Амралтын өдрүүдэд Налайх, Шархад, Хайлааст, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос агаарын бохирдол, шахмал түлшний чанартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд, “Тавантолгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал, Нийслэлийн агаар орчны бохирдолттой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат, Цаг уур, судалгаа шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга н.Гомботүдэв нар оролцов.
Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр “Сүүлийн хоёр хоног Улаанбаатар хотод агаарын бохирдол нэмэгдсэн мэт дүр зураг та бүхэнд мэдрэгдсэн байх. Бидний үйл ажиллагаа, ахуй, бидний дулааны энерги авах технологиос ялгарч байгаа ялгарал агаарын бохирдлыг үүсгэх эх үүсвэр. Энэ нь цахилгаан станцууд, гэр хорооллын яндан, авто тээврийн хэрэгсэл, бидний хөдөлгөөнөөс ялгарсан агаар, газрын гадаргын тоосонцор энэ мэт олон хүчин зүйл Улаанбаатар хотын агаарын бохирдлын агууламж ихсэх нөхцөл боломжийг бүрдүүлдэг. Энэ талаас нь аваад үзвэл, хүйтний улирал эхэлсэн аравдугаар сараас хойш агаарын чанарын хувьд бага бохирдолтой гэдэг түвшинд нэлээн тогтвортой байгаад, ес эхэлснээс хойш агаар дахь температурын бууралт ихэссэн. Улмаар гаднах агаарын температур бидэнд дулааны эрчим хүч шаардсан түвшинд хүрсэн. Саяын хоёр өдөр аниверсын давхарга гэдэг агаар мандлын урвуу процесс бий болсон. Улаанбаатар хотын хувьд физик газар зүйн ийм онцлог процесс явагддаг.
Хүйтний улирал, ес эхлээд, их даралтын орон тогтоод, инверсийн давхарга тогтох нөхцөлд агаар орчин маш тогтуун, бараг салхигүй гэж хэлж болох төлөв байдалтай болдог. Дээрээс нь энэ их даралтын оронд буй Улаанбаатар хотын хонхорхойд хүйтэн агаарын массын тунарал үүсэх процесс явагддаг. Өөрөөр хэлбэл, газрын гадаргаас дээш 100 метр тутамд 0.06 хэмээр буурч байдаг процесс эсрэгээрээ газрын гадаргадаа хүйтэн, дээд мандалд тодорхой түвшинд хүйтэн агаарын масс гараад ирэхээр газрын гадаргад буй хүйтэн агаарын масс дээр бидний ялгаруулсан агаар мандлын бохирдуулагчид хүнд агаарын масс дотор тунараад, Улаанбаатар хотын хонхорхойд агаарын бохирдлын бөөгнөрөл, өтгөрөл бий болдог.
Энэ нь динамик хөдөлгөөнийхөө процессоор Улаанбаатар хотын газар зүйн нөлөөллийн, тухайлбал, уулын ам, хөндий, хотгор гүдгэрийн орчинд янз бүрийн төлөв байдалтайгаар оршин тогтнох нөхцөл байдал бүрэлддэг процесс сүүлийн хоёр хоногт болсон. Бидний бохирдуулагч ялгаруулж буй үйлдвэрийн, гэр хорооллын ялгарал дээр нэмэгдэл байгаль цаг уурын хүчин зүйл үйлчилж байгаа гэсэн үг. Энийг бид байгаль цаг уурын хүчин зүйлээр, агаарын бохирдлын, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй ялгарлыг үгүйсгэж байгаа, энэ утгаар тайлбарлах гэж байгаа оролдлого биш. Сүүлийн хоёр хоногт агаарын бохирдол хамгийн их, агууламж өндөр байлаа.
Тоон утгаар тайлбарлавал, агаарын бохирдлын их агууламжийг бид 2022 оны өдрүүдийг өнгөрсөн оны мөн үеийн өдрүүдтэй харьцуулсан үзүүлэлтээр хүхэрлэг хийг тоон үзүүлэлтээр аваад үзвэл 658 мг/м3 байсан нь 660 мг/м3 байлаа. Энэ жил хоёр мкгро кубын асар бага хэмжээний, өөрөөр хэлбэл өнгөрсөн оны түвшинд байжээ гэж үнэлж болохоор байна. Азотын давхар исэл 174 мг/м3 байсан нь 177 мг/м3 гэсэн хэмжээстэй байгаа нь агаар бохирдуулагч параметрүүд нь өнгөрсөн оны мөн үеийн түвшинд агуулгынхаа утгыг илэрхийлж байна. Цаг хугацааны хувьд минут, секундээр тасралтгүй хэмждэг багажаар хэмжигдэж байгаа учраас энэ хэмжилтийн мониторингийн багажийн үр дүн, шинжилгээний тоон агууламжид итгэхээс өөр арга байхгүй.
