Эрүүл мэндFocus

Гепатит Д вирус нь элэгний хатуурал үүсэх гол шалтгаан болдог

Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн “Элэгний В, Д вирустэй тэмцэгчид” нийгэмлэгийн санаачилгаар (2023.01.23) зохиогдсон иргэдийн зөвлөлдөх уулзалтад оролцлоо. Энэ үеэрээ элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх эрх зүйн орчин, эмчилгээнд нэвтрүүлэх асуудлаар иргэдэд мэдээлэл өгч, асуултад нь хариулав. 

Гепатит В, С вирусийг бодвол гепатит Д вирус нь элэгний хатуурлыг түргэсгэдэг, хатуурал үүсэх гол шалтгаан болдог байна. Тиймээс иргэд уг вирусийн эмийг оруулж ирж, эмчилгээнд нэвтрүүлэхийг шахаж, шаарддаг ч шийдвэрлэгдэхгүй удааширч буй юм байна. 

Иргэдийн уулзалтад оролцох үеэрээ Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Засгийн газар болон бусад холбогдох байгууллагуудад иргэдийн уулзалтаас гарсан шаардлагыг уламжлан дамжуулж, эмийг оруулж ирэх асуудлаар иргэдтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр элэгний гепатит Д вирусийн эмчилгээнд хоёр эм хэрэглэж байгаа бөгөөд нэг эмийг нь Монгол Улсад оруулж ирэх албан ёсны уулзалт, хэлцлүүдийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар 2019 онд эхлүүлсэн ч уг эмийг үйлдвэрлэгчийн тодорхой шалтгааны улмаас энэ ажил одоогоор зогсонги байдалд оржээ. Тиймээс эмийг оруулж ирэх үйл явцыг шуурхайлах үүднээс иргэдтэй хамтран ажиллах, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай талаар тэрбээр уулзалтын үеэр хэлсэн юм. Тэрбээр мөн “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тусгаж, гепатит Д вирустэй иргэдийн 50-иас дээш хувийг эмчилгээнд хамруулах зорилго тавьсан. Үүнтэй холбоотойгоор 2023 оны улсын төсөвт 13.5 тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Иймд 2023 ондоо багтан гепатит Д вирустэй хүмүүсийн эмчилгээнд түлхүү анхаарч ажиллах шаардлагатай” гэв.

Зөвлөлдөх уулзалтад оролцсон иргэд элэгний гепатит Д вирусийн эмийг оруулж ирэх үйл явцыг түргэсгэхийн тулд уг эмийг үйлдвэрлэгч компанид иргэдийн гарын үсэг зурсан хүсэлтийг илгээх, Засгийн газарт мөн үйлдвэрлэгч компанитай гэрээ хэлцэлд орохыг шахах,  гол эмийн эмчилгээ нэвтэртэл элэг хамгаалах эмчилгээ хийх, үнийг бууруулах, гепатит Д вирус тоолох, үг үйлчилгээг даатгалд хамруулдаг болох гээд тодорхой ажлуудыг хийхэд иргэдийн оролцоог хангаж, хамтран ажиллах нь зүйтэй хэмээн санал нэгтэй зөвшилцсөн байна. 

Манай улсад хот, хөдөөгийн 10-64 насны хүн амын 8.1 хувь нь гепатит С вирусийн, 9.4 хувь нь гепатит В вирусийн, тэдгээрийн 51.3 хувь нь гепатит В, Д вирусийн хавсарсан халдвартай байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд хүн амын дундах В вирусийн тархалт 11.8 хувиас 10.6 хувь болон буурсан боловч В вирустэй эерэг хүмүүсийн дунд гепатит Д хэлбэрийн тархалтыг 60-80 хувь хэмээн тодорхойлжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version