Тамирчдын амжилтЯрилцлага

Л.Шинэтулга: Туялзуур сэлэмний спорт хүний оюу ухааныг тэлдэг

Улаанбаатарын Мөсөн ордонд Туялзуур сэлэмний Өсвөр, Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээн болж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хангарди” спорт клуб багийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн билээ. Дасгалжуулагч Л.Шинэтулгааас тамирчдын амжилт, ирээдүйн төлөвлөгөө болон туялзуур сэлэмний спортыг тойрсон асуудлаар ярилцлаа.  

-Юуны өмнө тэмцээнд амжилттай оролцож, багаараа мөнгөн медаль хүртсэнд баяр хүргэе. 
-Баярлалаа. 

-Өсвөр, Залуучуудын Улсын аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээний онцлог юу байв? 
-Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн ирэх гуравдугаар сард болно. Энэ удаагийн Улсын аваргын тэмцээн түүнд оролцох эрхийн төлөөх тэмцээн юм. Манайхаас Азийн тэмцээнд дөрвөн тамирчин оролцох эрх авлаа. “Хангарди” клубийн тамирчид энэ тэмцээнд амжилттай оролцож, гурван алт, гурван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Залуучуудын Улсын аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд “Хангарди” спорт клубийн тамирчин Т.Тулуй, О.Гигүүлэн нар мөнгө, хүрэл медаль авлаа. Багийн төрөлд С.Саруулсайхан, О.Гигүүлэн, Т.Тулуй нар өрсөлдөгчөө буулган авч, алтан медаль хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Х.Нандин-Эрдэнэ, Б.Энхмэнд нар мөнгө, хүрэл медаль авсан. Багийн төрөлд Б.Ариунзул, Т.Эзэнболор, Х.Нандин-Эрдэнэ, Б.Энхмэнд нар мөн л аваргын алтан медаль хүртлээ. Ийнхүү манай охид, хөвгүүд Залуучуудын аваргын багийн тэмцээний тэргүүн байрт шалгарлаа. 

Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд С.Саруулсайхан, өнгөрсөн жил Азийн аваргаас медаль авч түүхэнд нэрээ үлдээсэн хүүхдийг хожиж, аваргын төлөө шалгарсан ч бага сага алдаанаас болж мөнгөн медаль хүртсэн. Эрэгтэйчүүдийн багт Т.Сорбилэг, С.Саруулсайхан, Ц.Дөлгөөнмөрөн, Т.Төрболд нар оролцож, хүрэл медаль авсан. Охид маань ганцаарчилсан төрөлд медаль авч чадаагүй ч багийн төрөлд Х.Нандин-Эрдэнэ, У.Анужин, Т.Эзэнболор нар маань оролцож, алтан медаль хүртлээ. Манай багт зөвхөн Эрдэнэт хотын унаган хүүхдүүд хичээллэдгээрээ онцлогтой. 

-Хангардийн тамирчдын амжилт Улсдаа нэлээд дээгүүрт бичигддэг байхаа?
-Багийн төрөлд болон нэгдсэн дүнгээрээ манайх тогтмол 1, 2-р байрт шалгарч байгаа. Анх 2014 онд насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль авсан. 2015, 2016, 2017 онд гурван жил дараалан насанд хүрэгчдийн Улсын аваргын тэмцээнд түрүүлсэн. Өсвөр, Залуучуудын Улсын аваргын тэмцээнд хоёр жил багаараа түрүүлсэн. Олон улсын тэмцээнүүдэд бас амжилттай оролцдог. Бээжинд болсон олон улсын тэмцээнд оролцсон тамирчдын ихэнх нь түрүүлсэн. 2018 онд Багачуудын Азийн цомын тэмцээний ганцаарчилсан төрөлд манай тамирчин түрүүлсэн. Багийн төрөлд хүрэл медаль авсан. Ноднин Узбекстаны Ташкент хотод болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчин Б.Энхмэнд шагналт 5-р байрт шалгарсан. 

-Хангардийн “сэлэмчид” ийм өндөр амжилт гаргахад Эрдэнэт үйлдвэрийн дэмжлэг их байгаа байх?
-Тэгэлгүй яах вэ. Эрдэнэт үйлдвэрийн дэм тусаар тамирчид маань бэлтгэл сургуулилт хийж, тэмцээн уралдаанд оролцож, хувцас хэрэгсэл, материаллаг баазаар хангагдаж байна. Мөн Туялзуур сэлэмний хоёр ч тамирчинтай гэрээ байгуулан цалинжуулдаг. Бид уурхайчин хамт олныхоо итгэлийг алдахгүй, амжилт гарган, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэр төрийг Улс, тив, дэлхий, олимпод гаргахын төлөө хичээж, бэлтгэлээ базааж явна.    

-Тамирчдын амжилтад дасгалжуулагчийн нөлөө мэдээж их. Та энэ спорттой хэрхэн холбогдсон бэ?
-Туялзуур сэлэмний спортыг “Хангарди” спорт клубийн шигшээ багт албан ёсоор оруулж, эндээ хөгжүүлье гэж Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд шийдсэн юм билээ. 2014 оны нэг өдөр тухайн үеийн үйлдвэрийн удирдлагууд спорт ордонд ирж, бидний ажилтай танилцсан юм. Би боксын спортын олон улсын хэмжээний мастер, тэр үед боксын дасгалжуулагч байлаа. Тэд манай зааланд орж ирээд, “Энэ хүнийг Туялзуур сэлэмний сургалтад хамруулж, дасгалжуулагч болгоё” гэсэн юм. Тэгээд би Улаанбаатар хотод, Узбекстан улсад дасгалжуулагчийн сургалтад явж, 2016 онд Унгар улсад Биеийн тамирын дээд сургууль, академийг энэ мэргэжлээр төгссөн. Ер нь л 2014 оноос хойш энэ спортын дасгалжуулагчаар ажиллаж байна даа. 

