Засгийн газарУИХОнцлох

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэнэ

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны /2023.01.17/ хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн С.Чинзоригоос бичгээр ирүүлсэн зарчмын зөрүүтэй нэг саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжив. Ингэснээр тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг дуусч, Байнгын хорооны танилцуулгыг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Төмөр замын тээврийн тухай хуулийг 2007 онд анх баталсан. Өнгөрсөн 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт гарсан олон өөрчлөлттэй холбоотойгоор уг хуулийг үндсээр өөрчлөх шаардлага үүссэн.

Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өссөн бөгөөд 2010 оны байдлаар суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол өдгөө суурь бүтэц эзэмшигч 4, тээвэрлэгч 4, суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253, дагнасан болон салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон байна.

Зөвхөн 2022 онд үндэсний төмөр замын сүлжээний урт 2964 километр болж, 40 гаруй хувиар нэмэгдсэн. Тухайлбал, Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуун сухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 876 километр төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гуравдагч гарцуудтай болсон.

Цаашид ч зүүн болон баруун, босоо тэнхлэгийн төмөр замуудыг барьж төмөр замын сүлжээ өргөжих төлөвтэй байгаа гэлээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 11 бүлэг, 49 зүйлтэй бөгөөд ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг 10 гаруй орны төмөр замын тээврийн хуулийг харьцуулан судалж боловсруулсан аж.

Хуулийн төслийн гол зорилт нь төмөр замын тээврийн суурь бүтцийг шинээр барих, өргөтгөх, хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх, ашиглах, зорчигч, ачаа тээвэрлэх, тээврийн аюулгүй байдлыг хангах, ажилтны нийгмийн баталгааг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад чиглэсэн юм байна.

Хууль батлагдсанаар төмөр замын тээвэрлэлттэй холбоотой суурь харилцаа илүү тодорхой, оновчтой болж, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцогчийн тэгш оролцоог хангаж, суурь бүтэц болон хөдлөх бүрэлдэхүүний ашиглалт, засвар үйлчилгээ сайжирч хөрөнгө оруулалт, тээврийн үр ашиг нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Өнөөдөр инфляцыг гол өдөөж байгаа зүйлсийн нэг нь тээвэр, ложистикийн асуудал.

Хууль батлагдсанаар энэ салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэж, төмөр замын үр ашиг дээшилж, аюулгүй байдал хангагдана гэсэн хүлээлт байгаа. “Улаанбаатар төмөр зам”-ын хөдлөх бүрэлдэхүүнээс эхлээд, вагон, бусад эд ангийн эдэлгээний  хугацаа дуусаж байгаа. Нэмэлт хөрөнгө оруулалт хийдэггүй. Энэ юутай холбоотой вэ. Цаашдаа ямар бодлого баримтлах юм бэ  хэмээн лавласан.

Мөн суурь бүтэц барих, угсрах эрх бүхий 253 аж ахуйн нэгж байгаа гэлээ. Ийм эрхийг ямар шалгуураар өгдөг юм бэ. Эдгээрийн хэд нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна вэ гэж асуугаад, мухар төмөр зам бариад байдаг, гэтэл тэр замаар тээвэрлэсэн уул уурхайн бараа бүтээгдэхүүнийг шилжүүлэн тээвэрлэх байгууламжийг барихад дахиад 2-3 жил, 200-300 сая ам.доллар хэрэгтэй гэж байгаа. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ хэмээн тодрууллаа.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Монгол Улс ганцхан төмөр замтай байсан. Орос, Монголын тал 50, 50 хувийг эзэмшдэг бөгөөд 1100 километр зам дээр үйл ажиллагаа явуулдаг. Үндсэндээ “Улаанбаатар төмөр зам” 1949 онд байгуулагдсан цагаасаа монополь байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн. 

Сүүлийн жилүүдэд олон төмөр замтай болсон. Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч 1 байсан бол 4 болсон. Салбар зам, талбай, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч 250 орчим болсон. Төмөр зам дагасан тээвэр нэмэгдэж байгаа. Төрийн зүгээс олон төмөр зам барьж байгуулах бодлогыг барьж байгаа учир төмөр замын эрх зүйн харилцааг тодорхой болгох шаардлага үүссэн юм.

Энэ шаардлагын хүрээнд хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. Төмөр зам олон суурь эзэмшигчтэй болсон, хийж байгаа тээвэртэй холбоотой олон харилцааг нэгдсэн нэг хуулиар, бодлогоор зохицуулах юм. “Улаанбаатар төмөр зам” суурь бүтэц эзэмшигч бас тээвэрлэгч.

Хуулийн төсөлд төмөр замын суурь бүтэц эзэмшигч нь тээвэрлэгч биш байхаар задалснаар өрсөлдөөнийг бий болгоно гэж үзэж, суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч хоёрыг тусдаа аж ахуйн нэгж байхаар тусгасан.

Мухар төмөр замуудын тухайд хэлэхэд, бид төмөр зам хурдан барьж байгуулах нь чухал гэж үзээд Гашуун сухайт, Ханги мандалын төмөр замыг байгуулчихсан. Төмөр замаа барьж байх явцдаа хөрш орныхтой холболт хийх асуудлыг зэрэгцэн шийдэх ёстой байсан. 

Үүнийг зэрэгцүүлж яваагүй учраас өнөөдөр экспортод бүтээгдэхүүнээ гаргаж чадахгүй байна. Энэ асуудлыг Засгийн газар яаралтай шийдэхээр ажиллаж байгаа. Энэ жилдээ бид холболтын төмөр замуудыг барихаар БНХАУ-ын талтай хэлэлцээр хийж байна гэлээ.

“Улаанбаатар төмөр зам”-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ОХУ-ын талтай ажиллаж байна гэж сайд С.Бямбацогт мэдээлээд, энэ хүрээнд “Богд хаан” төмөр зам барьж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаас гадна “Улаанбаатар төмөр зам”-ын ачаа тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна гэлээ.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хуулийн төсөлд тусгасан төмөр замын тээвэртэй холбоотой зөвшөөрлийн асуудлыг эргэж харах, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, төмөр замын тээврийн үнэ тарифын талаар, УИХ-ын гишүүн Х.Булгантуяа төмөр замын салбарын хөдөлмөрийн харилцааг либералчлах асуудлыг хөндөн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд нь хэлэлцэхийг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуралдааны төгсгөлд Аялал жуулчлалын тухай хуулийн төслийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягийг сонголоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version