ЯрилцлагаОнцлох

З.Гүррагчаа: Үүрэг, хариуцлагаа алдахгүй ажиллахыг хичээх болно

ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Зэвсэгт хүчний Жанжин штабын алба хаагчид болон Цэргийн төв эмнэлгийн эмч, сувилагч нарын бүрэлдэхүүнтэй 35 аврагч Турк Улсад үүрэг гүйцэтгэхээр хөдөлсөн юм.

 Мөн аврах багт ОБЕГ-ын Эрэлч нохойн албаны Марта, Балу гэх дуудлагын нохой багтаж байгаа билээ.

Турк Улсад ажиллах эрэн хайх, аврах багийг ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ахалж ажиллах аж. Бид Турк Улсад аврах ажиллагаанд оролцох Үндэсний аврах бригадын Эрэн хайх, аврах ажиллагааны мэргэжилтэн ахлах дэслэгч З.Гүррагчааг Турк Улс руу аврах ажиллагаанд явахаас нь өмнө холбогдож, ярилцсан юм.

-Та хэдэн жил Үндэсний аврах бригадад ажиллаж байна вэ. Өмнө нь гадаад улсад аврах ажиллагаанд оролцож байсан уу?

-Би Үндэсний аврах бригадыг 2005 онд байгуулагдсан цагаас нь хойш тасралтгүй 18 жил ажиллаж байна. Өмнө нь гадаад улсад аврах ажиллагаанд оролцож байгаагүй. Дандаа улсын хэмжээний дуудлагуудад үүрэг гүйцэтгэж байлаа. Би анх удаа гадаад улсад аврах ажиллагааны чиглэлээр үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл байдлаа хангаад, албаныхантайгаа онгоцны буудал руу явж байна.

-Танд гэрийнхэн нь юу захиж, хэлсэн бэ. Мөн Шадар сайд С.Амарсайхан аврах багийнхантай уулзахдаа юуг чухалчилсан бэ?

-Би гурван хүүхэдтэй. Хоёр том нь хүү. Тэд Туркт болсон газар хөдлөлтийн талаар мэдэж байгаа. Тэгээд намайг “Турк явж, хүмүүс аварна” гэхээр үнэн юм уу гээд л гайхаад, итгэж чадахгүй хоцорсон. Найман сартай охин минь юугаа ч мэдэхгүй “Аав аа, баяртай” гээд л инээгээд хоцорсон доо. Харин хань минь надад “Анхаарал, болгоомжтой яваарай, биеэ бодоорой” гэж захисан. Би ямар нөхцөл байдалтай газар руу явж байгаа билээ дээ. Гэрийнхний минь санаа, сэтгэл ямар байх нь ойлгомжтой шүү дээ. Мөн Шадар сайд С.Амарсайхан бидэнд болгоомжтой ажиллаж, үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, сахилга, хариулцлагатай, албаныхаа нэр хүндийг өргөж ажиллахыг захисан.

-Харин та сэтгэл зүйгээ хэрхэн бэлдсэн бэ. Үүргээ сайн гүйцэтгэж, албаныхаа, улсынхаа нэрийг өргөж явах юм сан гэж бодож байгаа байх?

-Би маш хариуцлагатай байх үүрэг, даалгавар авсан учир албаныхаа, эх орныхоо нэрийг дааж, үүргээ амжилттай гүйцэтгэнэ гэдэгтээ итгэлтэй явна аа. Айж, сандрахаасаа илүү үүрэг, хариуцлагаа алдахгүй ажиллахыг хичээх болно.

 -Үндэсний аврах бригадаас хэдэн аврагч явж байгаа вэ?

-Манай бригадаас 20 алба хаагч аврах ажиллагаанд оролцохоор явж байна. Мөн Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн төв эмнэлэгийн эмч, сувилагч нар үүрэг гүйцэтгэхээр хамт явж байгаа. Англи, Турк хэлний мэдлэгтэй аврагчидтай явж байгаа учраас санаа зовохгүй байна.

-Аврах багийнхан Турк Улсад хэд хоног үүрэг гүйцэтгэх даалгавартай явж байна вэ?

-Бид Турк Улсад ойролцоогоор 14 хоног үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийн таах аргагүй болохоор хэд хоног ажиллах нь тодорхойгүй. Монгол Улсын зүгээс Турк Улсын иргэдэд мах, хувцас, хөнжил, чүдэнд, лаа болон бусад багаж хэрэгсэл хүргэж өгч, тусална.

-Аврагчид өөрсдийн аюулгүй байдлаа хэрхэн хангасан бэ. Турк Улсад буугаад иргэдэд хамгийн анх ямар тусламж үзүүлэхээр төлөвлөж байна вэ?

 -Аврагч бүр өөрсдийнхөө бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангасан. Хүн бүр өөрийгөө хамгаалах хэрэгсэл, багаж, хэрэгсэлтэй яваа. Бид олон улсын аврах багийн хуваарьт орж, хувиарын дагуу үүрэг гүйцэтгэнэ. Аль болох олон хүний амь аварч, тэднийг гэр бүлтэй, элэг бүтэн үлдээхийн тулд л аврах ажиллагаанд явж байна шүү ээ. Аврах багийнхан биеэ даасан байдалтай явж байгаа. Майхан, хөнжил, чүдэнз гээд шаардлагатай зүйлсээ авсан. Хээрийн нөхцөл байдалд ажиллана гэсэн үг. Тэнд ойр, ойрхон чичирхийлэл мэдрэгдэж байгаа гэх мэдээлэл ирсэн учраас дахин газар хөдлөхийг үгүйсгэх аргагүй.

-Марта, Балу гэх аврагч нохойныхоо талаар ярьж өгөөч. Тэд ямар ажиллагаанд оролцож байсан вэ?

-Хорио, цээрийн үед постуудад үүрэг гүйцэтгэж байсан мөн эрлийн дуудлагад үүрэг гүйцэтгэж байсан нохойнууд. ОБЕГ-ын Эрэлч нохойн албанд зургаан нохой байдаг. Бидэндтэй дөрөв, таван жил хамт үүрэг гүйцэтгэж байгаа нохойнууд болохоор гар нийлнэ гэдэгт итгэлтэй байна. Марта дөрвөн настай, Балу гурван настай. Дөрвөн настай Марта нь Төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан юм. Тэднийг Онцгой байдлын аврагч, нохой сургагч, дэслэгч Б.Баярдаваа хариуцна.

-Сайн яваад ирээрэй, амжилт хүсье?

-Баярлалаа.

Б.Гүнжид

Эх сурвалж: ergelt.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version