НийтлэлБайгаль орчинОнцлох

Дэлхийн хамгийн ховордсон амьтад

2022 оны Амьд ертөнцийн тайланд дэлхийн зэрлэг ан амьтдын популяци 1970 оноос хойш дунджаар 69%-иар буурч байгааг онцолжээ. Өнгөрсөн хугацаанд зэрлэг ан амьтдын гайхалтай амжилт, түүхүүд гарч байсан ч хүний удирдсан тогтворгүй үйл ажиллагааны улмаас олон амьтад устах аюулд орсоор байна. Олон улсын байгаль хамгаалах холбооны /IUCN/ мэдээлснээр одоогийн байдлаар 41,000 гаруй зүйл амьтан устах аюулд орсон гэж үнэлэгдсэн байна. Доор бид зэрлэг байгальд байгаа дэлхийн хамгийн ховордсон 10 амьтныг жагсаав.

Яван хирс

Яван хирс, Ужунг Кулон үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Индонез© Стефен ​Белчер гэрэл зураг / WWF

Зүүн өмнөд Азиас нэгэн цагт олдсон Яван хирс хулгайн ан болон амьдрах орчныг алдагдуулсаны улмаас тоо толгой нь эрс цөөрчээ. Яван хирсний хамгийн ховор цорын ганц зэрлэг популяци зөвхөн Индонезийн Ява арал дээр байдаг 75 орчим бодгаль байна.  Дэлхийн өвд бүртгэгдсэн Ужунг Кулоны үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Яван хирсний хамгийн сүүлчийн хоргодох газар болжээ. Гэвч энэ газар мөн л халдлагад өртөж буй Аренга далдуу модноос болж хирс идэх хоол багатай, амьдрах орчин нь багасч тэнүүчлэн явах болсон байна. Түүнчлэн яван хирсний жижиг популяци нь байгалийн гамшиг, өвчин эмгэг, хулгайн ан, цус ойртолтын улмаас устаж үгүй болоход маш ойрхон эмзэг нөхцөлд байна.

Амур ирвэс

Амур ирвэс (Panthera pardus orientalis). Гэрэл зургийг Nordens Ark© Ola Jennersten / WWF

Амур ирвэс бол дэлхийн хамгийн ховор том муурны нэг бөгөөд зэрлэг байгальд ердөө 100 орчим л үлджээ. Хэдийгээр тэдний зэрлэг популяци тогтвортой, нэмэгдэж байгаа мэт боловч 1996 оноос хойш эдгээр ирвэсийн дэд зүйлүүд устах аюулд орсоор байна. Амур ирвэсийг зөвхөн Оросын алс дорнод болон зүүн хойд хэсгийн харьцангуй жижиг бүс нутгаас олж болно. Одоогийн байдлаар Хятадад байгаа Амур ирвэсүүд амьдрах орчин алдагдах, хоол хүнсний хомсдол, зам тээврийн дэд бүтэц зэрэг олон эрсдлээс үүдэн аюульай нөхцөлд байна. Гэсэн хэдий ч энэ ховордсон том мууранд устаж үгүй болохгүй байх  найдвар бий. Учир нь тэдний амьдрах нутаг дэвсгэрийн 75 орчим хувь нь ОХУ, БНХАУ-ын тусгай хамгаалалттай газар нутагт оршдог бөгөөд амьдрах таатай орчинг бүрдүүлж байна.

Сунда арлын бар

Усан дахь Суматра бар (Panthera tigris sumatrae) Олзлогдсон© naturepl.com / Lynn M. Stone / WWF

Сунда арлын бар буюу Суматра бар нь дэлхийн хамгийн жижиг барын дэд зүйл бөгөөд 140 кг жинтэй. Тэд бас маш ховор байдаг – зэрлэг байгальд 600 орчим байдаг гэж үздэг бөгөөд зөвхөн Индонезийн Суматра арал дээр байдаг. 1980-аад оноос хойш Зүүн өмнөд Азийн хүн ам 357 сая байсан бол 2020 онд 668 сая болж бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ нь барын тоо толгойд нөлөөлж, амьдрах орчин нь хумигдсаар байна. Бүс нутагт хүн амын суурьшил өргөжихийн хэрээр Сунда арлын барууд хүмүүстэй таарах нь ихэсч байгаа нь хүн барын мөргөлдөөн улам бүр нэмэгдэхэд хүргэж болзошгүй юм. Барын хулгайн ан, эд эрхтэний хууль бус худалдаа зэрэг нь тэдний амьд үлдэх боломжийг хумьж байна.

