УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгож, Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөлөө
Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы /2023.01.05/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг эхлүүлж, төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулан Улсын Их Хурлын гишүүдийн асуулт, хариултыг явуулж түр завсарласан.
Иймд үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн бөгөөд тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Ё.Баатарбилэг, Т.Энхтүвшин, Г.Мөнхцэцэг, С.Чинзориг, Ж.Мөнхбат нар асуулт асууж, дэмжсэн дэмжээгүй талаар үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг тогтоолын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ “Барилга, хот байгуулалтын яам хот байгуулах асуудалд нарийн судалгаа, тооцоолол хийж, техник эдийн засгийн үндэслэлээ боловсруулахдаа хугацаатай, төлөвлөгөөтэй хандан, бодит ажил болгох шаардлагатай. Цаашлаад нэн тэргүүнд хот байгуулах газрын асуудлаа нарийн тогтож, улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй” хэмээв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, “Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Засгийн газраас холбогдох төслийг өргөн мэдүүлж, Улсын Их Хурал нь баталж буй энэхүү тогтоолын үр дүнд олон улсын жишиг, стандартад нийцсэн Монгол Улсын түүх, соёлын онцлогийг шингээсэн, түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тулгуурласан хот байгуулах шаардлагатай. Иймд энэхүү бүтээн байгуулалтын ажилд үндэсний инженер, боловсон хүчнээс гадна хот төлөвлөлт хийдэг олон улсын томоохон байгууллагуудыг урьж оролцуулах нь чухал” гэж байлаа.
Ингээд “Орхоны хөндийд хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 54.8 хувь нь дэмжив. Иймд төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв
Дараа нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржоос 2022 оны 10 дугаар сарын 21- ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хороо 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хийсэн. Энэ талаарх Байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хийв.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан журмын дагуу хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсныг дурдаад Улсын Их Хурлын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн гүйцээн боловсруулах чиглэлийн дагуу Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1-д заасныг баримтлан 1 санал хураалт явуулсан. Мөн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийн зарим заалтаар дахин санал хураах шаардлагатай гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд үзсэн тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 1 санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн гэв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуулт асууж, хариулт авсны дараа Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжсэн. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын 40.3 дахь хэсгийг “Төсвийн тухай хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу төсөвт төвлөрүүлсэн цахим виз, оршин суух үнэмлэх хэвлэх үйлчилгээний хөлсний орлогыг байгууллагын нийтийн мэдээллийн дэд бүтэц, түүнийг ашиглах, хөгжүүлэх мэдээллийн аюулгүй байдлыг хангах, албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулан дараагийн жилийн төсөвт тусгаж санхүүжүүлнэ.” гэж өөрчлөн найруулахаар болов.
Хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн.
Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг сонслоо
Үргэлжлүүлэн Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын тайланг хэлэлцсэн.
Энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын гишүүд болон сонсголд оролцогчдын гаргасан саналуудыг тоймлон авч үзвэл үндсэн 6 чиглэлээр саналууд гаргасныг онцлов.
1.Засгийн газраас байгуулсан “Нүүрсний хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг” буюу штабт ард түмний төлөөллийг оролцуулах, нүүрсний хулгайтай холбогдогч этгээдүүдийг зарлах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийг шалгах, шаардлагатай бол Улсын Их Хурлын гишүүдийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэн шалгах, нэг км төмөр замыг олон улсын жишгээс өндөр үнээр барьсан нь хулгай хийх нөхцөлийг бүрдүүлсэн болон төмөр замтай холбоотой үүсээд байгаа авлига, хээл хахуулийн гэмт хэргийг шалган тогтоох, оффтэйк гэрээнүүдийг ил болгоод зогсохгүй, ажил гүйцэтгэх, туслан гүйцэтгэх гэрээнүүдийг ил болгох, 2010 оноос хойших 1072 хувьцаа эзэмшигчдийн нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл, гүйцэтгэх удирдлагын хурлын бүх тэмдэглэл, тушаал, шийдвэр, худалдах, худалдан авах гэрээнүүдийн хуулбар зэргийг ил болгох талаар саналуудыг гаргасан.
2.Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, байгалийн баялгийг олон нийтийн хяналтад оруулах, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах хүрээнд Улсын Их Хурлаас Төрийн өндөр албан тушаалтнуудтай хариуцлага тооцох тухай, Үндэсний баялгийн сангийн тухай, Эрдэс баялгийн ил тод байдлын тухай, Улс төрийн намын тухай бие даасан хуулиудыг батлах, Татварын тухай болон Сонгуулийн тухай, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэн шинэчлэх, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль болон Засгийн газарт онцгой дэглэм тогтоосон хуулиудыг хүчингүй болгох саналуудыг гаргав.
3.Төрийн байгууллагуудын мэдээлэл өөр хоорондоо зөрүүтэй байгаад дүгнэлт хийж, Монголбанк, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг холбогдох байгууллагуудаас тээвэрлэлттэй холбоотой статистик мэдээллийг үнэн зөвөөр гаргаж, нүүрсний үнийн зөрүүний асуудлыг тусад нь авч үзэж, нүүрсний хулгайд ямар нөлөөлөл үзүүлснийг судалж, дүгнэлт гаргах, ил тод болгох, оффтэйк гэрээг нууцад хамруулсан шийдвэр гаргасан болон бүртгэлгүй нүүрсийг улсын хилээр гаргасан этгээдийг олон нийтэд зарлах, хариуцлага тооцох, хуулийн байгууллага хяналт шалгалт хийхдээ хөндлөнгийн нөлөөнд автахгүй, улс төрөөс ангид хараат бусаар үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх саналуудыг гаргажээ.
4.Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтийн хяналтад оруулах хүрээнд төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд иргэдийг оруулах, ард түмэнд ногдол ашиг хуваарилах, төрийн өмчийн засаглалыг өөрчлөх, хяналтыг сайжруулах, олон нийтэд нээлттэй болгох, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн төрийн эзэмшлийн бүх хувьцааг иргэдэд үнэ төлбөргүй шилжүүлэх, жижиг, том Тавантолгой компанийг нэгтгэж орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд төвлөрүүлж, тус сангийн хөрөнгийг нийт аймгуудад тэгш хуваарилах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д бүртгэлтэй байгаа “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийг “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэх, Тавантолгойн орд ашиглалтын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд түүхий нүүрсийг боловсруулж хилээр гаргах, Тавантолгойн орд газрыг хашаалж иргэдийн өмчийг хамгаалах, төмөр зам, цахилгаан эрчим хүчний бүтээн байгуулалтад анхаарах, Оюутолгойн орд ашиглалттай холбоотой Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хороотой адил Тавантолгойн асуудлаар Түр хороог байгуулж, мэргэжлийн экспертүүдийг татан оролцуулж, үр дүнг Улсын Их Хуралд танилцуулах, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 30 хувийг маш хямд үнээр IPO хийн арилжаалах гэж байгаа бол түүнийг зогсоох зэрэг саналуудыг хэлсэн байна.
5.Ерөнхий хяналтын сонсголын зохион байгуулалт, хамрах хүрээ, сонсголын үр дүнг тайлагнах хүрээнд Улсын Их Хурлаас зохион байгуулж байгаа нийтийн эрх ашгийг хөндсөн томоохон асуудлаар ерөнхий хяналтын сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайдыг заавал оролцуулдаг байх, зөвхөн нүүрсний асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулаад зогсохгүй цаашид нефть, зэс болон уул уурхайн салбарын бусад бүтээгдэхүүнээр, хил, гаалийн хяналтын асуудлаар нийтийн сонсгол зохион байгуулах, сонсголоос гарсан үр дүнг Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Их Хурал, Засгийн газарт хүргүүлдэг байх зэрэг санал гаргасан.
6.Төрийн байгууллын харилцан хяналт-тэнцлийг хангах хүрээнд Улсын Их Хурал нь Засгийн газартаа тавих хяналтаа сайжруулах, Шүүх, прокурорын байгууллагын томилгоог өөрчлөх, шинэчлэх, Улсын Их Хурлын гишүүдийн халдашгүй байдал, эрх мэдлийг бууруулах, ард түмний төлөөлөл сонгогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх зэрэг саналуудыг гаргасан болно гэдгийг Улсын Их Хурлын гишүүн танилцуулгадаа дурдлаа.
Түүнчлэн тэрбээр танилцуулгадаа, Сонсголын үеэр холбогдох байгууллагын удирдлагуудын хийсэн мэдээлэл болон оролцогчдын гаргасан саналд үндэслэн сонсголын үр дүнг дараах байдлаар дүгнэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох нь зүйтэй гэж үзсэнийг тодотгов. Үүнд:
1.Энэхүү сонсголын үр дүнгээр Эдийн засгийн байнгын хороо болон Улсын Их Хурлаас “нүүрсний хулгай”-н асуудалтай холбогдуулан шийдвэр гаргах, цаашид ийм байдал гарах үүд хаалгыг хаах боломжийг бүрдүүлж, олон нийтийн хяналтыг бий болгож, анхаарлын төвд оруулж чадлаа. Цаашид баялгийн олборлолт, ашиглалт, экспортын асуудлыг төр, ард түмний хяналтад авах нь зүйтэй гэж үзэж байна. Шаардлагатай бол Улсын Их Хурал энэ асуудлаар холбогдох хууль тогтоомжийг нэн яаралтай дэгээр хэлэлцэж, Засгийн газар болон хуулийн байгууллагуудад бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах нь зүйтэй.
2.Улсын Их Хурлаас байгуулагдсан Хилийн боомтын асуудлаар Хянан шалгах түр хороо хилийн боомтуудаар нүүрс экспортлох, тээвэрлэх, мэргэжлийн хяналт, хил, гааль зэрэг холбогдох төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, нүүрсний гаалийн бүрдүүлэлт, гэрээ, үнэ тариф зэрэг олон асуудлыг хянан шалгаж, олон нийтийн дунд үүсээд байгаа эргэлзээтэй олон мэдээллийг тодорхой болгох шаардлагатай гэж үзлээ.
3.Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний үнийг олон улсын жишигт хүргэж, хил залгаа улсын хилийн үнээр худалдах, олон нийтийн хяналтад оруулах зорилгоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийг шуурхай баталж, цаашид Төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах хүрээнд Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай анхдагч хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэн баталж, энэ мэтээр улс орон, ард олноо, төсөв хөрөнгийг тонон дээрэмдэх хууль бус үйлдэлтэй Улсын Их Хурал ард түмнийхээ талд байж, хамтран тэмцэх шаардлагатай байна.
4. Монгол Улсын иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх хүрээнд 2012 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд шинээр хувьцаа эзэмшүүлэх, иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны тоог нэмэгдүүлэх замаар иргэдийн эзэмших хувьцааны хувийг нэмэгдүүлэх, ногдол ашгийг хуваарилах асуудлыг судлан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
5.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн засаглалыг сайжруулах хүрээнд компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүд, гүйцэтгэх удирдлагыг нээлттэй сонгон шалгаруулалтаар шалгаруулах, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй.
6.Цаашид төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгож, иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах, Тавантолгой ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас экспортод гаргах нүүрсийг “Монголын Хөрөнгийн бирж” ХК-аар дамжуулан ил тод нээлттэй худалдаалах зэрэг эрх зүйн орчныг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
7.”Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хилийн боомтуудыг нэгдсэн удирдлагаар хангаж, боомт дагасан суурьшлын бүсүүдийн дэд бүтэц, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх асуудлыг тусгасан Боомтын тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх шаардлагатай байна.
8.Хууль, хяналтын байгууллагуудад шалгагдаж байгаа “нүүрсний хулгай”-тай холбоотой гэмт хэргүүдийн мөрдөн байцаах ажиллагааг хугацаа алдахгүй яаралтай шийдвэрлэх, олон нийтэд зарлах, Монгол Улсын Их Хурлын 2022 оны 31 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч буй хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, цуглуулсан нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар сонсголд гэрч, хэргийн холбогдогчдыг оролцуулан хууль, хяналтын байгууллагаас нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллах шаардлагатай байна гэж танилцуулгад дурдсан байв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Ш.Адьшаа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Г.Тэмүүлэн Ц.Идэрхангай, Б.Бат-Эрдэнэ, Т.Энхтүвшин нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Мөн тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсголын үр дүнд иргэдээс ирүүлсэн мэдээ мэдээлэл баримт, бичлэгийг хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлснийг тодотгоод сонсголын үр дүнгийн талаар холбогдох байгууллагад үүрэг чиглэл өгөх, хяналт шалгалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр Улсын Их Хурлаас холбогдох тогтоолын төслийг боловсруулж, ирэх долоо хоногт хэлэлцүүлэхээр болсныг мэдэгдлээ.
Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгов
Хуралдаан Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох асуудлаар үргэлжилсэн. Энэ талаарх УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулав. Тэрбээр, УИХ дахь МАН-ын бүлгээс Улсын Их Хурлын дэд даргад Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Лхагвын Мөнхбаатарын нэрийг дэвшүүлснийг мэдэгдлээ.
Нэр дэвшигч Л. Мөнхбаатар нь 1977 онд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрж, 1985-1995 онд тус аймгийн Цэцэрлэг сумын 10 жилийн сургууль, 1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006-2008 онд “Отгонтэнгэр” их сургууль, 2015 оноос МУИС-ийн төгсөлтийн дараах докторантад суралцсан. 1999-2000 онд Хууль зүйн яамны Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газарт мэргэжилтэн, 2000-2006 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 2008-2009 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн дарга, улсын ерөнхий байцаагч, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, 2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2014-2016 онд “Хөвсгөл хөгжил” сангийн тэргүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байна гэв.
Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Л.Мөнхбаатарыг сонгох саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 73.9 хувь нь дэмжсэн тул “Монгол Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.
Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай танилцуулгыг сонслоо
Дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох тухай Монгол Улсын Ерөнхий сайдын танилцуулгыг сонсов.
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун Эрдэнэ танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлж, шинээр томилох нь зүйтэй гэж үзсэнээ мэдэгдээд Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг зохих журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулсан гэж байлаа.
Чимэдийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар томилуулахаар танилцуулсан.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуйн яамдуудын салбар дундын уялдаа холбоог нэгдсэн бодлогоор хангах, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг богино хугацаанд хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох зэрэг үндэслэлүүдийг харгалзан Эдийн засгийн хөгжлийн сайдыг Шадар сайдын түвшинд томилуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзлээ хэмээв.
Тэрбээр 1968 онд Увс аймагт төрсөн, 1986 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн II дугаар дунд сургууль, 1991 онд ОХУ-ын Ленинград хотын Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төлөвлөгөө, эдийн засагч мэргэжлээр, 1998 онд Австралийн Сидней Их сургуулийг эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1991-1992 онд Yндэсний хөгжлийн яаманд эрдэм шинжилгээний ажилтан, 1992-1995 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1998-2000 онд Эдийн засгийн бодлогыг дэмжих төсөлд ахлах эдийн засагч, 2000-2003 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх, 2003-2007 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2007-2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Түлш эрчим хүчний сайд, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2008-2009 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2009-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засаг, хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байна.
Хүрэлбаатарын Булгантуяаг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад томилуулахаар танилцуулсан.
Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, боомтуудыг авто замаар холбох, олон улсын жишигт нийцүүлэн бүх боомтыг хөгжүүлэх, Гашуун сухайт-Ганц мод, Ханги-Мандал, Шивээ хүрэн-Сэхээ боомтуудын нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлэх, нүүрсний экспортыг 45-50 саяд хүргэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлж чадна хэмээн итгэж, Сангийн дэд сайдаар ажиллаж байсан туршлагыг нь харгалзсанаа онцлов.
Х.Булгантуяа нь 1981 онд Архангай аймагт төрсөн, 1998 онд 1998 онд “Монгол Турк”-ийн хамтарсан гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын дунд сургууль, 2006 онд БНХАУ-ын “Хуазонг” Шинжлэх ухаан технологийн их сургуулийг эдийн засагч, 2008 онд АНУ-ын Иелийн Их сургуулийг эдийн засагч, олон улсын эдийн засаг, хөгжлийн эдийн засгийн магистрийн зэрэгтэй төгссөн. 2008-2010 онд Дэлхийн банкны төслүүдэд, зөвлөх, төслийн удирдагч, 2010-2012 онд “Оюу толгой” ХХК-д төслийн менежер, бизнес стратегийн ахлах зөвлөх, 2012-2013 онд “Петровис” ХХК-д Бизнес хөгжлийн газрын дарга, 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, хамтын ажиллагаа, төрийн бус байгууллагууд хариуцсан нарийн бичгийн дарга, 2016-2020 онд Сангийн дэд сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
Бэгзжавын Мөнхбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Цэрэнпилийн Даваасүрэнг томилуулахаар танилцуулсан.
Орхоны хөндий болон Хөшгийн хөндийд баригдах шинэ хотын бүтээн байгуулалт, нийслэл Улаанбаатар хотын гэр хорооллын хэсэгчилсэн дэд бүтцийг шийдвэрлэж, гэр хорооллын асуудлыг хөгжлийн шинэ шатанд гаргахад Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан болон улс төрийн туршлагыг харгалзан үзэж энэхүү томилгоог хийж байна хэмээв.
Тэрбээр 1964 онд Хөвсгөл аймагт төрсөн, 1983 онд тус аймгийн Мөрөн сумын 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1989 онд ЗХУ-ын Харьков хотын Политехникийн дээд сургууль, 1994 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институтыг Бизнесийн удирдлагийн менежер мэргэжлээр, 1998 онд Япон улсын Сайтомогийн их сургуулийг Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн. 1989-1992 онд Төвийн эрчим хүчний системд автоматикийн инженер, 1995-1999 онд Сангийн яамны Валютын харилцааны газарт мэргэжилтэн, 1999-2000 онд Сангийн яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, 1999 онд Сангийн яамны Эдийн засгийн бодлогын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2000-2005 онд Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын дарга, 2005-2008 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүү эдийн засгийн газрын дарга, 2005 онд Монгол Улсын Шадар сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2009-2010 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
Сэрээжавын Энхболдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж, Содномын Чинзоригийг томилуулахаар танилцуулав.
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог Нийгмийн даатгалын багц хууль, Хуримтлалын нэгдсэн сан, Баялгийн сангийн хуультай уялдуулан шинэ түвшинд гаргаж, салбарын эрх зүйн цогц шинэчлэл хийх, эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх оношилгоог эрчимжүүлэх, эрүүл мэндийн салбарт дэвшүүлсэн шинэчлэлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд улс төрийн туршлага нь бүрэн нийцнэ хэмээн үзсэн гэж байлаа.
Тэрбээр 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 1982 онд тус аймгийн Хужирт сумын дунд сургууль, 1986 онд МУИС-ийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр, “Отгонтэнгэр” их сургуулийг тус тус төгссөн. 1986-1988 онд Өвөрхангай аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1990-1992 онд Өвөрхангай аймгийн АДХГЗ-ны хэлтсийн дарга, 1992-1996 онд Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогч, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2000-2008 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, 2008-2010 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга, Төсвийн ерөнхий менежер, 2010-2012 онд Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх, 2013 онд МАН-ын Нийгмийн бодлого, хөгжлийн газрын дарга, 2014-2015 онд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд, 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2016-2018 онд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, 2017-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тус тус ажиллаж байна.
Ерөнхий сайдын танилцуулга болон шинээр томилогдож буй Засгийн газрын гишүүдээс Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Ц.Туваан, Ш.Адьшаа, Г.Амартүвшин, С.Одонтуяа, Б.Жаргалмаа, Ц.Туваан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд Засгийн газрын гишүүнээр томилогдсон сайд нарт, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед боомтын сэргэлтийн бодлогыг үндэсний түвшинд хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцүүлэхийн зэрэгцээ нүүрсний экспортыг эрчимтэй нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарах, нүүрсний хулгай нүүрлэсэн эл салбарт зоримог шийдвэртэй ажиллахыг захиж байлаа.
Мөн эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин, хөлсийг нэмэгдүүлэх, тус салбарын техник тоног төхөөрөмж, боловсон хүчний бодлогод онцгой анхаарах, эрүүл мэндийн байгууллагуудын гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олгох, хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дэмжихэд тодорхой шийдэл гаргаж, идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай талаар байр сууриа илэрхийлж байв.
Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөлөө
Хуралдааны төгсгөлд шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөх ёслолын ажиллагаа болсон.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнээр томилсон тухай Захирамжийг уншиж танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайдаар Чимэдийн Хүрэлбаатарыг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргад Хүрэлбаатарын Булгантуяаг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайдаар Цэрэнпилийн Даваасүрэнг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайдаар Содномын Чинзоригийг томилсоноо мэдэгдлээ.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр шинээр томилогдсон Та бүхэн дэлхий дахинд тулгамдаад буй цар тахал, геополитикийн хямралт цаг үед хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэж, эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгох зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох, цоо шинэ 30 жилийг эхлүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллана гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэж байна гэв.
Түүнчлэн сайд нарын ажлын гүйцэтгэлийг жил бүр үнэлж, хариуцлага тооцох зарчмыг Ерөнхий сайдын хувьд баримталж, олон нийтийн үнэлгээтэй уялдуулан ажиллана гэдгээ тэмдэглээд 2023 он цар тахал бүрэн дуусаж, эдийн засаг сэргэсэн жил байх болно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа онцоллоо.
Дараа нь сайд нар “Монгол Улсын Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангараг өргөв.
Үргэлжлүүлэн Төрийн сүлдэнд мэхийн хүндэтгэл үзүүлэн адис авч, холбогдох журамд заасны дагуу тусгайлан бэлтгэсэн ширээнд сууж, тангаргийн бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү тангаргийн бичгээ Улсын Их Хурлын даргад гардуулсных нь дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдгийг гардуулав. Засгийн газрын гишүүд тангараг өргөсний дараа нь Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэсэн.
Монгол Улсын Засгийн газрын гишүүд Улсын Их Хуралд тангараг өргөсөнтэй холбогдуулж Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тангараг өргөсөн гишүүддээ баяр хүргэж, төр, түмнийхээ төлөө зүтгэж, төрийн хуулийг биелүүлэх ажилд нь өндөр амжилт хүсэв.
Үүгээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.