Сангийн яамнаас 58,630 ААН-ийг Улсын бүртгэлээс хасах санал ирүүлжээ
Улсын бүртгэлээс хасах саналтай 58,630 ААН-ийн нэрсийн жагсаалтыг Сангийн яамнаас Улсын Бүртгэлийн Ерөнхий Газарт ирүүлжээ. Тодруулбал, санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасахаар аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг ирүүлсэн байна.
Хэрэв улсын бүртгэлээс хасуулахгүй тохиолдолд,
- Орон нутагт харьяа аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстээ
- Нийслэлд харьяалал харгалзахгүй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс болон нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандан албан хүсэлтээ өгөхийг Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас мэдээллээ.
УБЕГ уг жагсаалтыг 2022 оны аравдугаар сарын 28-нд цахим хуудсаараа нийтэд зарлажээ. Хуульд зааснаар нийтэд зарласнаас хойш тухайн ААН зургаан сарын дотор бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол тухайн хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах аж.
Иймд аж ахуйн нэгжийн нэр тань доорх жагсаалтад орсон эсэхээ шалгахыг тус байгууллагаас зөвлөлөө.
Хуулийн этгээдийн нэрсийн жагсаалт:
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Санхүүгийн тайлангаа найм ба түүнээс дээш улирал дараалан гаргаагүй, харилцагч санхүүгийн байгууллагад илгээж баталгаажуулаагүй хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасах талаар санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага өөрийн цахим хуудсаар нийтэд зарлах бөгөөд зарласнаас хойш зургаан сарын дотор бичгээр санал, гомдол гаргаагүй, дампуурлын хэрэг үүсгээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон өр, төлбөргүй бол уг хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна” гэж заажээ.