НийслэлFocus

Нийслэлийн хориглосон бүсээс 4557 толгой мал гаргалаа

Нийтийн эзэмшлийн зам талбай бохирдуулах, ногоон байгууламж сүйтгэх, зам тээврийн осол гаргах, халдварт, гоц халдварт өвчих тархах зэрэг эрсдэлээс сэргийлэн нийслэлийн ихэнх хэсэгт мал аж ахуй эрхлэхийг хориглодог.

Энэ жил нийт нутгаар өвөлжилт хүндэрснээс нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал олноор орж ирэх тохиолдол цөөнгүй гарсан.

Иймээс Нийслэлийн Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулж, нэгдүгээр сарын 21-23-ны хугацаанд 396 албан хаагч, 53 тээврийн хэрэгсэлтэй ажиллан, нийт 4557 толгой малыг хориглосон бүсээс гаргалаа.

Тодруулбал, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын дархан цаазат хамгаалалтын захиргаа зэрэг байгууллагын албан хаагчид мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 4545 толгой адуу, 12 толгой үхрийг гаргаад байна.

Мөн  цагдаагийн байгууллагаас нэг иргэнд торгуулийн арга хэмжээ авч, шаардлага хүргүүлэн, адуучдын төлөөлөлтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсож, албан мэдэгдэл өгч ажиллажээ.

Халдварт, гоц халдварт өвчин тархах эрсдэлээс сэргийлэх зорилгоор хориглосон бүс дэх малтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг нийслэлээс 2017, 2018 онд авч байв.

Тухайлбал, 2018 онд нийслэлийн хориглосон бүсэд хамаарах 38 хорооноос 602 өрхийн 16,784 малыг зөвшөөрсөн бүс буюу Сонгинохайрхан дүүргийн Нарийны хэсэг, мөн дүүргийн 335 дугаар гарам буюу Ногоон толгой, Баянзүрх дүүргийн 20-р хороо Арцатын ам руу нүүлгэн шилжүүлсэн юм.

Ингэхдээ иргэдийн нийгмийн баталгааг хангахад анхааран цахилгаан, худаг, нүүх зардал зэргийг гаргаж, зөвшөөрсөн гурван бүсэд нийт 4.8 км урттай 10 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам тавьж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version