Уулын горилла

Багени гэр бүл, Вирунга үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс © Брент Стиртон / Getty Images сэтгүүлийн сурвалжлага / WWF

Уулын горилла нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Руанда, Угандагийн галт уулын уулархаг бүс нутаг болон Уганда улсын Бвиндигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр уулын нэвтрэшгүй ойд тусгаарлагдсан хоёр популяцид амьдардаг. Улс төрийн тогтворгүй байдлын зэрэгцээ тус бүс нутагт ядуурал их байгаа нь уулын гориллуудын тоо толгойд ихээхэн аюул учруулж байна, Учир нь 500 мянга гаруй хүн уулын горилла амьдрах орчны ойролцоо амьдарч буй. Гэхдээ олон улсын Горилла хамгаалах хөтөлбөрөөр дамжуулан дотоодын болон олон улсын түншүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн оролцоотойгоор уулын гориллууд байгаль хамгаалах хүчин чармайлт, оролцоотойгоор сэргэж байна. Одоогийн байдлаар уулын горилла ховордсон амьтдын жагсаалтад байгаа бөгөөд зэрлэг байгальд 1000 гаруй бодгаль байдаг. Гэсэн хэдий ч энэ зүйлийн нөхөн сэргэлтэд саад болох олон аюул байсаар байна.

Тапанули орангутан

© Максим Алиага / WWF

Тапанули орангутан бол 2017 онд өвөрмөц зүйлийн жагсаалтад орсон орангутангийн шинээр тодорхойлогдсон төрөл юм. Суматра арлын Батанг Тору экосистемийн халуун орны ойд Тапанули орангутангийн цорын ганц популяци байдаг. Түүнчлэн Индонезийн зэрлэг байгальд 800-аас цөөн тооны бодгаль байдаг бөгөөд тэднийг дэлхийн хамгийн ховордсон том мичний төрөл болгожээ. Халуун орны ойг хөдөө аж ахуй, уул уурхай, усан цахилгаан станц, газрын гүний дулааны бүтээн байгуулалтаар сольж байгаа тул амьдрах орчныг алдах нь тэдний гол аюул болоод байна. 1985-2007 оны хооронд Тапанали орангутан олддог Хойд Суматра мужийн ойн 40 гаруй хувь нь устаж алга болжээ.

Янцзэгийн сэрвээгүй гахай

© Жастин Жин / WWF-АНУ

Янцзэгийн сэрвээгүй гахай нь дэлхий дээрх цорын ганц цэнгэг усны төрөл юм. Энэхүү усны хөхтөн амьтан одоогоор Хятадын Хөх мөрөнд амьдардаг бөгөөд нэн ховордсон амьтдын жагсаалтад оржээ. Гэвч тус бүс нутагт олон жилийн байгаль орчны доройтол, хэт их загас агнуур, усны бохирдол зэрэг нь олон амьтны төрөл зүйлд хортой нөлөө үзүүлж байна. Нэгэн цагт тэдэнтэй хамт амьдардаг байсан Хөх мөрний далайн гахайнууд сүүлийн 20 жилийн турш нэг ч удаа ажиглаагүй байна. Харамсалтай нь Янцзэгийн сэрвээгүй гахай ч удахгүй устаж магадгүй юм. Тиймээс Хятад улс сэрвээгүй гахайг 2021 онд “нэгдүгээр зэрэглэлийн хамгаалагдсан зүйл” болгосон нь тус улсад байгаа хамгийн дээд түвшний хамгаалалт аж. 2018 онд тэдний тоо 1000 орчим байсан бөгөөд зэрлэг байгальд тогтворжиж байна.

