Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүд, эрдэмтэн судлаачид, их, дээд, дунд сургуулийн багш нар, Шинжлэх ухааны академи, Улаанбаатар хотын номын сангууд, Олон улсын Монгол судлалын холбоо зэрэг олон байгууллагын төлөөллүүд оролцов.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд хандан:
“Сайн байцгаана уу.
Өнөөдөр та бид монголын соёл, хэлзүйн хэрэглээний хувьд чухал ач холбогдолтой “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” хэвлэгдэн гарсантай холбоотой уулзаж ярилцаж байна. Үндэсний хэл соёл, тэр дундаа бичгийн соёл нь үндэстний ижилсэл, дотоод ойлголцлын хэрэглэгдэхүүн, сэтгэлгээг тээгч илэрхийлэгч нь болж байдаг.
Монгол Улс 1941 оноос хойш кирилл бичгийг албан ёсоор хэрэглэж эхэлснээр шинэ үсгийн хэрэглээ, соёл нэвтэрсэн ч зөв бичих дүрмийг цэгцэлж журамлах асуудал хоцорч хожим 1983 онд академич Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар 18000 толгой үгийг журамласан толь гаргаж байжээ. Үүнээс хойш 35 жил өнгөрсөн ч зөв бичих дүрэмд тусгагдаагүй, албан ёсоор журамлагдаагүй үгс олон байж, маргааны сэжүүр байсаар ирсэн юм.
Салбарын эрдэмтэд, иргэд өөрийн дураар алдаа мадагтай бичих нь цахим хэрэглээтэй холбоотойгоор даамжирч, тэр ч бүү хэл өдөр тутмын сонин, ном бүтээлд ч мэр сэр харагдах болсон. Үсгийн дүрэм ямар байвал зохилтой талаар дурын хүн зааж дүрэмдэн, зарим үсгийг хасах талаар уриалах үзэгдэл ч гарч байлаа. Энэ асуудлын угт иргэншлийн түүхээр бүрэлдсэн төрөөс албан ёсоор журамлан тогтоох, зөв бичих дүрмийг албажуулах ажил орхигдсон явдал байсан юм. Одоо бүх маргааныг цэгцэлж, нэг мөр журамлан шийдэхэд хэл зүйн идэвхтэй хувилал бүхий 38000 толгой үг бүхий “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” чухал үүрэгтэй болно.
Хэл бичгийн эрдэмтэд маань тохиролцож, зөвшилцснөөр монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь хэвлэгдэн гарч байгааг би нэн сайшаалтайгаар хүлээн авлаа. Энд би нэгэн зүйлийг зориуд тодотгож хэлмээр байна.
Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид, хэвлэлийн газрынхан, сонины редакцынхан энэ толийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, баримтлах учиртай. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл баримтлал, хувийн бодлоос хамааралгүйгээр улс даяар нэгэн жигд, тогтвортой дүрмээр бичигдэж, жигдрэх ёстой. Хувийнхаа хандлага, сөргөх сэтгэл зүйгээ март. Мэдээж зарим хэлний эрдэмтэн, судлаачдын санаанд нийцэхгүй, өөнөтөглөх, шүүмжлэх сэдэл гарч магадгүй.
Хүн бүрийн санаа, үзэл баримтлалыг харгалзах гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч гарахгүй, энэ нь хэзээ ч дуусахгүй маргааны сэдэв байх болно. Ийм учраас олон бүгдээр Төрөөс монгол хэлний зөв бичих дүрмийг албан ёсоор журамлаж байна гэж үзээд энэ толийг мөрдлөг болгох нь өнөөгийн шаардлагад нийцнэ. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бол хэлний хэрэглээний хувьд үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт хэрэглэгдэхүүн юм. Өнөөдрөөс эхлээд энэ толийг цахимаар үнэ төлбөргүй тарааж, интернэтэд байршуулж байна. Мөн www.president.mn сайтаас болон www.toil.gov.mn албан ёсны сайтаас татаж авах, бичгийн үйл ажиллагаандаа ашиглах боломж нээлттэй.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж зохиолч Д.Нацагдорж шүлэглэснийг сэтгэлдээ тээн бичгийн соёлоо жигдлэн нэг мөр болгоход монгол хүн бүр хичээн оролцоорой.
Мөнх тэнгэрийн хүчин дор монголын бичиг соёл өнө үүрд дэлгэрэх болтугай” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” ном нь зөвхөн хэвлэмэл бус өнөө үеийн бүх цахим төхөөрөмжид суулган ашиглах боломжтой талаар танилцуулж, хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар Улаанбаатар хотын номын сангийн төлөөллүүд, Их, дээд, дунд сургуулийн багш нар, зарим яамдын ажилтнууд, Монголч эрдэмтэн, академич Ц.Дамдинсүрэнгийн охин А.Д.Цэндина зэрэг зочдод номын дээжээс өргөн барив.
“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номыг
- PDF хэлбэрээр татаж унших бол энд
- Онлайн хэлбэрээр татаж авах бол энд
- Үг бүрийг онлайн хайж хэрэглэх бол энд
- Android үйлдлийн системтэй утсандаа татаж суулгахыг хүсвэл энд
- “Kindle” төхөөрөмжиндөө суулгахыг хүсвэл энд дарж тус тус хэрэглэнэ үү.
- Мөн “IOS” үйлдлийн системтэй утсанд суулгах боломжтой болгохоор хүсэлт явуулсан тул ойрын хугацаанд “AppStore” цэснээсээ татаж авна уу.