Улаанбаатар хотын агаарын орчин бага бохирдолтой гэсэн түвшинд байна. Хайлаастын ам, Зурагтын хөндий, Баянхошуу гэсэн уулын аманд агаар мандлын бичил процессын хуримтлал, бөөгнөрөл бий болоод, гэр хорооллын яндангаас ялгарсан ялгарал тодорхой, урт хугацаагаар оршин тогтнох алсын нөхцөл байдлаараа илүү их агууламж, тунарал, бохирдол ихтэй харагдах процессоор тайлбарлагддаг. Амгалан, Шар хад, Толгойт, Нисэх бохирдолттой гэсэн индексийн мэдээллээр тодорхойлогдож байна. Бусад орон зайд бага бохирдолтой гэсэн чанарын түвшин илэрхийлэгдэж байна” гэв.
120 мянган тонн түлш нөөцөлсөнөөс 40 мянган тонныг хэрэглээнд гаргаад байна
Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд “Энэ жил маш эртнээс буюу өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлж өвөлжилтийн бэлтгэлийг хангаж дөрвөн чиглэлээр ажилласан. Нэгдүгээрт, сайжруулсан шахмал түлшний түгээлт, тээвэрлэлт, борлуулалт, нөөцлөх, нөөцөлсөн түлшээ хамгаалах, цаашлаад түүхий нүүрс оруулахгүй байх, сайжруулсан түлшийг хотоос гаргахгүй байх хяналт шалтгалтын ажлыг давхар хариуцаж ирлээ.
Үүнтэй холбоотойгоор Эрчим хүчний яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, “Тавантолгой түлш” компанитай хамтарч ажиллаж ирсэн. Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын өндөржүүлсэн бэлэн байдлын захирамж гарсан. Энэ хүрээнд өвөлжилтийн бэлтгэл ажил руу орсон. Энэ хүрээнд шахмал түлш хэрэглэж буй гэр хорооллын нийт айл өрхүүдийн хэрэглээн дээр хяналт тавих ажлуудыг дүүрэг, хороод хамтран ажилласан.
Энэ оны хувьд 120 мянган тонн түлш нөөцөлж авсан. Энэ нь Улаанбаатар хотын бүтэн сар хагасын хэрэглээний нөөц. Одоогийн байдлаар бид нөөцөлсөн түлшнээсээ 40 мянган тонныг хэрэглээндээ гаргаад, 80 мянган тонн түлшний нөөцтэй байна.
Түлшний барьцалдуулагч мидлингийн нөөц 295 мянган тонн байна. Барьцалдуулагчийн нөөц 8300 тонн, 6.3 сая тонн шуудайны нөөцтай байна. Бид 5, 6 саруудад нөөцөлсөн сайжруулсан шахмал түлшээ нэг талдаа түлшний чанар талаас сэлгэх байдлаар борлуулалтын цэгүүд рүү түгээлтэд гаргаад, үйлдвэрээс гарч буй түлшээ нөөцлөх байдлаар түлшнийхээ чанарт анхааран ажиллаж байна. Өнгөрсөн жил Улаанбаатар хот 557 мянган тонн түлш хэрэглэсэн.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар энэ онд 509 мянган тонн түлш хэрэглэнэ. Нийслэлийн хэмжээнд буй 650 борлуулалтын цэгт 31 компанийн 300 гаруй тээврийн хэрэгсэл бүтээгдэхүүн түгээж ажиллаж байна. Өнгөрсөн жил 530 борлуулалтын цэг байсан, энэ жил нэмсэн, цаашид ч бид өндөрлөг цэгүүд, мөн гэр хороолын айл өрхүүд нэмэгдэж байгаатай холбоотойгоор нэмээд явж байна.
Дараа нь, хяналт шалгалтын ажил бий. Нийслэлийг тойрсон найман товчоон дээр Нийслэлийн онцгой байдлын алба, Экологийн цагдаа, МХЕГ-аас тогтмол хяналт шалгалт хийж, сайжруулсан шахмал түлшийг агаарын чанарыг сайжруулах бүсээс гаргахгүй байх дээр хяналт тавин ажиллаж байна” гэлээ.
ЦУОШГ-ын мэргэжилтэн Д.Өнөрбат “Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын хяналт шинжилгээний дүнгээр Улаанбаатар хотын агаарын чанар 2022 оны 12 дугаар сарын 26-аас 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрүүдэд 13-р хороолол, Баруун 4-н зам, Амгалан, Цахилгаан станц, Мишээл экспо, Зайсан, Ургах наран хороолол орчим “Бага бохирдолтой”, 100-н айл, Толгойт, Нисэх, Зурагт, 5-н буудал орчим “Бохирдолтой”, 1-р хороолол орчим “Их бохирдолтой”, Налайх, Шархад, Хайлааст, Баянхошуу орчим “Маш их бохирдолтой” түвшинд хүрсэн байна. Агаарын дундаж үзүүлэлт 2022 онд -3.3 градусаар илүү хүйтэрч, салхины хурд 0.7 метр секундээр нэмэгджээ. 2021 онд агаарын дундаж үзүүлэлт -18.5 градус байсан бол 2022 онд -21.8 градус байжээ.