Хар хирс

© Richard Edwards / WWF-UK

1960-1995 оны хооронд хар хирсний төрөл зүйл их хэмжээний хулгайн агнуурын улмаас тоо хэмжээгээрээ ихээхэн хохирол амссан байна. 1990-ээд оноос хойш Хирс хамгаалах ажил өрнөсөөр Африк даяар тэдний тоо хоёр дахин нэмэгджээ. Гэсэн ч байгальд хар хирсний 5,630 орчим бодгаль байдаг бөгөөд IUCN-ийн нэн ховордсон жагсаалтад оруулсаар байна. Хар хирсний гурван дэд зүйл одоо амьд үлдсэн бөгөөд барууны хар хирс 2011 онд устаж үгүй болсон гэж зарласан. Өнөөдрийн байдлаар хар хирсний 95% нь Кени, Намиби, Өмнөд Африк, Зимбабве гэсэн дөрвөн улсад л байдаг. Хамгийн том аюул бол эврийг нь авахаар хулгайн ан хийх явдал хэвээр байгаа бөгөөд сүүлийн 10 жилд Африкийн бараг 10,000 хирс эврийн хууль бус худалдааны золиос болгон устгасан байна.

Африкийн ойн заан

© naturepl.com / Брюс Дэвидсон / WWF

Баруун болон Төв Африкийн өтгөн, чийглэг ойн гүнд л байх Африкийн зэрлэг ойн заануудын бодит тоо нь тодорхойгүй хэвээр байна. Гэхдээ нэн ховордсон амьтан болох Африкийн ойн заан 31 жилийн хугацаанд ойролцоогоор 86 хувиар цөөрчээ. Төв Африкт эрчимтэй явагддаг хулгайн ан болон газар тариалан ашиглалт амьдрах орчныг нь алдагдуулж, хүн, зааны зөрчилдөөн нэмэгдэх зэрэг нь цөөрөх шалтгаан болжээ. Өнөөдөр ойн заанууд амьдарч ирсэн нутаг дэвсгэрийнхээ 25 орчим хувьд л байгаа  ба Африкийн 20 өөр үндэстний дунд тархсанаас Габон, Бүгд Найрамдах Конго улсад дийлэнх нь байна.

Суматра орунгутан

© Аnup Shah / naturepl.com

IUCN-ийн нэн ховордсон ангилалд багтсан Суматра орангутан нь зөвхөн Индонезийн Суматра арал дээр байдаг. Эдгээр нь одоогоор IUCN-ийн нэн ховордсон ангилалд багтсан бөгөөд зэрлэг байгальд 14 мянга орчим л байдаг. Суматра орангутанууд мод бэлтгэх, газар тариалангийн тариалалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд хууль бус тэжээвэр амьтдын худалдааны золиос болдог. Орангутанд ой модыг холбосон өргөн уудам газар хэрэгтэй боловч 1985-2007 оны хооронд тэдний амьдрах орчны 60 хувь алдагджээ. Өнөөдөр эдгээр орангутануудын ихэнх нь халуун орны нам дор газрын ширэнгэн ой, хүлэрт намаг бүхий ландшафт болох Лейзерийн экосистем дэх Суматра арлын хамгийн хойд үзүүрт амьдардаг.

Хавскбилл яст мэлхий

Хавскбилл яст мэлхий © Мартин Харви / WWF

Хавскбилл яст мэлхий нь долоон зүйлийн далайн яст мэлхийн нэг бөгөөд Атлантын далай, Энэтхэг, Номхон далайн эрэг орчмын халуун орны усанд байдаг. Тэдний тоо толгой нь 20- 23 мянга гэж үздэг ч тэдний жинхэнэ популяцийн тоог тодорхойлоход хэцүү байдаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд загас агнуурын хэрэгсэлд санамсаргүй байдлаар баригдсан, үүрлэн амьдрах орчны доройтол, шүрэн хадны эвдрэл, хясаа, бүтээгдэхүүний хууль бус худалдаа зэргээс шалтгаалан дэлхий даяар тоо толгой нь 80 хувь буурчээ. Хуванцар бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, далайн усны түвшин нэмэгдэх зэрэг хүн төрөлхтний нөлөөнөөс үүдэн энэ зүйлийн яст мэлхий цөөрөхөд улам бүр нөлөөлж болзошгүй юм.

Нэмэлт мэдээлэл: IUCN буюу олон улсын байгаль хамгаалах холбоо нь засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудаас бүрддэг гишүүнчлэлийн холбоо юм. IUCN нь 1400 гаруй гишүүн байгууллагуудынхаа туршлага, нөөц бололцоо, хүртээмж, 15,000 орчим мэргэжилтнүүдийн саналыг ашиглан байгалийн ертөнцийн байдал, түүнийг хамгаалахад шаардлагатай арга хэмжээний талаар дэлхийн эрх бүхий байгууллага юм.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version