Ярилцлага

Ч.Тэргэл: Шагнал бол ирээдүйд тууштай ажиллах том түлхэц

2022 оны Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдын нэг, албандаа 5 дахь жилдээ үүрэг гүйцэтгэж байгаа Зүүн бүсийн төв-Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч Ч.Тэргэлийг “Аврагчийн хөрөг” булан энэ удаад онцоллоо. Үе тэнгийн залуусаа түүчээлэн өргөсөн тангарагтаа эзэн болж, авран хамгаалах үйлсээрээ манлайлсан түүний гавьяаг ярианы эхэнд товчхон сийрүүлье.

Тэрбээр ажиллах хугацаандаа ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 56 удаагийн дуудлагаар 952 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 67 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн 890 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан. Мөн 25 айлын гэр, 28 хашаа саравч, 9550 гаруй мал сүрэг, 1,5 сая га бэлчээр нутгийг гал түймэрт өртөх эрсдэлээс сэргийлж чадсан юм. Тэрбээр 2022 онд ахуйн гал түймрийн голомтоос 11 хүний амь насыг аварч, утаажилтын бүсээс 40 иргэнийг гарган, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

– Онцгой гавьяа байгуулсан алба хаагчдын хамгийн залуу нь та байлаа. Залуу хүний хүрэх их тэмүүлэлд ташуур боллоо гэж харж байна?

–Маш их баярлалаа. Өөрийгөө илүү ихээр хөгжүүлж, суралцахад минь маш том түлхэц боллоо. Мөн үүрэг гүйцэтгэж эхэлж байгаа залуу боловсон хүчнүүд энэ албанд ажиллахаар зорьж байгаа олон залууст итгэл, урам хайрлалаа.

–Тангараг өргөсөн ч няцах, үүрэг гүйцэтгэж эхлээд шантрах гээд олон ч залуучууд эхлэлээсээ буцдаг. Сонголт хийснээс хойш бартаатай, гөлгөр, годгор, гүдгэр, дардан гээд олон ч замаар замнасан байх. Энэ нугачааг эхлүүлэх болсон шалтгаан сонирхолтой байна?

– Би өөрөө эрсдэлд дуртай. Нөгөө талаар мөрдэстэй цэргийн алба хаагч болох хүсэл мөрөөдөлтэй байсан. Онцгой байдлын албаны дүрэмт хувцас хамгийн их таалагдсан учраас л төрийн цэргийн байгууллагуудаас энэ албыг сонгосон. 2018 онд анхны галын дуудлагаар ажиллах үедээ учраа олохгүй, хэнтэй явахаа сайн мэдэхгүй сандарсан л хүн. Бүтэхгүй юм байна гэсэн бодол хүртэл тухайн үед “тээж” л байлаа.

Гэхдээ хамт олны дэмжлэг, туршлагатай олон ах нарын зөвлөгөө сургамжаар дадлагажаад, ур чадвараа нэмэгдүүлээд л явж байна. Мэдээж эхлэл гэдэг бүх зүйлд хэцүү шүү дээ. Тууштай байснаараа би өнөөдөр энэ албанд “зориулагдсан” байна гэдгээ илүү ойлгосон. Дуудлага бүр өөр, өөрийн гэсэн онцлогтой учраас түүнд тохирсон арга барил,чадварыг аврагчдаас шаарддаг. Юу ч тохиолдсон тухайн цаг үед “хувьсаж” чадах чадвартай байх хэрэгтэй. Мөн албаа гэсэн сэтгэл, хувь хүний ур чадвар болон ажиллах хугацаандаа олж авсан мэдлэг хамгийн том амьдралын “гарын авлага” гэж боддог.

–Хийж байгаа зүйлдээ хэр сэтгэлээ шингээсэн бэ гэдгээс л ялалт, ялагдал цаашлаад амжилтыг дагуулдаг юм шиг санагддаг?

–Хэцүү гээд бодвол хэцүү л санагдана. Амархан гэвэл амархан. Таны хэлснээр хүний сэтгэлзүй, сэтгэлийн илэрхийлэмжээр л бүх зүйл шалтгаалдаг юм шиг… Миний хувьд хичээнгүй, тууштай байх юмсан. Итгэл хүлээлгэсэн энэ олон хүний найдварыг мөхөөхгүй байх юмсан гэж бодож өөрийгөө бүтээж яваа залуусын л нэг.

–Таны дуулж байгааг хэд, хэдэн арга хэмжээний үеэр харж байлаа. Өөрийн гэсэн уран бүтээл ч гаргасан байсан?

–Би дуулах дуртай. Албаны арга хэмжээ, аймаг, орон нутгаас зохион байгуулсан урлаг, спортын арга хэмжээнд тогтмол оролцдог. Өнгөрсөн онд өөрийн анхны “Ээж эрдэнэ” уран бүтээлийг гаргаж, нутгийнхаа зон олны хүртээл болгосон. Цаашид ч олон уран бүтээл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа. Чөлөөт цагаараа хамт олон, найзуудтайгаа спорт зааланд ихэнх цагийг өнгөрүүлдэг. Гар бөмбөг, хөл бөмбөг тоглож, боксын спортоор хичээллэнэ. 2019 оны Онцгой байдлын байгууллагын олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээний боксын 75 кг-ийн жинд мөнгөн медаль хүртэж байлаа.

Албандаа өөрийгөө бүрэн зориулж, ард түмний аюулгүй байдлыг ханган авран хамгаалж явна. Тэгвэл таны ар талыг хэн хариуцаж байна вэ?

– Төрийн тусгай алба хаагч тэр дундаа Онцгой байдлын албаны алба хаагчийн арыг хариуцна гэдэг амаргүй. Цаг наргүй, хэд хоногоор ажиллах нь тодорхойгүй, эрсдэлтэй. Мөн айдсыг хүртэл давхар төрүүлж, сэтгэлзүйн хувьд эмзэглэх олон асуудал гэр бүлийнхэнд тулгардаг. Миний ар талыг миний эхнэр, охин, ээж маань бүрэн хариуцдаг. Би айлын том. Нэг дүүтэй. Дүү маань зургаан настай. Эхнэрийг маань А.Солонго, охиныг маань Т. Амирлан гэдэг. Гурван настай.

Хүн бүр л шинэ ондоо өөрийн зорилгыг тодорхойлдог. Таны 2023 онд амьдралдаа оруулах томоохон өөрчлөлт, зорьсон зорилгыг сонирхож болох уу?

– Нийгмийн асуудлаа шийдвэрлэж, өөрийн гэсэн байр сууцтай болох зорилт тавьсан. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өгч, ирээдүйн офицер болох мөрөөдлийнхөө эхлэлийг бий болгохыг зорьж байна.

– Үеийн залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?

– Идэвх, зүтгэлтэй, тууштай ирээдүйг харж ажиллаж, амьдраарай гэж уриалмаар санагддаг.

– Ярилцсанд баярлалаа. Залуу хүнд зорилго, мөрөөдөл байвал бүх зүйл нээгддэг гэдэг. Зорьсон, санасандаа заавал хүрээрэй?

– Дэмждэг, тусалдаг бас хааяахан зэмлэл хүртээж хурцалдаг намайг гэдэг бүх хүмүүстээ талархаж байна. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа үе тэнгийн найзууддаа, тангараг нэгтнүүддээ боломж үргэлж байдаг гэдгийг харуулсандаа баяртай байна. Шагнал бол ирээдүйд тууштай ажиллах том түлхэц болдог гэдгийг мэдэрлээ. Ийм үнэ цэн хүн бүрт ирэх боломжтой шүү дээ. Цаг хугацааны л асуудал. Онцгой байдлын газар, ангийн удирдлага, хамт олондоо маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version