Онцлох

Төсвийн удирдлагын тогтолцоог сайжруулах Ажлын хэсэг хуралдлаа

Нийслэл, Улаанбаатар хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Төсвийн тухай хуулийн холбогдох заалтад өөрчлөлт оруулах, төсвийн удирдлагын тогтолцоог сайжруулах асуудлыг судлах, санал дүгнэлт боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг Нийслэлийн ИТХ-аас байгуулсан. Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М.Халиунбатын ахалсан уг ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2021 онд парламентаар баталсан. Захиргааны энэ шинэчлэлтэй цуг төсөв санхүүгийн шинэчлэлийг хийж чадаагүйгээс зөвхөн нийслэл төдийгүй бусад аймагт байгаа хот, тосгодын хөгжлийн асуудал орхигдоод байгаа юм. Тиймээс Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаанаас дээрх Ажлын хэсгийг байгуулж, 12 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Ажлын хэсэг энэ оны I улиралд багтаан нийслэлийн төсвийн удирдлагын тогтолцоог хэрхэн сайжруулах талаар санал дүгнэлт боловсруулах юм. Мөн Монгол Улсын төсвийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн саналыг боловсруулах үүрэгтэй.

Төлөөлөгч М.Халиунбат энэ үеэр “Бид 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалт тавьж чадаагүй. Харин ч өмнөх хөрөнгө оруулалтын санхүүжилтээ олгож чадахгүй явсаар хуримтлагдсан өр бий болчихсон. Тухайлбал, гадаадын зээл, тусламжийн өр төлбөр. Мөн төсвийн зардал их байгаа” гэдгийг онцоллоо. Нийслэлийн төсвөөс ихээхэн хэмжээний дэмжлэг авдаг ч үйлчилгээний чанар, хүртээмж муу нийтийн тээврийн тээврийн салбарыг харахад л төсвийн удирдлагын тогтолцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг тодотгосон юм.

Нөгөө талаар Улаанбаатар хот өөрөө бараг 10 их наядын өмчтэй ч түүнээсээ орлого хуримтлуулж чаддаггүй. Харин ч хөрөнгө арчлалтад зардал ихээр гаргаж байгаа асуудлыг судалж, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатайг төлөөлөгчид хэлж байлаа. 

Эх сурвалж: НИТХ-ын Хэвлэл мэдээллийн тасаг

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version