Газар хөдлөлтийн гамшигт өртөөд буй БНТУ-ын ард иргэдэд Монголын ард түмний халуун сэтгэлийн тусламжийн барааг МИАТ ТӨХК тээвэрлэн хүргэж байна. Тус компани энэ оны хоёрдугаар сарын 9-нд Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээрээ гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн юм.
Тэгвэл өчигдөр 10:21 цагийн үед /2023.02.12/ Чингис Хаан ОУНБ-аас 2.7 тонн ачаа тээвэрлэсэн нисэх онгоц Истанбул хотын зүг хөөрч, зорьсон газраа очоод байна.
Дашрамд дуулгахад, манай улсын аврах багийн эмнэлгийн бүлэг хоёрдугаар сарын 11-ний өдөр хээрийн эмнэлэгт нийт 86 том хүн, 8 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Эдгээрээс ясны хугаралтай 8 хүний хугарлыг засаж, боолт тавьсан бөгөөд 34 хүнд өвчин намдаах, 11 хүнд шингэн сэлбэх эмчилгээ хийсэн байна.