Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батсуурь нар өнөөдөр (2023.01.09) хэвлэлийн бага хурал хийж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооноос зохион байгуулах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын талаар мэдээлэл хийлээ.
Хөгжлийн банкны зээл олголт, эргэн төлөлт, банкны үйл ажиллагааны үр ашигт байдалтай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хүрээнд хамаарал бүхий этгээд болон гэрчийн тайлбар мэдүүлэг, түр хорооны шинжээчдийн гаргасан дүгнэлт, хянан шалгагчдын тайланг хэлэлцэх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг гурван удаа зохион байгуулна.
Нотлох баримтыг шинжлэн судлах эхний сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны хооронд болно. Энэхүү сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээд, гэрчийн мэдүүлэг, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсож нээлттэй хэлэлцэж, үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн нийт 3.5 их наяд төгрөгийн 77 зээлдэгч, хуулийн этгээдийн төсөлтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судална. Дээрх шууд санхүүжүүлсэн зээлийн багцаас 22 зээлдэгчийн зээлийн зарцуулалт хэвийн байгаа бол үлдсэн 55 зээлдэгчийн зээлийн зарцуулалтын талаар хэлэлцэх юм байна. Иймд ажлын 5 өдөр хуваарийн дагуу нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Төрийн ордонд зохион байгуулах юм байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь сонсгол 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болно. Энэ удаагийн сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгө оруулалтын шинж чанартай 355 төсөл, арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны үйл ажиллагаанд эрх бүхий байгууллага, хөндлөнгийн хяналт шалгалтын болон олон улсын аудитын компаниудын дүгнэлт зөвлөмж, өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнгийн талаар хэлэлцэнэ.
Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь сонсголыг 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны хооронд зохион байгуулах бөгөөд энэхүү сонсголоор Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүн, Хөгжлийн банкны бусдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийн удирдлага, зарцуулалт, ашиглалт, үр дүнгийн талаар хянан шалгагчийн мэдээлэл сонсоно. Мөн цаашид Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааны талаар авах арга хэмжээний тухай шийдвэрийн төслийг олон нийтэд нээлтэй хэлэлцүүлэн шийдвэрлэх аж.
Хянан шалгах түр хорооны сонсголыг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болгон Төрийн ордонд танхимаар зохион байгуулж олон нийтэд нээлттэй, ил тод байдлыг хангах зорилгоор олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.