УИХОнцлох

Төсөлд тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулах агуулгыг тусгажээ

   Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо өнөөдрийн (2022.12.27) хуралдаанаараа гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

   Эхлээд Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулах асуудлыг хэлэлцэв. Энэ талаар Байнгын хорооны дарга танилцуулсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нар асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явууллаа. Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 7 нь дээрх төсөлд эрх зүйн дүн шинжилгээ хийлгэн, дүгнэлт гаргуулахыг дэмжсэн юм.

Хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

   Дараа нь Засгийн газраас 2022 оны арван хоёрдугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

   Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх 2000 онд хуулиар зохицуулж эхэлсэн бөгөөд одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийг 2005 онд баталсан ба тус хуульд 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна. Төсөлд тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, тендер шалгаруулалтыг түргэн шуурхай зохион байгуулах, хариуцлагын тогтолцоог шинэчлэх үндсэн агуулгыг тусгажээ.

   Төсөл дэх зохицуулалтаар технологийн дэвшилд тулгуурлан тендер шалгаруулалт дахь хүний оролцоог бууруулна хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Засгийн газраас худалдан авах ажиллагааг үе шаттайгаар цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг 2011 оноос эхлэн тасралтгүй хийж байгаа боловч тендер шалгаруулалтыг цахим технологид тулгуурлан бүрэн шилжүүлэх шаардлага байсаар байна. Одоогийн байдлаар тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгаа бол үүнийг 70 хувьд хүргэх агуулгаар хуулийн төсөлд тусгалаа. Ингэснээрээ худалдан авах ажиллагаа дахь хүний оролцоог 60 хүртэл хувиар бууруулна гэж үзэж байна.

   Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулах талаар төсөлд тусгажээ. 2022 оны арван нэгдүгээр сарын байдлаар нийт 2,778 захиалагч байгууллагаас 15,792 тендер шалгаруулалтыг цахимаар зохион байгуулж байна. Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д нийт 16,780 хуулийн этгээд бүртгүүлэн тогтмол тендер шалгаруулалтад оролцож байгааг Сангийн сайд танилцуулгадаа дурдав. Улсын хэмжээнд бүх шалгаруулалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд захиалагч байгууллагын өдөр тутмын хэрэгцээт бараа, үйлчилгээг цахим дэлгүүрээс худалдаж авах, оролцоход хялбар, богино хугацаанд тендер шалгаруулалт зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд бүртгэлийн тогтолцоог захиалагч, аж ахуйн нэгж, бараа, үйлчилгээ зэргээр төрөлжүүлж, бүрдүүлэх юм байна.

   Худалдан авах ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэхээр холбогдох зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн материал болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгох юм байна. Мөн иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, санал хүсэлтийн дагуу гэрээний үүргийг хянах эрх зүйн орчныг бий болгох аж. Нөгөөтээгүүр гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгажээ.

   Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан гэдгийг Б.Жавхлан сайд танилцуулав. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор захиалагч тендерийн баримт бичиг боловсруулах болон тендерийг үнэлэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулах, хууль бус шийдвэр гаргасан захиалагч, үнэлгээний хороонд зайлшгүй хариуцлага хүлээлгэх, хариуцлагатай, чадвартай компанийг дэмжихийн тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, хуурамч материал бүрдүүлэн тендер шалгаруулалтад оролцдог хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр бүртгэж, олон нийтэд ил тод мэдээллэх юм байна. Тендерийн баримт бичигт тавигдах шалгуур үзүүлэлтийг тодорхой болгож, ингэснээр өрсөлдөөнийг хязгаарлаж бусдад давуу байдал олгох боломжийг багасгах, ач холбогдолгүй баримт материал ирүүлэхийг тендерт оролцогчоос шаардахыг хязгаарлах зохицуулалтыг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ.

  Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан эх оронч худалдан авалтыг дэмжих зорилтыг хэрэгжүүлэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Мөн дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө. Засгийн газар чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, чанартай, стандартад нийцсэн дотоодын барааг цахим дэлгүүрт байршуулж, төрийн байгууллагад тогтмол нийлүүлэх боломжийг хуулиар бий болгох юм байна.

   Төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авлаа. Тендер шалгаруулалттай холбоотой гомдол, маргааны зохицуулалт болон шууд гэрээ байгуулахтай холбоотой зохицуулалтын талаар Улсын Их Хурлын гишүүн Т.Амартүвшин тодруулж хариулт авав. Мөн тендерийн баталгааны нөхцөл өөрчлөгдсөн эсэхэд ажлын хэсгээс хариулт өглөө. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагддаг 5-6 төрлийн гэрээ жилд дунджаар 20-22 мянган тендер зарлагдаж, гэрээ байгуулагддаг байна. Үүний 5-10 хувь нь маргаан дагуулдаг байсан бол ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлний үр дүнд одоо 3 хувь болж буурчээ. Тендертэй холбоотой аливаа маргаан, гомдлыг Сангийн яам болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэж, эл шийдвэрийг хоёр тал хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхэд гомдол гаргах зохицуулалт хэвээрээ гэдэг хариултыг Б.Жавхлан сайд хариуллаа. Шууд гэрээ хийх нэмэлт нөхцөл төсөлд байхгүй гэдгийг тэрбээр онцлоод, харин одоо хэрэгжиж буй хуулийн зохицуулалтыг ил тод, эрсдэлүүдийг бууруулахаар болгон сайжруулж төсөлд тусгасан гэлээ. Тендерийн баталгааны 4 хувилбар байдгийг “чанарын баталгаа”-г хэвээр үлдээж, бусад гурван төрлийн баталгааг 2-4 дахин бууруулсан гэв. Тендерийн баталгаа төсөвт өртгийн 0.5 байхаар төсөлд тусгаснаас гадна тендерийн баталгааг банкны, эсхүл Монгол Улсын Засгийн газрын үнэт цаасны баталгаагаар, эсхүл Монгол Улсын даатгагчаас гаргасан баталгаагаар гаргах сонголтуудыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Шинээр, нэг эх үүсвэртэй худалдан авах ажиллагаа буюу төрд хэрэгтэй, зарим онцгой бараа, ажил үйлчилгээг цор ганц этгээд үйлдвэрлэдэг тохиолдолд тухайн этгээдтэй нэг эх үүсвэртэй худалдан авалт хийх гэрээ байгуулах боломжтой зохицуулалтыг төсөлд тусгажээ. Ш.Раднаасэд гишүүн, нээлттэй тендер шалгаруулалтын арга хэрэглэхгүй байх тохиолдлууд буюу төслийн 10.8, 10.10, 36.1 дэх зохицуулалтын талаар, мөн урьдчилан мэдэх боломжгүй гэж тодотгосон 35.1.1 дэх заалтуудын талаар лавлаж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, хариулт авсан. Байнгын хорооны гишүүд тендер шалгаруулалттай холбоотой маргааныг шуурхай шийдэх, нэг аж ахуйн нэгж тал талд тендерт оролцож, шалгардаг байдлыг хянах, ажил нь хийгдээгүй атлаа санхүүжилтээ бүрэн авчихсан байдаг тохиолдлуудыг шийдэх шаардлагатай гэдэг саналыг илэрхийлэв. Түүнчлэн худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явц нээлттэй биш, хариуцсан албан тушаалтны хариуцлагагүй байдлаас үүдэн аж ахуйн нэгж, ард иргэд хохирдог гэдгийг хэлж байв. Ийнхүү төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцээд, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад Байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн талаар сонсов

   Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг танилцуулсан.

   Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасыг төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр зөвхөн эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан Засгийн газрын үнэт цаасны арилжааны дэд бүтцийг бүрдүүлэх, Болзошгүй өр төлбөрийн төсөвт үзүүлэх нөлөөллийг үнэлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын өрийн удирдлагын тогтолцоог сайжруулж орчин үеийн чиг хандлагад нийцүүлэх зэрэг үндсэн 5 зорилтыг тавьж ажилласан байна.

