Эрүүл мэндFocus

Шүлсээ хаях нь халдварт өвчин тархах эрсдэл болдог

Сүрьеэ нь сүрьеэгийн савханцар хэмээх нянгаар үүсгэгддэг, хүнээс хүнд амьсгалын замаар тархдаг халдварт, бүрэн эдгэрдэг өвчин юм.

ЯМАР ОРЧИНД СҮРЬЕЭГИЙН ХАЛДВАР ТАРХАХ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ ВЭ

Уг өвчнийг үүсгэдэг савханцар нян нь гадна орчинд маш тэсвэртэй -1-40 хэмд 50-аас дээш жил амьдрах тэсвэртэй, бохир ус, хөрс, харанхуй чийглэг орчин, ил хаясан нус цэрэнд удаан хугацаагаар амьдрах чадвартай аж.

Харин нарны шууд тусгалд НЭГ цаг, ариутгалын уусмалд ТАВАН цагийн дотор устдаг байна.

Сүрьеэгийн халдвар ханиад томууны адил нэг хүнээс нөгөөд амьсгалж буй агаараар дамжин халдварладаг. 

Сүрьеэгээр өвчилсөн хүн 15-20 хүнд халдвар тараах эрсдэлтэй бөгөөд ярих, амаа дарахгүй ханиах, найтаах, нус цэр, шүлсээ ил задгай хаяхад уг өвчний нян агаарт цацагдаж түүний ойр орчимд байсан хүмүүс энэхүү агаараар амьсгалснаар халдвар авдаг.

Сүрьеэ өвчний илрэх шинж тэмдгүүд:

Уушги, гуурсан хоолой, гялтангийн хам шинж:

  • Архаг ханиалгалт буюу 14 хоногоос дээш хугацаагаар ханиалгах,
  • Цэртэй ханиах
  • Цустай ханиах
  • Цээжээр өвдөх

Хордлогын хам шинж:

  • Шалтгаан тодорхойгүйгээр удаан хугацаанд халуурах
  • Шөнө хөлрөх
  • Хоолны дуршил буурах
  • Ядрах, сульдах
  • Турах

Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх:

Сүрьеэтэй хүн 

  • Эмчилгээгээ бүрэн төгс хийлгэх 
  • Эмчийн хяналтад тогтмол байх
  • Ханиаж найтаахдаа ам, хамраа дарах, амны хаалт зүүх
  • Гэр бүлийн гишүүдээ сүрьеэгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах.

Эрүүл хүн

  • Дархлаагаа сайн байлгах 
  • Тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зохицуулж ядрахгүй байх
  • Өрөө тасалгаандаа байнга агааржуулалт хийх
  • Архи тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах хэрэгтэй.

СҮРЬЕЭГИЙН ДАЛД ХАЛДВАР ГЭЖ ЮУ ВЭ

Ихэнх хүн сүрьеэгийн нян амьсгалж, халдвар авсан ч тухайн хүний дархлааны хүчээр нянгуудын өсөлт, үржлийг зогсоож чаддаг. Сүрьеэгийн нян идэвхгүй болж, харин тэд бие махбодод амьд хэдий ч унтаа байдалд удаан хугацаанд байх бөгөөд, хэзээ нэгэн цагт идэвхтэй болох чадвартай байдаг. Үүнийг сүрьеэгийн далд халдвар гэж нэрлэдэг.

Сүрьеэгийн далд халдвартай хүнд:

  • Ямар нэг шинж тэмдэг илрэхгүй,
  • Ямар нэг зовуурь шаналгаа байхгүй,
  • Сүрьеэгийн нянг бусдад тараахгүй,
  • Ихэвчлэн туберкулины арьсны сорил эерэг байдаг.

Сүрьеэгийн халдварын урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгээгүй тохиолдолд сүрьеэгээр өвчилж болзошгүй байдаг.

Сүрьеэгийн далд халдвартай ихэнх хүмүүс сүрьеэгээр өвчилдөггүй. Халдвар авсан хүн тодорхой эрсдэлт хүчин зүйлс нөлөөлсний улмаас 10 хувь нь сүрьеэгээр өвчилж, 90 хувь нь далд хэлбэрийн сүрьеэгийн халдварыг тээж, амьдралын аль нэг хугацаанд эрсдэлт хүчин зүйл нөлөөлсөн тохиолдолд сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй амьдардаг. Харин зарим хүмүүст, ялангуяа дархлааны систем султай хүмүүст идэвхтэй үржиж, сүрьеэ өвчин үүсгэдэг байна.

СҮРЬЕЭ ЭДГЭРДЭГ ӨВЧИН. 
 

Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version