БоловсролFocus

Нийслэлийн охид, хөвгүүдийн зөвлөлтэй уулзав

Жендэрийн үндэсний хорооноос жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхэд Улс эх орны ирээдүй болсон хүүхэд залуус /өсвөр үе/-ийнхний оролцоо, харилцаа хандлага чухал ач холбогдолтой гэж үзэн Нийслэлийн 9 дүүргийн охид, хөвгүүдийн зөвлөлийн гишүүдийн төлөөлөлтэй уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уулзалт хэлэлцүүлгийг нээж Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд, Ажлын албаны дарга Т.Энхбаяр хэлсэн үгэндээ “Манай жендэрийн хорооны зүгээс Монголын ирээдүй болсон ахлах ангийн охид, хөвгүүд рүү чиглэсэн ажлыг эрчимжүүлж илүү ойр ажиллах төлөвлөгөөг боловсруулаад байна.

Цаашлаад Нийслэлийн охид, хөвгүүдийн зөвлөлтэй хамтран ажилласанаар жендэрийн хэвшмэл ойлголтын талаар мэдээ мэдээлэл зөв ойлголтыг өгч жендэрийн мэдрэмжтэй залуу үеийг бэлдэх нь өнөөдөр цаг үеэ олсон чухал асуудал болоод байгааг” онцлов.

Нийслэлийн охидын зөвлөл нь охидын эрх ашгийг хамгаалах, охидыг айх айдасгүй гэрэлт ирээдүйг хамтын хүчээр бий болгож, охидын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэн идэвх санаачилгатай байлгаж ирээдүйн чадварлаг манлайллыг бий болгох тал дээр тулгуурлан 90 сургуулийн 1562 гишүүнтэй үйл ажиллагааагаа явуулж байна.

Харин хөвгүүдийн зөвлөл нь өөрсдийн дуу хоолойг иргэний нийгэмд хүргэх, жендерийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэх, нийгэмд өөрсдийн үзэл бодлыг зөвөөр илэрхийлэх, өсвөр насны хөвгүүдэд тулгамдаж буй асуудлыг илрүүлэн, шийдвэр гаргах төвшинд ажиллах, ахлах ангийн эрэгтэй сурагчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготойгоор 113 сургуулийн 1500 гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж.

Жендэрийн талаарх хэвшмэл ойлголтууд нь тухайн улс, үндэстний ёс заншил, түүх уламжлалаас ихээхэн хамаардаг. Ардчилсан нийгэмд шилжээд ердөө 30 гаруй жил болж буй манай улсад хадгалагдаж ирсэн хүний эрхэнд ээлтэй бус ёс уламжлал цөөнгүй байдаг.

Үүний тод жишээ нь “Оргүйгээс охинтой нь дээр” гэх буруу ойлголт агуулсан үг хэллэг цөөнгүй бий. Тиймээс ёс уламжлалд авах гээхийн ухаанаар хандаж, олны дунд тогтсон хэвшмэл ойлголтуудыг эргэн харж байх нь орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхахад чухал ач холболтой юм.

Хүүхдийг бага наснаас нь жендэрийн боловсролыг олгосноор, жендэрийн мэдрэмжтэй иргэн болж төлөвших юм. Тиймээс жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд жендэрийн үндэсний хорооны салбар дундын стратеги төлөвлөгөө болох /2022-2031/ хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн охид, хөвгүүдийн зөвлөлтэй болсноор жендэрийн мэдрэмжтэй залуу үеийг бэлтгэх, цаашлаад нийгэмд охид, хөвгүүдийн эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, харилцан бие биенээ хүндэтгэх, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэж тохирлоо.

Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн охидын зөвлөлийг төлөөлж сурагч Б.Батгэрэл, Хөвгүүдийн зөвлөлийг төлөөлж сурагч Ч.Адьяатөмөр нар цаашдын зорилго зорилт, томчуудаас юу хүсэж хүлээж байгаа талаар болон зөвлөлийн хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулав.

Эх сурвалж: Жендэрийн үндэсний хороо

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version