   Ийнхүү стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд бид өрийн хэмжээг хязгаарт нь хүртэл тулгаж зээллэг хийхээс татгалзаж, аль болох гадаад өр, тэр дундаа бондуудын үлдэгдлийг төсвөөс тодорхой хэмжээгээр төлж барагдуулж ажиллалаа. Мөн барих-шилжүүлэх нөхцөлтэй концесс, векселийн өрүүдийг төлж барагдуулан, Засгийн газрын өрийн баталгаа гаргахгүй байх чиглэлийг тууштай баримталж ажилласнаар 2016 онд 78.8 хувь байсан дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх Засгийн газрын өрийн өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн үлдэгдлийн харьцааг 2019 онд 55.6 хувь, 2022 оны хагас жил гэхэд 50.1 хувь болгож бууруулаад байна. Өөрөөр хэлбэл 2016 оноос 2022 оны хагас жил хүртэл тус харьцаа ийнхүү 28 хувиар буурахад бодит эдийн засгийн өсөлт 12 хувь, бодит хүүгийн түвшин 18 хувь, баталгааны үлдэгдлээр 13 хувиар тус тус нөлөөлсөн гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Түүнчлэн, Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт заасан  зорилтуудын хүрээнд холбогдох арга хэмжээг авч ажиллахаар заасны дагуу дараах гол арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлжээ.

   Нэгдүгээрт, Засгийн газар 2020 онд 600 сая ам.долларын “Номад” бондыг олон улсын зах зээлд амжилттай арилжаалж, хугацаа тулаад байсан “Мазаалай” бондоос 367 сая ам.доллар, “Чингис” бондоос 201 сая ам.долларыг тус тус дахин санхүүжүүлсэн. 2021 онд 1.0 тэрбум ам.долларын “Сенчири” бондыг гаргаж, “Чингис” бондын 662 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 267 сая ам.долларыг дахин санхүүжүүлж Засгийн газрын өрийн дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулжээ.

   Тус өрийн зохицуулалтын арга хэмжээ болон төсвийн мөнгөн хөрөнгөөр 2019 оноос 2022 оны эхний хагас жилийн хооронд нийт 8.9 их наяд төгрөгийн хүү болон үндсэн төлбөрийг төлж барагдуулсан. Үүнд 2021 онд төлсөн “Мазаалай” бондын 133 сая ам.доллар болон 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр төлж барагдуулсан “Чингис” бондын 137 сая ам.долларын өр төлбөрүүд багтаж байгаа аж.

   Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Фитч, Мүүдийз, Стандарт энд Пүүрс агентлагуудтай тогтмол хамтран ажиллаж, дэлхийн олон орны зээлжих зэрэглэл буурч байгаа энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой түвшинд барьж, улмаар 2021 оны 3 дугаар сард Мүүдийз агентлаг B3 сөрөг зэрэглэлээс B3 тогтвортой түвшин рүү нэмэгдүүлсэн бол Фитч болон Стандарт энд Пүүрс агентлагууд 2022 онд олон улсад өрнөж буй зэвсэгт мөргөлдөөн болон цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлээс шалтгаалсан хямралын үе тохиосон боловч зээлжих зэрэглэлийн үнэлгээг 2022 оны долдугаар сард “B” тогтвортой зэрэглэлд хэвээр хадгалсан байна.

   Хоёрдугаарт, Засгийн газрын зүгээс хөгжлийн стратеги, бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлийн хүрээнд хөгжлийн түншүүдтэй хөгжлийн хамтын ажиллагааны дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэн Засгийн газрын шугамаар гадаад улс, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлээр нийгэм, эдийн засгийн үр ашигтай төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зарчмыг баримтлан ажиллаж байгаа юм байна.

   Стратегийн хэрэгжилтийн хугацаанд Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг бэлтгэл ажил хангагдсан, Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн баримт бичигт нийцсэн, эдийн засгийн үр өгөөжтэй, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүдэд санхүүжүүлэх арга хэмжээг баримталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан. Гадаад зээлийн хөрөнгөөр 2019 онд 70 төслийн хүрээнд 1.2 их наяд төгрөг, 2020 онд 87 төслийн хүрээнд 1.3 их наяд төгрөг, 2021 онд 80 төслийн хүрээнд 1.3 их наяд төгрөгийн ашиглалт гарсан байна.

