Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2022.01.30) Төрийн албаны зөвлөлийн удирдлага, гишүүдтэй албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг байгууллагынхаа талаар ерөнхий мэдээлэл өгөв. Тухайлбал хүний нөөцийн аудит, сонгон шалгаруулалтын үйл явц, төрийн албаны ёс зүй, хяналт шалгалт болон сургалт, хөгжлийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлуудынхаа талаар товч танилцуулсан.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хаврын чуулганаар Төрийн албаны үйл ажиллагаа, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаар хянан шалгах сонсгол зохион байгуулна гэлээ. Түүнчлэн “Төрийн алба хүнд суртал, авлига хээл хахуульгүй, хууль дээдэлсэн, өндөр ёс зүйтэй байж төрийн ажил сайн явж, улс эх оронд хөгжил дэвшил авчирна. Төрийн албаны маш олон хууль тогтоомж хэрэгжиж, сонгон шалгаруулалт явагдаж байгаа хэдий ч төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлага өнөөг хүртэл үгүйлэгдсээр байна” хэмээн ярианыхаа эхэнд онцлов.
Тэрбээр, дэлхий даяар төрийн албанд гэрээгээр ажил гүйцэтгэх, технологийн дэвшил ашиглаж, төрийн албаны ачааллыг бууруулж, бүтээмжийг дээшлүүлэх шийдэл хэрэгжиж эхэлсэн. Цалингийн систем, үр дүнгийн тогтолцоонд технологийн дэвшил ашиглах олон боломж байна. Улсын Их Хурал, Засгийн газрын ажлын хэсгүүдтэй хамтраад үүнийг хуулийн төсөл болгож ирэх хаврын чуулганд оруулж ирэх хэрэгтэй. Түүнчлэн Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороотой хамтраад төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтын тухай хуулийн төслийг боловсруулаад оруулж ирэх хэрэгтэй” гэлээ.
Улсын Их Хурлын дарга ярианыхаа төгсгөлд “Төрийн албыг цомхон, чадварлаг болгох замаар цалинг нь нэмэгдүүлж, бүтээмжийг нь өсгөх, үр дүнг нь сайжруулах цогц шинэчлэлийг хийх ёстой” гэдгийг онцлон тэмдэглэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.