-Энэ спортод бокстой төстэй зүйл бий юу?
-Маш их. Тулааны үе ч юм уу, хөлийн ажиллагаа зэрэг нь бокстой ер нь л төстэй. Энэ спорт тамирчнаас мэдрэмж, хурд, сэтгэх чадвар, авьяас ч бас шаардана. 

-Секцэндээ хүүхдүүдийг хэдэн наснаас эхэлж авдаг вэ?
-Зургаан наснаас авдаг. Олон улсын тэмцээнд 2018 онд Хонконгд очиход 4 настай хүүхдийн тэмцээн болж байсан. Сэлэм барьдаг болохоор сургуульд орсон үеэс нь бид эхэлж авч байна. Манай улсад 7 настайгаас тэмцээнд оролцож эхэлдэг. 

-Насны ангиллын хувьд?
-Багачууд 7-13 хүртэл, Өсвөр залуучууд 13-20, насанд хүрэгчид 20-иос дээш гэж ангилдаг.  

-Энэ спортыг хүүхэд багачууд хэр сонирхож байна? Заалны хэмжээ арай бага харагдаж байна, хүссэн болгон хичээллэх боломж хэр вэ?     
-Сонирхдог хүүхэд маш их. Заал маань багадаад байгаа, үүнээс шалтгаалан хичээллэх хүүхдийн тоо хязгаарлагдмал. Заал бага учраас бид тулааны замаа бүтэн тавьж чаддаггүй. Стандарт зам 18 метр байдаг бол манай зам найман метр. Тэмцээнд жижиг сажиг алдаа гаргаж, ялагдаад байгаа нь заал талбайн асуудалтай холбоотой юм уу, гэж хараад байгаа. Богино зам дээр бэлтгэл хийгээд сурчихсан. Стандарт зам дээр гарахаараа хөлийн ажиллагаа ч юм уу, зайн мэдрэмжээ алдаад байна. Энэ спорт маань орон зайн мэдрэмж, хөлийн ажиллагаа их шаарддаг. Сүүлийн 2-3 жилийн судалгаа, ажиглалтаар Улсын аварга шалгаруулах тэмцээнд багаараа түрүүлж чадахгүй байгаа нь замын хэмжээнээс шалтгаалж байна. Том заалтай болоод, замаа бүтэн тавьчихвал үүнээс илүү амжилт гаргана.  

-Туялзуур сэлэмний спортын онцлог, ач холбогдол юу вэ?
-Туялзуур сэлэм нь 1700 оноос Европоос үүсэлтэй, 300 гаруй жилийн түүхтэй, Олимпын ууган, “хаан спорт” гэгддэг. 1896 онд Афинд болсон хамгийн анхны олимп 4-5 төрлөөр зохиогдоход л оролцсон энэ спорт нэг ч завсарлагагүй 2020 оны Токиогийн олимп хүрсэн. Хуучин Европын орнуудаар өндөр хөгжсөн спортын төрөл юм. Ерөнхийдөө энэ спортыг биеийн хүчний шатар гэдэг. Энэ спортын дасгал хөдөлгөөн, тулаан нь хүний их бага тархийг зэрэг ажиллуулдаг, оюун ухааныг тэлдэг онцлогтой. Мөн бэртэл гэмтэл багатай.   

-Энэ спорт Монгол хүнд хэр тохирдог юм бол?
-Монголчууд сэтгэх чадвараар дэлхийд дээгүүр ордог учраас бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд, тэмцээн уралдаанд оролцож, туршлага судлаад явахад “олимп, дэлхий”-ээс медаль авах найдвар бий. Манайхан гаднын сайн дасгалжуулагч авчирч туршлага судалж байсан. Бид тэднээс дутах юм үгүй. Хүүхдүүд ч дутахгүй. Ноднин Азийн аваргын тэмцээнээс медаль авсан. 2011 оноос албан ёсоор Олон улсын тэмцээнд оролцож эхэлсэн. 2021 онд Ази тивийн аваргаас медаль авсан. Том гүрний тамирчдыг ялж, Ази тивийн Өсвөр, Залуучуудын аваргын тэмцээнээс медаль авсан. Мөн 2020 оны Токиогийн олимпын эрхийн тэмцээнээс УБ фенсинг клубийн Б.Амарзаяа медаль аваад олимпын эрхийн төлөө нэг оноогоор хожигдсон юм. Ковидын үед бэлтгэл сургуулилтад хамрагдаж чадахгүй байх үед ийм амжилт гаргасан юм. Олимпын эрх авахад ганц хуруу л дутсан. 

-Та шавь нарынхаа ирээдүйг хэрхэн төсөөлж байна, Та бүхний цаашдын зорилго юу вэ?
-Шавь нарынхаа ирээдүйг гэрэлтэй гэдэгт итгэдэг. Анхны шавь нар маань оюутан болсон. Хотод суралцаад амралтаараа ирж, эндээ бэлтгэлээ хийнэ. Хотын клубүүдээр ч зарим нь бэлтгэл хийгээд л, тэмцээндээ оролцож байна. Тэд маань Улсынхаа төдийгүй Ази, дэлхийн аваргын тэмцээнд оролцоод, амжилтаа ахиулаад явж байгаа. Бидний ойрын зорилго ирэх дөрөвдүгээр сард болох насанд хүрэгчдийн Улсын аваргын тэмцээнд түрүүлж, тэндээсээ Ази тивийн аваргын тэмцээнд оролцож, улмаар олимпын эрх авах. Нэг тамирчнаа 2024 оны олимпод оролцуулах зорилготой, бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Баярлалаа.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version