ЗТХЯОнцлох

“Монгол-Тяньжин тээвэр логистикийн төв” төслийг эрчимжүүлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.02.07/ Тяньжин Порт групп ХК-ийн дэд ерөнхийлөгч Сюй Сюбо тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төслийг эхлүүлэх, хуурай боомт байгуулах талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт “БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх Монгол Улсын импортын нийт ачааны 80 гаруй хувийг Тяньжин боомтоор тээвэрлэдэг. Ковид-19 цар тахлын үед тээврийн үйлчилгээний эрэлт, хэрэгцээ хамгийн чухал гэдгийг ойлгосон. Тээвэрлэлттэй холбоотой хүндрэлийг шийдвэрлэхэд онцгой анхаарч, туслалцаа үзүүлсэнд талархаж байна.

Монгол Улс далайд гарцтай болох бодлогыг дэмжин, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” төсөл нь 2004 оноос хойш урагшлаагүй  байна. Тиймээс төслийг нэн шуурхай эхлүүлэх шаардлагатай.

Үүний тулд “Монголиан порт групп” ХХК-ийн дүрэм, төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгон шалгаруулахыг 2023 оны эхний хагаст багтаан шийдвэрлэх үүргийг холбогдох албан тушаалтанд өгсөн. Цаашид уг төслийг хэрэгжүүлэхэд сайдын хувьд бүх талаар дэмжин ажиллах болно. Хамгийн чухал нь төслөө бодит, үр дүнтэй ажил болгох ёстой” хэмээн хэллээ.

Тус төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын экспорт, импортын ачааны тээвэрлэлтийн хугацаа, зардал багасах ач холбогдолтой юм. Иймд хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд харилцан ашигтай далайн болон хуурай боомт, тээвэр логистикийн төслүүдийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа сайдын зүгээс илэрхийллээ.

Нөгөө талаас Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтыг хоёр улсын эдийн засаг, худалдаа, тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаад талархсанаа илэрхийлж, дээрх төсөл хөтөлбөрүүдэд бүх талаар хамтран ажиллахаа хэлэв.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version