Ноос, ноолуурын салбарт дээд боловсролтой мэргэжилтэн дутагдаж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд М.Ганхүлэг Ноос, ноолуурын салбарын хөдөлмөрлөх эрх, цалин хөлсний нөхцөл байдлын судалгааны тайлангийн танилцуулга, хэлэлцүүлэгт оролцлоо.
Ноос, ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, цалин хөлс, цалин хөлсний систем нь ажлын гүйцэтгэл, үр ашиг, бүтээмжтэй хэрхэн уялдаж буйг тодорхойлох, салбарын тарифын хэлэлцээр байгуулах суурь мэдээллийн бааз бий болгох, нийгмийн түншлэгч талуудад санал зөвлөмж боловсруулах зорилгоор дээрх судалгааг Фридрих-Эбертийн сангийн захиалгаар Хөдөлмөр, нийгмийн харилцааны дээд сургууль хийсэн байна. Мөн уг судалгааны ажилд ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн Б.Эрхэмбаяр болон Шинжлэх ухааны академи, Ноос ноолуурын холбооны судлаачид оролцжээ.
Судалгаанд 100-аас дээш ажиллагчидтай 4 үйлдвэр, жижиг дунд 17 үйлдвэрийн нийт 392 ажиллагчид хамрагджээ. Эдгээр хүмүүсийн 58.3 хувь нь бүрэн дундаас доош боловсролтой бөгөөд энэ салбарт үйлдвэрлэл эрхлэгчдэд мэргэжилтэй хүний нөөц дутагдаж байгаа нь хамгийн томоохон асуудлуудын нэг болсон байна.
ШУТИС нэхмэлийн үйлдвэрийн технологич инженер, оёдлын үйлдвэрийн технологич, механик инженерүүдийг бэлтгэдэг. 2010 оноос өмнө элсэлт харьцангуй сайн байсан бол сүүлийн 10 жилд инженер, технологийн чиглэлээр суралцах хүсэлтэй суралцагчид, төгсөгчдийн тоо эрс цөөрснийг судалгаанд хамрагдсан экспертүүд өгүүлжээ.
Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран тус салбарт шаардлагатай дээд боловсролтой инженер бэлтгэхэд онцгойлон анхаарч, Ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд хандсан цахим контент гаргах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулах зэрэг шат дараалсан цогц арга хэмжээг хэрэгжүүлэх санал зөвлөмжийг гаргасан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