   Түүнчлэн, 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн удирдлагын мэдээллийн нэгдсэн сан”-ийн цахим системийг шинэчлэн боловсруулснаар гадаад зээлийн төсөл, арга хэмжээг төлөвлөх, төсөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, санхүүжилтийн эрх нээх, нэгдсэн бүртгэл хөтлөх, хэрэгжилтийн явцад хяналт тавих, үнэлэх, тайлагнах бөгөөд цахим системийг шинэчлэн хэрэгжүүлснээр гадаад зээлийн төсөл, арга хэмжээний удирдлага, зохицуулалт сайжруулах, санхүүжилтийн үйл ажиллагааг шуурхай шийдвэрлэх,  хяналтыг өндөржүүлэх, үр дүнтэй хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх боломжийг бий болгожээ.

   Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй төслүүдийн ашиглалтын хувьд 3 төсөл тутмын 1 нь хугацаа сунгаж байгаа бөгөөд дунджаар 5 жилийн дотор хэрэгжиж дуусахаар байгаа боловч нийт төслүүдийн хувьд ашиглалтын хэмжээ 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа нь хангалтгүй үзүүлэлт юм. Иймд төсвийн ерөнхийлөн захирагчид 30 хувиас доош хэрэгжилттэй байгаа төслийг анхаарч авч үзэх шаардлагатай байгааг Б.Жавхлан сайд дурдлаа.

   Гуравдугаарт, Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжааг нэгдсэн цахим системээр явуулах ажлын хүрээнд “Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч болон хоёрдогч үйл ажиллагааны журам”-ыг шинэчлэн боловсруулж Засгийн газрын “Журам батлах тухай” 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 77 дугаар тогтоолоор батлуулсан. Мөн Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Аргачлал батлах тухай” 280 дугаар тушаалаар “Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үнэ, өгөөж, хүү тооцох болон арилжааны хуваарилалтыг хийх, Засгийн газрын дотоод үнэт цаасыг хоёрдогч зах зээлээс буцаан худалдан авах аргачлал”-ыг тус тус шинэчлэн баталжээ.

   Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд оролцогчдын бааз суурийг тэлэх зорилгоор Монголын Хөрөнгийн Биржийн шинэ системийг ашиглаж хувийн аж ахуйн нэгж болон иргэд хялбар аргаар үнэт цаас худалдан авах боломжийг бүрдүүлээд байгаа бөгөөд тус системийг 2023 оноос эхлэн ашиглаж эхлэхээр төлөвлөөөд байгаа аж.

   Дөрөвдүгээрт, Засгийн газар стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн хугацаанд Засгийн газрын өрийн дарамтыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангаж, төсөв, эдийн засагт учруулах эрсдэлийг бууруулах үүднээс арилжааны нөхцөлтэй гадаад, дотоод зээл авахгүй байх, Засгийн газрын өрийн баталгаа нэмж гаргахгүй, шинээр барих-шилжүүлэх нөхцөлтэй концессын гэрээ байгуулахгүй байх бодлогыг тууштай баримталж, 2016 онд Засгийн газрын өрийн 19.9 хувийг эзэлж байсан вексель, баталгаа, концессын үлдэгдлийг 2022 онд 4.9 хувь болгож бууруулсан байна.

Болзошгүй өр төлбөрийн төсөвт үзүүлэх эрсдэлээс сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2013 онд гаргасан Засгийн газрын өрийн баталгаат “Самурай” бондын төлбөрийг төлөх валютын эх үүсвэрийг тус банкны зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс бүрдүүлж, Монголбанкинд эргэн төлөгдөх хугацаанаас 1 жилийн өмнө байршуулжээ.

   Тавдугаар зорилтын хүрээнд, Засгийн газрын өрийн удирдлагын нөхцөл байдлыг олон улсын байгууллагаар үнэлүүлсэн бөгөөд тус үнэлгээнд үндэслэн 2020 онд “Өрийн удирдлагын тогтолцооны болон үйл ажиллагааны хөгжлийн төлөвлөгөө”-г олон улсын байгууллагын үнэлгээний дагуу хэрэгжүүлэх шаардлагатай 14 бүрэлдэхүүн хэсгийн хүрээний 94 арга хэмжээг тусгаж, баталсан болно. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлснээр Өрийн удирдлагын хууль эрх зүйн орчин, бодлого, стратеги, бүртгэл тайлагналт, хөрөнгө оруулагчидтай харилцах харилцаа дээрх 14 бүрэлдэхүүн хэсэг сайжрах, улмаар дотоодын болон олон улсын зах зээлээс хямд нөхцөлтэй эх үүсвэр татах нөхцөл бүрдэх, мөнгөний болон төсвийн бодлого, өрийн удирдлагын уялдаатай байдал сайжрах зэрэг олон эерэг үр дүнг үзүүлэх юм байна.

