Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Гэхдээ зөвхөн энэ онд авсан байр, төлсөн оюутны төлбөрийн баримтыг харгалзаж ирэх 2023 онд татварын буцаалтыг олгох юм. Тухайн орлогын буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15 хүртэл авах аж.
Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр, Хувь хүний орлогын албан татварын хуулийн 23.4-д Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид авдаг. Үүний дагуу татвар төлсний дараах орлогоороо орон сууц худалдан авсан хувь хүн татварын тайлан болон бүрдүүлэх материалаа хавсаргаж, уг албан татварын хөнгөлөлтөд хамрагдана.
Албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах үндсэн баримтыг орон сууц хувь хүнээс, барилгын компаниас худалдан авсан байх, эсвэл өөрөө хувьдаа анх удаа амьдрах зориулалттай сууц барьсан байхаас хамаарч бүрдүүлнэ.
Хэрэв орон сууцыг хувь хүнээс худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримтыг цахимаар татна гэлээ.
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:
- “Худалдах, худалдан авах гэрээ”
- “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх аж.
Харин орон сууцыг барилгын компаниаас худалдан авсан бол эхний жилд “Хур” системээс иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, сугалааны дугаарыг талбарт оруулах юм байна.
Иргэн амьдран суух зориулалтын орон сууц барьсан бол анхны жилд “Хур” системд иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг илгээхэд л болох аж. Ингэснээр цахим тайлан тайлангийн системд автоматаар татагдах юм байна.
ТАТВАР ТӨЛӨГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫН ХУВЬД:
- “Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
- “Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
- Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
- Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар/ байх ёстой.