МИКОнцлох

ОУВС: Ипотекийн хөтөлбөрийн зээлийг энэ оны эцэст дуусгах хэрэгтэй

УИХ, Засгийн газар 2023 оны төсвийг зөв шийдэхгүй бол Монгол Улсын эдийн засаг хүнд байдлаас ноцтойд шилжихийг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи мэдээлэв.

Тэрбээр, “Гадаад валютын нөөцөөс хамаарч инфляц нэмэгдэж байна. Монгол Улсын эдийн засгийн өсөлт ирэх онд 5 хувь гэж тооцоолсныг 4 хувь болгон төсөөлж байна. Мөн онд Оюутолгойн далд уурхайн үйлдвэрлэл эхэлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломжтой” гэсэн юм.

ОУВС нь Монгол Улсын Засгийн газраас цар тахлын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлснээр хямралыг даамжруулаагүй. Эдийн засаг нь сэргэж, дотоод эдийн засгийн идэвхжил сайн байна гэж дүгнэжээ. Манай улсаас БНХАУ руу гарч буй экспорт сайжирсан ч эдийн засгийн нөхцөл байдал амаргүй, инфляц их байгаа. Дэлхийн зах зээлд газрын тос, хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнээс гадна нийлүүлэлтийн хүчин зүйлээс хамаарч, дотоод эрэлт нэмэгдсэн нь инфляцийг өдөөх хүчин зүйл болжээ.

УИХ, Засгийн газраас өнгөрсөн 2 жилд бүх хүнийг хавтгайруулан дэмжлэг үзүүлж, тэтгэврийн доод хэмжээг нэмсэн нь сайнаар нөлөөлөөгүйг Ангана Банержи дурдаад, “Монгол Улс төгрөгийн ханш, гадаад валютын нөөцөд анхаарах хэрэгтэй. Сүүлийн үед экспортын орлого нэмэгдсэн ч импортын хэмжээ өссөөр байна.

Засгийн газрын зөвшөөрлөөр өнгөрсөн онд Монголын ТӨК-уд Хятадын ТӨК-тай гэрээ хийсэн нь Монголд хэрэгжүүлэх дэд бүтцийн төслүүд юм. Харамсалтай нь экспортын орлого нь гэрээний дагуу Хятадад үлдэж байна.

Монголбанк төгрөгийн ханшийг зах зээлийн нөхцөлд тогтвортой байх арга хэмжээ авч байгаа ч энэ асуудлыг дангаар шийдэж чадахгүй. Ирэх онд гадаадын хэд хэдэн бондыг эргэн төлнө. Иймд УИХ, Засгийн газраас шийдвэртэй арга хэмжээ авахгүй бол хүнд байдалд шилжинэ” хэмээв.

ОУВС-гийн ажлын хэсгийнхэн Засгийн газартай хэлэлцээ өрнүүлж, төсвийн төслийн тухай санал солилцжээ. Засгийн газар  нь төв банкаас хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжиж, ТӨК-иудын зардлыг танах хэрэгтэй. Эс бөгөөс төв банк бодлогын хүүг нэмснээр иргэд өр зээлээ төлөхөд хүндрэлтэй болохыг хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэж байлаа.

ОУВС дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:

  • Ипотекийн хөтөлбөрийн зээлийг энэ оны эцэст дуусгах хэрэгтэй. Хөтөлбөртэй холбоотой барилгын салбар идэвхтэй байгаагаас импортын эрэлт нэмэгдэн, валютын нөөц багасаж байна. Өнгөрсөн 3 жил үүнийг хязгаарлах арга хэмжээ аваагүй.
  • Ирэх оны төсвийн төслийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгохыг дэмжиж байна. Энэ хэмжээгээр валютын нөөцөд дэмжлэг болно.
  • Засгийн газраас олгож буй хүүхдийн мөнгөний хөтөлбөрийг зорилтот бүлэгт шилжүүлье. Орлого сайн өрхүүд инфляц өссөн хүнд байдлыг даван гарах боломжтой.
  • УИХ-аас хөрөнгө оруулалтыг эргэн харж эрэмбэлэн, ил тод болгох шаардлагатай. Үр өгөөжтэй төслөө үлдээж, онц шаардлагагүйгээ зогсоон, мэдээллийг нь нээлттэй хүргэе. Энэ төслийг яагаад заавал хэрэгжүүлэх ёстой тайлбараа хийх хэрэгтэй. Төсөл хэрэгжүүлэхийн тулд импорт ч нэмэгдэж, валют гадагш гарна гэв.  
Таг

Холбоотой мэдээ

Back to top button
Exit mobile version