   Засгийн газрын өрийн багцын зорилтын хүрээнд өрийн зардал, дахин санхүүжилтийн эрсдэл, хүүгийн эрсдэл болон ханшийн эрсдэлийг үнэлж, өрийн бүтцийн зорилт тавьж ажилладаг. Стратегийн хэрэгжилтийн хугацаанд Засгийн газрын өрийн жигнэсэн дундаж хүү 1.4 хувиар буурч, эргэн төлөгдөх дундаж хугацаа 0.7 жилээр өсч, хүү шинэчлэгдэх дундаж хугацаа 0.3 жилээр тус тус уртассан сайн үзүүлэлттэй байгаа бол гадаад зээлийн ашиглалттай холбоотойгоор Засгийн газрын өрд эзлэх гадаад өрийн хэмжээ 4.2 хувиар нэмэгдсэн болохыг сайд мэдээлэлдээ дурдсан.

Монгол Улсын Засгийн газраас Өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичгийг хэрэгжүүлэх хугацаанд Ковид-19 цар тахлын улмаас эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгарсан ч Улсын Их Хурал, Засгийн газраас зохистой бодлого, багц арга хэмжээг  шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд бодлогын зорилт, үр дүнгийн үзүүлэлтүүдийг хангаж чадсан байна.

   Түүнчлэн томоохон зарим ахиц дэвшилтийг дурдвал, Засгийн газрын гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх байдлаар “Номад” болон “Сенчири” өрийн зохицуулалтын төслийг амжилттай хэрэгжүүлэн хүүгийн түвшинг түүхэнд байгаагүй бага дүнд хүргэсэн, цар талын хүндрэлтэй нөхцөлд өрийн дээд хязгаарыг төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасны дагуу зохистой төвшинд хадгалсан, цаашид илүү үр өгөөжтэй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гадаад зээлийг ашиглах боломжийг бүрдүүлжээ.

   Цаашид Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичигт тусгасны дагуу хэрэгжүүлж ажилласан Засгийн газрын үнэт цаасны төлбөрүүдийг эдийн засаг, төсөвт дарамт учруулахгүйгээр төлж, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулах, барих-шилжүүлэх төрлийн концесс, векселийн гэрээ байгуулахгүй байх бодлогыг үргэлжлүүлэн баримталж ажиллах юм байна. Тус зорилтуудаас гадна Засгийн газрын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хүрээнд эхлэн стратегийн ач холбогдол бүхий “МЕГА” төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргах, гадаад зээлийн хөрөнгөөр бодит эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлөх төслүүдийг санхүүжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, дотоод үнэт цаасыг арилжаалж, хөрөнгө оруулагчдын бааз суурийг нэмэгдүүлэх, Засгийн газрын дотоод үнэт цаасны жишиг хүүг тогтоох зорилтыг тавиад байгааг Сангийн сайд Төсвийн байнгын хорооны гишүүдэд танилцуулав.

   Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Х.Баделхан, Ц.Сандаг-Очир, Г.Тэмүүлэн нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Сонсож буй мэдээлэлтэй холбогдуулан төсвийн сахилга батыг сайжруулах, гадаад өр зээл, тусламжтай холбоотой засаглал, тогтолцоог сайжруулах шаардлагыг гишүүд дэлгэрэнгүй тайлбарлаад, үүнтэй холбоотой эрх зүйн шинэчлэл хийх ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн. Зээл тусламжийн хөрөнгийн ил тод байдлыг хангах, төлөвлөлт, зохицуулалт, хяналт, хариуцлагыг сайжруулахтай холбоотой арга хэмжээнүүдийг Байнгын хороо санаачлан, хэрэгжүүлнэ гэдгийг Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хэлсэн.

   Ийнхүү Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу Төсвийн байнгын хороо жил бүр Засгийн газрын өрийн удирдлагын дунд хугацааны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн талаарх Засгийн газрын тайлан, өрийн удирдлагын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг сонсож, хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version