эрдэнэт үйлдвэрFocusШинэ мэдээ

“Эрдэнэт үйлдвэр-100 сая мод” хөтөлбөрийг хэлэлцэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэгдэж, 2031 он хүртэл хугацаанд 100 сая мод тарих амлалт авч, хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын явцтай танилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Зэс, металлын группийн дарга Х.Бадамсүрэн нар Эрдэнэт хотод хүрэлцэн ирж Ойн генетик нөөцийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, албан уулзалт зохион байгуулсан. Тус уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын болон бусад албаны төлөөлөгчид, Үйлдвэрийн газрын удирдлагууд оролцлоо.   

Тэрбумаар тоологдох их хэмжээний мод тарьж, ургуулах ажил Монгол Улсад анх удаа хэрэгжиж байгаа. Тиймээс энэ том зорилтыг шинжлэх ухаанч, инновац шингэсэн үйлдвэрлэл бий болгох замаар хэрэгжүүлэхэд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд оролцогч талуудын эрх зүйн орчныг шинэчлэх, зохион байгуулалтын ажлыг өөрчлөх шаардлагатай байгаа талаар онцгойлон ярилцлаа.

Уулзалтын үеэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Эрдэнэт үйлдвэр Байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжих бодлогынхоо хүрээнд 100 сая мод тарьж, арчлан хамгаалж, ургуулах ажлыг нэн тэргүүний эрхэм зорилтуудынхаа нэг болгон хэрэгжүүлж байгаа. Тиймээс ч уул уурхайн салбартаа манлайлагч хамт олны хувьд Уурхайчид бид мод тарих, байгалийн нөхөн сэргээлт хийх үйлсэд ч мөн адил түүчээлнэ гэдгээ илэрхийлсэн.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү,  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний үндэс суурь, дэд бүтэц Эрдэнэт Үйлдвэр дээр зангилагдаж, Монгол Улсын экологийн доройтлыг бууруулах Ойн генетик нөөцийн төв Эрдэнэт хотод төвлөрч байгаад баяртай байна. 2024 онд Ойн салбарын 100 жилийн ой тохионо.

Энэ салбарын 100 жилд хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалтыг Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид гардан хийж байгаа нь эх орныхоо нэрийг улсдаа төдийгүй олон улсын хэмжээнд өндөрт өргөсөн ажил болж байна. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээлт, ойжуулалтын ажил нь бусад салбарт сайн туршлага, мэдлэг болох үйл хэрэг болж байна” хэмээн онцолсон юм.

Энэ удаагийн уулзалтад оролцсон Ерөнхийлөгчийн тамгын газрын болон бусад албаны төлөөлөгчид, Үйлдвэрийн газрын удирдлагууд ажлын явцад үүсэж байгаа хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэх боломж, цаашид хууль, эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай байгаа саналаа солилцлоо.  

Э.ЯНЖИНДУЛАМ

Гэрэл зургийг Б.БАТТӨГС

Эх сурвалж: erdenettoday.mn

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version