МҮХАҮТ бизнес эрхлэгчдээс хоёр жил тутам төрийн байгууллага хэр хүнд сурталтай байна вэ гэдгийг асуудаг. Харамсалтай нь жил тутам “муудаж” ирэв. Өнгөрсөн жил л гэхэд бизнес эрхлэгчдийн 90 хувь нь төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар зургаан баримт бичиг бүрдүүлж, гурван төрийн албан хаагчтай харилцахдаа 13 хоног зарцуулсан. Ингэхдээ 360 мянган төгрөгийн зардал гаргасан. Мөн судалгаанд оролцогчдын 45 хувь нь албан бус мөнгө төлсөн гэж хариулжээ.
Тэр дунд зөвшөөрлийн үйлчилгээ авахдаа бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ямар нэг албан бус зардал гаргасан гэжээ. Тэгвэл энэ мэтээр төрийн хүнд суртлыг даамжруулж, “гарын” мөнгө төлөхгүй байх боломжийг бүрдүүлэхийн тулд анх 2019 онд Зөвшөөрлийн тухай хуулийг санаачилж байв. Хууль санаачлагчдын “Төрийн нэр барьсан авлигачдын шүдийг Зөвшөөрлийн хуулиар ингэж сугалахгүй бол иргэд, хувийн хэвшлийнхэн хүнд суртлын араа шүдэнд зажлагдаж хэмлэгдсээр дуусах нь байна” хэмээн тодорхойлсон уг хууль дөрөв дэх оныхоо босгон дээр батлагдаж, энэ оны эхнээс хэрэгжиж эхэллээ.
Манай улсад олгож байгаа лиценз, баримт бичиг, тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг, гэрчилгээ зөвшөөрлийн тоо 1600-д хүрээд байсан. Харин Зөвшөөрлийн хуулиар энэ тоог дөрөв дахин бууруулж 362 болгож цөөллөө. Ингэхдээ тусгай болон энгийн гэж хоёр ангилахаар хуульд тусгасны дотор тусгай зөвшөөрөл 249, энгийнх 119 төрөл байгаа юм.
Шинэ хуулиар ард иргэд аж ахуйн нэгжүүд зөвшөөрөл авахаас бусад үйл ажиллагаа явуулахад чөлөөтэй. Гагцхүү эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, байгаль экологитой холбоотой үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох хүсэлт илгээнэ. Тухайлбал, нэн ховор амьтныг амьдаар нь гадаад улсад гаргахаар бол Засгийн газраас, цооног өрөмдөх, худаг гаргах, голоос суваг шуудуу татах бол тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас, геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол харьяалах газраас зөвшөөрөл хүснэ.
Харин гадаадын төрийн өмчит хуулийн этгээд Монгол Улсын хуулийн этгээдийн хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших бол Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйл, эх олдворыг сэргээн засварлах, сурталчлах зорилгоор улсын хилээр нэвтрүүлэх Засгийн газарт хүсэлт илгээх юм. Хуулийн авторуудын нэг болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Зөвшөөрлийн хууль нь дур мэдэн зөвшөөрөл шинээр бий болгож, олгох асуудлыг цэгцэлж, нэг мэдээллийн системд оруулаад нэмж хасахыг хориглож байгаа зохицуулалт юм шүү дээ.
Өөрөөр хэлбэл, цахимжуулж нарийвчлан зааж өгснөөр аж ахуйн нэгж иргэдэд хүнд суртал, хүндрэл чирэгдэл учруулан улмаар албан тушаалаа урвуулан ашиглах боломжгүй болгож байгаа юм. Аливаа зөвшөөрөл авлига авах шалтаг, ард иргэдийг дарамтлах далим байж хэрхэвч таарахгүй. Төрийн аль байгууллага, төрөөс эрх шилжүүлж авсан ямар мэргэжлийн холбоод ямар ямар зөвшөөрөл олгосон, яагаад зөвшөөрөл хүссэн иргэн, аж ахуйн нэгжид ямар учир шалтгааны улмаас зөвшөөрөл олгоогүй талаарх бодит үндэслэл, бүрдүүлэх бичиг баримт, тушаах улсын тэмдэгтийн хураамж гээд ер нь зөвшөөрөлтэй холбоотой бүхий л мэдээллийг ил болгох юм.
Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн үйлчилгээний хүнд суртал арилах, авлига, албан тушаалын гэмт хэрэг гарахгүй байх нөхцөл бүрдэж, авлигын хэрэг тодорхой хэмжээнд буурна гэж харж байгаа. Хууль зөрчсөн бол Зөрчлийн хууль, Эрүүгийн хууль, Төрийн албаны тухай хууль зэрэг холбогдох хуулиудаар хариуцлага тооцно” гэж ярьсан.Эцэст нь Ерөнхий сайдын дэргэд зөвлөл ажиллана. Энэ зөвлөл гурван жил тутам бүх зөвшөөрөлд аудитын шинжилгээ хийж шаардлагагүйг нь хасаад явах юм байна.
Хуулийн шинэчлэлээс онцлох заалт цөөнгүй бий. Зөвшөөрөл хүссэн өргөдлийг ажлын 23 өдөрт буюу хуанлийн 30 хоногийн дотор багтаан шийдвэрлэнэ. Зөвшөөрөл сунгах өргөдлийг ажлын 15 өдөр шийдвэрлэхгүй, заасан хугацаанд хариу өгөөгүй бол анх олгосон хугацаагаар сунгасанд тооцно. Төрийн байгууллагын зүгээс иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрлийн хугацаа дуусахаас 45 хоногийн өмнө мэдээллийг эзэмшигчид мэдэгдэнэ. Харин энэ бүх хугацаанд гаргасан хүсэлтийнхээ явцыг иргэн цахимаар хянаад явна.
Зөвшөөрлийн хууль бизнес эрхлэгчдэд ээлтэй болж эдийн засгийн эрх чөлөө өгч байгааг онцолж байгаа. Урьд нь 200 байсан зөвшөөрлийн тоо 1600 болж найм дахин нэмэгдсэнийг энэ хуулиар 362 болгож төрийн дарамтыг тав дахин багасгаж байгаа гэх. Хамгийн энгийнээр хэлэхэд үүний нэг жишээ бол өмнө нь дэлгүүр шинээр нээхэд 28 төрлийн зөвшөөрөл авдаг байсан. Харин шинэ хуулиар хоёр төрлийн зөвшөөрөл аваад л иргэн үйл ажиллагаагаа эхлүүлж болохоор болжээ.
Төрийн хүнд суртал, авлига, хахуулийг халах бас нэг дэвшил нь энэ хуульд заасан зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн сантай болж байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөл хүссэн, олгосон хоёрын мэдээлэл хоёулаа цахим санд нээлттэй орж байгаа нь илүү шилэн болох давуу талтай юм. Энэ санг эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцахаар хуульд тусгажээ.
Зөвшөөрөл олгох үйл явц:
Баримт бичгийн бүрдэл шалгах 2 хоног.
Хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдөр баримт бичгийн бүрдэл шалгана. Хангасан гэж үзвэл магадлах ажиллагааг эхлүүлнэ. Дутуу бол нөхөн бүрдүүлэх хугацаа 10 хоног байна.
Магадлан шалгах 5-10 хоног:
Баримт бичгийн бүрдэл хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрлийг ажлын таван өдөр, энгийн зөвшөөрлийг ажлын гурван өдөр. Шаардлагатай гэж үзвэл дээрх хугацааг нэг удаа ажлын гурван өдрөөр сунгана. Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын хоёр өдрийн дотор зөвшөөрлийг сунгах эсэх шийдвэр гаргана. Хэрэв дээрх хугацаанд хариу өгөөгүй бол автоматаар сунгасанд тооцно.
Шийдвэр гаргах 5 хоног.
Магадлан шалгах хугацаа дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор олгох эсэхийг шийдвэрлэнэ. Энэ хугацаанд эрх бүхий этгээд хариу өгөөгүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно.
Зөвшөөрөл олгох 3-5 жил
Зөвшөөрөл эзэмшигч татварын өргүй, байнгын тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байраа хадгалсан бол зөвшөөрлийг анх олгосон хугацааг хоёр дахин нэмэгдүүлж сунгаж болно.
Энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй, тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй хугацаатай олгоно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин |