Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.12.27/ хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.14 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай 2022 оны 80 дугаар тогтоол, Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсэг байгуулах тухай 2022 оны 16 дугаар тогтоолыг үндэслэн Зөвлөлдөх санал асуулгын ерөнхий төлөвлөгөөг хавсралтаар батлахаар төсөлд тусгасан хэмээн Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулав.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг асуулт асуусан.
Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулга бол төрийн бодлогод иргэдийн байр суурийг тусгах, иргэдийн өөрсдийнх нь төлөөллөөр дамжуулаад улс орны тулгамдсан асуудлаар шийдвэр гаргах маш чухал механизм. Монгол Улс 2017 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар анх удаа Зөвлөлдөх санал асуулга явуулж байсан. 2022 оны байдлаар сонгуулийн насны 2.1 сая иргэн байна.
Энэ удаагийн Зөвлөлдөх санал асуулгад оролцох иргэдийг түүвэрлэн сонгохдоо ямар аргыг баримтлах вэ хэмээн асуусан. Тэрбээр, Зөвлөлдөх санал асуулгад хөдөө орон нутаг, сум дүүрэг, баг, хороонд оршин суугаа иргэдээс Монгол Улсын нийт хүн амыг тэнцвэртэй төлөөлөх хэмжээнд сонгох ёстой гээд Зөвлөлдөх санал асуулгын гол асуулга болон арга зүйн тал дээр мэргэжлийн эрдэмтэдтэй хамтран ажиллахын чухлыг дурдсан.
Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, Зөвлөлдөх санал асуулгын нэг дэх шатанд оролцох иргэдийг Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу хамгийн сүүлийн удаа явагдсан Улсын Их Хурлын болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулиар гаргасан сонгогчдын нэрийн жагсаалтаас тохиолдлын зарчмаар сонгож авна. Түүврийн нэгжийг хот, хөдөө дэх нийгмийн янз бүхий л бүлгийг төлөөлөх чадвартай иргэдээр бүрдүүлэхээр ажиллаж байна.
Ажлын хэсгийн хурал дээр түүврийн нэгжийг бүрдүүлэхдээ олон нийтийн оролцоог хангаж, судалгаа шинжилгээний байгууллага, хэвлэл мэдээллийг нээлттэй оролцуулах чиглэлээр ярилцсан. 2023 оны 01 сарын 10-ны өдөр гэхэд түүврийг бүрдүүлнэ. Энэ үйл явцад мэргэжлийн байгууллагууд, судлаачид, хөндлөнгийн хараат бус шинжээчид хяналтыг давхар хийх юм. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуульд заасны дагуу Зөвлөлдөх зөвлөл асуултаа зохиох ёстой. Энэ тал дээр Үндэсний статистикийн хороо хамтарч ажиллана гэсэн хариулт өглөө.
Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн, Зөвлөлдөх санал асуулгын хамгийн чухал зүйлийн нэг бол санал асуулгын сэдэв юм. Цаг үеэ олсон, зөв шийдэл гаргахын тулд сэдвээ их оновчтой сонгох ёстой. Тийм учраас УИХ-ын 80 дугаар тогтоолд дурдсан сэдвийн хүрээнд нь хоёр том арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. 100 орчим эрдэмтэн, судлаач оролцохоор байгаа. Энэ үеэр улс орны нийгэм, эдийн засаг, эрх зүйн хүрээнд тулгамдаж буй ямар асуудал байна, түүнийг шийдэх гарц нь юу байна вэ гэдгийг тодорхойлно.
Дараа нь 01 дүгээр сарын 11-ний өдөр улсын хэмжээнд Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулган болно. Энэ чуулганы үеэр улс төрийн намууд, иргэний нийгмийн төлөөлөл, ТББ, иргэдээс ирж байгаа саналуудыг авч хэлэлцэнэ. Үүний үндсэн дээр Ажлын хэсэг, Зөвлөлдөх зөвлөлийн бүрэлдэхүүн хэлэлцэж сэдвээ гаргана. Тэрхүү сэдвийг УИХ батална. Тийм ч учраас сэдвийн асуудал дээр их ач холбогдол өгч байгаа. Сэдэв ач холбогдолтой болж байж улсад тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх арга зам гарч ирнэ гэсэн хариултыг өгсөн.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Н.Энхболд нар үг хэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Өнгөрсөн 30 жилд монголын нийгэмд тэгш бус байдал газар авч, баян хоосны ялгаа асар гүнзгийрсэн. Баялгийн хуваарилалт шударга биш болсон нь жагсаал цуглааны гол шалтгаан байсан.
Тийм учраас бид Зөвлөлдөх санал асуулгаар дамжуулаад иргэдийн санал, оролцоонд тулгуурлаж, 30 жилийн алдаа оноогоо засах механизмуудыг олох ёстой гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Энхболд, улс орны нийгэм, эдийн засгийн хямралтай холбоотой томоохон асуудлуудыг шийдэхдээ иргэдийн оролцоог аль болохоор бүрэн дүүрэн хангахын тулд зөвшилцлийн ардчилал гэдэг зүйл рүү шилжье гэсэн шийдэлд хүрч Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийг баталсан. Ингээд Зөвлөлдөх санал асуулгыг 2017 онд бид маш амжилттай зохион байгуулсан гэлээ.
Тэрбээр, тэр үед зөвхөн 2017 онд үүсээд байсан асуудал биш, түүнээс өмнө, ер нь Үндсэн хууль батлагдсанаас хойш тохиолдож байсан бүхий л бэрхшээл асуудлуудыг дүгнэж үзээд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй юм байна гэсэн агуулгаар санал асуулгыг явуулж байсан. Энэ удаад улс оронд тулгамдаад байгаа асуудлыг тодорхойлж, шийдлийг олохын тулд нийгмийн бүхий л давхарга, нас хүйсийн төлөөллийг оруулах тал дээр Үндэсний статистикийн хороо болон бусад байгууллагууд анхаарч, хариуцлагатай ажиллах ёстой гэлээ.
Эцэст нь санал хураалт явуулахад Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Ерөнхий төлөвлөгөө батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг эцэслэн баталлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.Хуваалцах: