэд нэн тэргүүнд согтууруулах ундааны хэрэглээг бууруулах.

Ингэхдээ жишээ нь, хатуулаг өндөртэй архины градусыг нь хасаж, албан татварыг нь нэмэх байдлаар тэмцэх аж. Учир нь манай улс согтууруулах ундааны шалтгаант эмгэгийн тархалт, үүний улмаас цаг бусаар нас барж буй хүний тоогоороо дэлхийд тэргүүлж буй.

Насанд хүрсэн нэг хүнд ногдох хатуулаг өндөртэй архины хэмжээ ч тасралтгүй өссөөр. Зөвхөн архи, тамхины шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилд дунджаар 7000-8000 иргэн амиа алдаж буй гэсэн харамсалтай судалгаа гарчээ.

АРХИНЫ БОРЛУУЛАЛТЫН ТОДОРХОЙ ХУВИЙГ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАРЦУУЛНА ГЭВ

Дэлхийн улс орнуудын сайн туршлагаас харахад, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлахад хамгийн түрүүнд татварын зохистой бодлого, үнийн өөрчлөлт, тодорхой сигментэд чиглэсэн бодит өөрчлөлт үр дүнгээ өгдөг байна. Үүнийг үндэслэн, онцгой албан татварын тооцоолол, эрүүл мэнд, эдийн засгийн үр нөлөөг олон хувилбараар тооцож, түүнд тулгуурлан 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгч 43 тоот зарлиг гаргажээ.

Уг зарлигийн хэрэгжилтийн хүрээнд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг шинэчилсэн аж. Бусад дагалдах хуулиудад ч томоохон өөрчлөлт хийсний үндсэнд 2023 оноос согтрууруулах ундааны градусаас хамааран архины онцгой албан татвар хоёр дахин нэмэгдэж, литр тутмын борлуулалтаас тодорхой хувийг эрүүл мэндийн боловсрол олгох, нийгмийн эрүүл мэндийн тусламжид зарцуулахаар болжээ.

Энэ мэтчилэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг нийтийн эрүүл мэндийн судалгаанд тулгуурлан хэрэгжүүлж буйгаараа бусад төсөл, хөтөлбөрөөс ялгаатай, хүрэх үр дүн нь ч тодорхой гэдгийг Т.Мөнхсайхан зөвлөх хэлсэн юм.

Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө – МЭМСЦҮХ, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version